Ирэх сард буюу 2015 оны нэгдүгээр сард 500 гаруй сая ам.доллар орж ирэх нь тодорхой болжээ. Тэгэхээр 1900 давж сандаргах гээд байгаа ам.долларын ханш оны эхээр лав өсч сандаргахгүй нь. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш аажмаар унаж эхэлсэн нь ч ийм учиртай аж. Ногоон валютын ханшийн бага ч гэсэн уналт валютын дотогшлох урсгал сэргэсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн сарын байдлаар гадаад худалдаа 358 сая ам.долларын ашигтай гарсан гэж статистикийнхан мэдээлсэн. Тэдний дуулгасан өөдрөг мэдээ энэ сард ч үргэлжилнэ гэсэн таамаг байна. Гадаад худалдааны ашиг өмнөх сарынхаас мэдэгдэхүйцээр нэмэгдэх нь тодорхой болжээ. Энэ сард гэхэд Хөгжлийн банк, арилжааны банкууд 320 сая ам.долларын зээл босгож оруулж ирэх юм байна. 160 сая ам.доллар нь ороод ирчихсэн аж. Үлдсэн 160 сая нь сардаа багтаад орж ирэх гэнэ. Ирэх сард орж ирэх 500 сая ам.долларт “Энержи ресурс”-ийн хувьцаа гаргаж оруулж ирэх 200 сая ам.доллар багтаж байгаа юм байна. Үүнээс гадна Хөгжлийн банк 250 сая ам.доллар ч багтаж буй. Арилжааны банкуудын хувьд 100 сая ам.доллар оруулж ирэх нь. Ямартай ч ам.доллар 1900 давж сандаргахааргүй нөхцөл байдал бүрдээд эхэлчихэж. Өчигдөр гэхэд “Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1885 төгрөгөөр авч, 1893 төгрөгөөр зарж байна.
Ц.СҮРЭН