Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг бэр шиг Ардын намыг нэг мөр богтлооч ээ?

Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр хамтран ажиллах гэрээнд өнгөрөгч баасан гаригт гарын үсэг зурна гэж байсан ч түр хойшилсон. Гэхдээ өнөө маргаашгүй гарын үсэг зурах байх. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахаар ажлын хэсэг байгуулсан цаг мөчөөс буюу сүүлийн үед өрнөж буй улс төрийн дүр зургаас нэг зүйл ил цагаан анзаарагдаж эхэллээ.

Түүнийг зүйрлүүлж хэлэх юм бол айлын босго алхсан бэр долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд буцаад гүйдэг дээ. Шинэ бэр буцаж гүйсэн сургаар хадмын талынхан, нутаг усныхан яав ийв гээд сураг ажиг тавитал бэр инжээ голсон сурагтай. Инжиндирсэн хонин дотор нь хамуутай төлөг хүртэл байсан гэнээ гэж дуулддаг. Түүн шиг Ардын нам, Ардчилсан намын засагт шинэхэн бэр болж ирчихээд долоо ч хонолгүй буцаад гүйдэг байна шүү. Өнөө инжнийх нь хонь хамуутай төлөг гэдэг шиг ямар нэгэн “но” байж таарах нь. Төрхөмдөө буцаад ирсэн бэрийг төрсөн эцэг эх нь “Долоо ч хонолгүй ирээд байхдаа яадаг юм. Улс амьтнаас санаа зовдоггүй хэрэг үү. Эх эцгийнхээ нэрийг бодсонгүй юу” гээд хавьтуулалгүй тас загнаад хөөгөөд явуулдаг.

Гэтэл хүүхдээ тэврээд шогшоогоороо ирсэн хүүхнээ уруу татаж, хошуу холбож аваад чал чал хийсэн шар чавганцууд гэж бас бий. Юмны наад цаад нарийн ширийн учрыг ойлгохгүй, элдэв бусыг ярих чавганцуудтай адил гээд зүйрлүүлчихэж болохоор хүмүүс Ардын намд байнаа. Тэд “шинэхэн бэр”-дээ “Ардчиллыханмуухай,угаасаа удам судар муутай хүмүүс, өмч хувьчлалаар баяжсан хэдэн хар юмнууд байдаг” гэх утгатай үгсийг хэлж уруу татан, дөгөөж байна. Ийм хүмүүсийн тоонд Их хурлын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаярнар лав багтана. Нямдорж, Хүрэлбаатар хоёр эхнээсээ эсрэг байгаагаа мэдэгдэж хэвлэл мэдээллээр баахан ярьсан. Өнөө чал чал хийсэн чавганцууд бэрдээ ухуулдаг шиг л ярьсан. Хаянхярваа мөн эсрэг байгаа гэдгээ мэдэгдэж засагт хамтрах намынхаа ажлын хэсгээс нэрээ татаж байсан.

Эдгээр нөхөд “шинэ бэр”-ийнхээ сэтгэл зүйгээр тоглож элдэв баахан пиар хийж өөрсдийгөө нийгэмд тодруулах гэж оролдохын оронд төрсөн эцэг эх шиг нь тас загнаад буцаад хөөгөөд явуулах нь зүйд нийцэх байлаа. Тэгээд Сайханбилэгийн шинээр төвхнөж байгаа “гэр бүл”-ийг элэг бүтэн болгох байв.Ардын намыг шинэ засагт хамтарч буйг ард олон сандал ширээ, албан тушаалын төлөө гэж харахгүй байгаа. Ажлаа хийж чадахгүй байгаа ардчилсан засагт орж, ажил нь доголдоод байгаа яамдыг идэвхжүүлэхээр, эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахаар, эх орон ард түмэндээ тус нэмэр болохоор энэ засагт хамтарлаа гэж ойлгож байгаа.

Гэтэл Ардын намын нөхөд хэзээний сурсан зангаараа ард түмний ядуурал дээр тоглож, зовлон гачаал дээр нь дөрөөлж өөрсдийгөө ирэх сонгуульд бэлдэж буй нь сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас ил тодорхой харагдаж байна. Яамдын дэд сайдын томилгооноос аваад л МАН-ынхан үхэн хатан чичирцгээсэн. Бүлгийн дарга нь хусмаа чамлаж байгаа хүүхэд адил байн байн гомдоллосон, тунирхал тунирхалд автсан мэдэгдэл өдөр дараалан хийгээд эхэлсэн. Дэд сайдуудын хэрүүл маргаан дуусаагүй байтал төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох асуудал мөн л хэрүүл уруул дагуулж, “чинийх долоо минийх долоохон” гэдэг шиг Ардын намынхны албан тушаалын хэнээрхлийг ард түмэн ч ойлгохоо байж, гайхашралаа барахад хүргэв. Яамдын гол тулах цэг нь болсон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж эхлэхтэй зэрэгцээд л өнөө хэд чинь уйлж дуулаад, гомдож туниад эхэлж байгаа юм.

Засгийн газрын танхимын гишүүд нь хүртэл ажил хийхгүй хэмээн улс төржсөн нь арай хэтэрсэн хэрэг боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өөрийнхөө яамны төрийн бичгийн даргыг ажлыг нь хийлгэхгүй гэдгээ улс орон даяар мэдэгдсэн. Тэрээр “Төрийн албан хаагчийн асуудал дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй гээд Ерөнхий сайд алхаа цохисон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал” гэлээ. Нөгөө Засгийн газар нэг удирдлагатай байх, Ерөнхий сайдынхаа үгэнд орж танхимын зарчмаар ажиллана энээ тэрээ бүүр өнгөрсөн асуудал боллоо. Нэг сайд нь УИХ-ын гишүүн шиг гарч ирээд мэдэгдэл хийгээд байхлаар энэ засаг ер нь цаашид ажиллах уу. Ардын намынхны албан тушаалын хэнээрхэл цаашлаад аймаг руу, бүр сум дүүрэг рүү орвол юун улс орны хувь заяа, эдийн засаг эрчимжих вэ. Бүр дампуурлын дээд цэгтээ хүрч, Монгол Улс элгээрээ харуулдах нь дамжиггүй.

Ардын намынхан албан тушаал эрх мэдэлтэй болж, зүгээр л сонгуулийн шоу хийх гэж засагт хамтарсан нь нэгэнт ойлгомжтой боллоо. Сайханбилэгийн засгийг яагаад ч ажил хийлгэхгүй нь. Хамтарсан хэд нь дотор нь хагаралдуулж хооронд нь өширхүүлж өөрсдийнхөө тоглолтыг хийгээд, хамтарсан засгийг дэмжихгүй байгаа нөхөд түүнийг нь дэвэргэсэн пиар гадна талд нь хийгээд үлдсэн хугацааг дуусгах юм байна л даа. Эдийн засгийг бүр туйлдуулж, эх орноо элгээр нь харуулдуулчихаад санаа нь амрах бололтой. Тэгээд ирэх сонгуулиар “Ард түмэн минь харсан биз. Ардчилсан хүчин улс орныг ийм болголоо. Тэд засгийн эрхэнд гарахаар ингэдэг юм” гэж шоудах нь. Гэвч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон.

Ардчилсан нам номхон Энхболдыг ногтлоод авсан дээрээ хүч түрж бүр богтолж авах хэрэгтэй. Түүнээс “шинэ бэр”-ийг буцаж гүйлгээд айл ч биш, амьдрал ч биш хоёрын хооронд, гурвын дунд үлгэн салган байх нь утгагүй. Үнэндээ ногтолсон бол ногтолсон шигээ, улмаар дугтарсан бол сөгдтөл байлгаж улс орны ажил төрлийг шуурхайлуулмаар байна.

Ардын намынхан хэзээнээсээ шинэчлэлийг улдан чангааж ирсэн. Түүгээрээ зартай. Ажил хийж, шинэшинэлэг зүйл эхлүүлье гээд ханцуй шамлан дайрахаархойшоо сууж гэдийгээд цахалчихдаг. Одоо тэднийг улс орны хувь заяанаас улдан чангаах биш бүр зүтгүүр шиг араасаа махран зүтгүүлэх хэрэгтэй шүү дээ. Тиймийн учир Ардчилсан нам ямар ч үед эрмэг зоримог байж, аливаа асуудалд эрсхэн хандах нь чухал. Наад зах нь гэхэд Их хурал дахь намынхаа бүлгийг туршлагатай, тулхтай буурьтай, үг нь хэдийд ч үнэ цэнэтэй байдаг эрчүүдээр удирдуулах хэрэгтэй. Эл бүгдээ Ардчилсан нам алхам тутамдаа тооцохгүй наль наль хийсэн байдалтай байх аваас Ардын намынхны тоглолтод хэдийнэ автах нь мэдээж.

Ер нь Засгийн эрхийг барьж буй хүчин гэдгээрээ Ардчиллын нөхдүүд толгой дээгүүр байж улс орноо удирдаачээ. МАН-ын хавханд орж, “шинэ бэр”-ийг буцааж гүйлгэн гуйж гувшихын оронд улс орны эрх ашгаас намынхаа эрх ашгийг хэдийд ч дээгүүр тавьж, ард түмнийхээ зовлонгоор тоглолт хийн албан тушаал, ширээ сандлаас зууралдаж ирсэн Ардын намыг ирэх сонгуулийн өмнө татан буулгах бололцоо Ардчилсан намд бий. Шүүхэд өргөн мэдүүлээд л Ардын намыг татан буулгачих шалтаг шалтгаан ньнээлттэй. Ардын намыг шүүхээр татан буулгуулах баримт материал үнэндээ он он жилүүдээрээ хавтаслагдаж байна даа.

Мөн улс төрийн дүр зураг нөхцөл байдлаас бас нэг зүйл анзаарагдаж байгаа нь том бүлэг буюу бүдүүн бүлэг байгуулах гарц байгаа юм. Улс төрийн томоохон хүчнүүдийн лидерүүдийг багтаасан бүлэг байгуулах нь өнөөгийн нөхцөл байдалд таарч тохирч болох талтай. Бүдүүн бүлэг байгуулаад амжилт олсон бэлээхэн жишээ гадна дотногүй бий. Хэрвээ бүдүүн бүлэг байгуулчихвал олон зүйл шахагдана. Хүүхдээ тэврээд шогшоогоороо ирсэн хүүхнээ уруу татдаг чал чал хийсэн чавганцтай ижил нөхдийг намынх нь бүлгээс хасуулах статусыг нь бууруулахгээд асуудлууд ургаад ирнэ. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан хүчин ийм ийм зүйлийг бодож төлөвлөж, буурьтай суурьтай алсын бодолтой байж улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэмээр байна.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *