Хойд Солонгост өчигдөр интернэт тасарсан тухай Америкийн “Dyn Research” компани мэдээлжээ. Хойд Солонгост 24 цагийн турш интернэт тасарч, Пхеньян цахим ертөнцтэй бүрэн холбоогүй байгааг “Dyn Research” компанийн захирал Дуг Мадори мэдээлэв. Хойд Солонгост интернэт тасарсан шалтгаан тодорхойгүй байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг ямар нэгэн кибер үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Sony Pictures” компанийг хакердсаны хариуд Хойд Солонгост хариуг барихаа амласан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Вашингтон Хятадаар дамжсан Хойд Солонгосын интернэтийн сервер, хүлээн авагчийг хааж өгөхийг Бээжингээс хүсчээ. АНУ-ын албаныхан “Sony Pictures” компанийг хакердсан хэрэгт Хойд Солонгосыг буруутгаж буй юм. Тиймээс Хятад дахь Хойд Солонгосын хакеруудыг илрүүлж, эх орон руу нь буцаахыг ч Бээжингээс шаарджээ.