Categories
мэдээ цаг-үе

Парист зарагдсан Ногоон дарь эх нь Чойроос алдагдсан, өөрийнхөө хаана байгааг дуулгадаг гэх бурхан мөн үү

-АЛДАГДСАН БУРХАН НЬ ПАРИСТ ЗАРАГДСАН ТУХАЙ ЯРИА ЦАГААНДЭЛГЭР СУМААР НЭГ ЯРИА БОЛЖЭЭ-

Парист дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар зарагдсан Занабазарын хийцийн ногоон дарь эхийг 2011 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхан гэдэг шуугиан дэгдсэн юм. Алдагдсан, зарагдсан хоёр бурхны өнгө, хэмжээ, байдал нь тун төстэй байсан нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Занабазар судлаачид, эрдэмтэн мэргэд ч ингэж таамаглаж байгаагаа ярьсан юм. Хэрвээ Чойрын хийдээс алдагдсан Ногоон дарь эх Парист зарагдсан бол бид ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцийн есдүгээр зүйлд заасны дагуу хулгайлагдсан болон хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг эргүүлэн авчрах, буцаан өгөх хоёр талын гэрээ хэлэлцээрийн дагуу буцаагаад авах эрхзүйн бүрэн боломж байгаа юм. Харин Парист зарагдсан Ногоон дарь эх хууль ёсны дагуу эзэндээ очиж, тэдний үр хүүхдэд өвлөгдөн дуудлага худалдаанд очсон бол манайх Занабазарын Ногоон дарь эхийг “Манайх юм” гээд нэхэхэд хүндрэлтэй аж. Бидний уулзсан урчууд, судлаачид дуу нэгтэйгээр “Парист дуудлага худалдаагаар зарагдсан бага Ногоон дарь эх бол яах аргагүй Занабазарын хийц. Үүнд хуулбар, эсвэл Занабазар сургуулийнх гэх боломж байхгүй. Олон шинжээчид тогтоож байж дуудлага худалдаагаар зарагдах эх үүсдэг. Гэхдээ 4.3 сая ам.доллараар зарагдсан энэ бүтээлээс хэд дахин илүү үнэтэй, гайхамшигтай бурхад Монголд хадгалагдаж байгаа. Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа хорин нэгэн дарь эхийн үнэлгээ нь хэдэн арван тэрбум еврогоор үнэлэгдэнэ. Гэтэл музейн байр, хадгалалт хамгаалалт нь даанч дээ гэмээр. Занабазарын хийц Монгол хүний үнэлэмжийг дэлхийд таниулсан сор юм шүү дээ” гэцгээж байсан юм.

“1950-ААД ОНД ГАРСАН НЬ ЮУ Л БОЛ”

Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг тусгайлан судалдаг судлаач манай сонинд хандсан юм. Тэрбээр мэргэжлийнхээ дагуу төрийн байгууллагад ажилладаг гэх шалтгаанаар нэрээ нууцлахыг хүссэн. Түүний ярьсныг хүргэе.

-Парист зарагдсан Ногоон дарь эхийг Уан Клаудэ Моро Гоборд гэдэг хүн 1954 онд худалдаж авсан гэсэн. Тэр үед Монголоос гарсан байх магадлал бий юү?

-Тухайн үед төр засгийн шугамаар ирсэн гадны нөлөө бүхий хүмүүст бэлэг өгдөг байсан. Гэхдээ Өндөр гэгээний хийцийг өгч байсан нь юу л бол. Тэр үед шашны эд зүйл үнэгүй, хориотой байлаа шүү дээ. Бурхан хүнд өгөх бүүхэл ном өгсөн хүн шоронд орж байсан үе. Бэлгийг нь хийдэг урчууд Лениний хөргийг сийлэх юм уу, тиймэрхүү зүйл хийж бэлэглэдэг байсан.

-Өндөр гэгээний бүтээлүүд олон улсад хэр их тарсан байдаг бол. Бусад улсаас авсан байх магадлал бий юү?

-Өндөр гэгээний үед Ар, Өмнөд, Халх Монгол нэгдмэл улс байсан. Хаана нь ч, аль ч хийдэд бүтээлээ тууривах боломж байсан. Өндөр гэгээн Өмнөд Монголд гэхэд 20-иод жил заларсан. Тэгэхээр бүтээлүүд нь хаа сайгүй байхаас аргагүй. Бас их хэлмэгдүүлэлтийн үед халх Монголоос хэдэн мянган тайж, ноёр дүрвэсэн гэдэг. Тэд шүтдэг бурхан тахилаа аваад явсан байж таараа. Ингэж үзвэл Өндөр гэгээний бүтээл зөвхөн Монголд байна гэсэн ойлголт байхгүй.

-БСШУ-ы сайд ажлын хэсэг байгуулж бурханыхаа араас хөөцөлдөнө гэж мэдэгдсэн. Найдлага бий болов уу?

-Хөөцөлдөх ёстой. Монголын гайхамшиг хууль бусаар бусдын гарт очиж уу, үгүй юу гэдгийг тодруулах нь зөв. Манай улс Өндөр гэгээний бүтээлийг хэзээ ч худалдаж байгаагүй. Тиймээс манай улсаас гарсан нь батлагдвал эргэж авах боломж бүрдэнэ. Харин өөр улсаас авсан, хууль ёсных байвал маргаан үүсгэхэд хэцүү л дээ.

-Гурван жилийн өмнө Чойрын хийдээс алдагдсан ногоон дарь эхийг Парист зарагдсан бурхан гэж таамаглаад байгаа.

-Би ч тэгж таамаглаад баярлах шиг болсон. Хэрвээ тийм бол хуулийнхан ажиллаад эхэлчихсэн байх. Чойрын хийдийн Ногоон дарь эхийг хараагүй болохоор харьцуулж мэдэхгүй юм. Хил гаалиар юуг ч нуугаад аваад гарчих боломж байгаа. Хууль бусаар чулуу, бурхан гаргалаа л гэж ярьж байдаг шүү дээ. Тэгэхээр хулгайлагдсан бурхан гадаадад гарчихсан байгааг үгүйсгэхгүй. Бас дуудлага худалдаа зохион байгуулсан компани бүтээлийнхээ намтрыг өөрчилж бичих боломж бий. Шинжээчид тухайн бүтээлийн хийц, орц, загварыг шинжлээд тогтоодог. Хаанаас, яаж авсаныг дураараа өөрчлөх боломжтой. Т-батаарыг л гэхэд хууль ёсных гэсэн баримт байсан, нөгөө тал багагүй маргасан шүү дээ гэв.

“АЛДАГДСАН БУРХАН МИНЬ ЗАРАГДЧИХАВ УУ ГЭДЭГ ЯРИА МАНАЙ СУМААР НЭГ БОЛЛОО”

Дунговь аймгийн Цагаандэлгэр сумынхантай холбогдоход ингэж уулга алдсан юм. Парист Занабазар хийцийн Ногоон дарь эх бурханыг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаарх “Өдрийн сонин” дээрх мэдээллийг уншаад захиргааныхан “түргэн” авчээ. Манай сонины www.admin.dnn.mn цахим хаяг дээрээс зургийг нь татаж аваад бурхан мэддэг хөгшчүүд рүүгээ давхиж очиж. Гурван жилийн өмнө Баруун Чойрын хийдээс алдсан Ногоон дарь эх нь биш байгаадаа гэж сандарцгаасан нь тэр. Настнууд “Бараг л мөн дөө” гэж таамаглаж. Цагдаа нарт өнөөх зургаа үзүүхэд “Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Хулгайлагдсан соёлын өвийг Интерпол бүртгээд авчихсан. Дуудлага худалдаа зохион байгуулж байгаа компани хулгайд эд зүйл зарахгүй байх” гэдэг тайлбарыг өгч. Ногоон дарь эхийн гурван талаас нь авсан зургийг Чойрын хийдийн Да ламдаа үзүүлэхэд “Их төстэй юм. Гэхдээ биш байна. Манай бурхантай харьцуулахад хийц тааруу эд байна” гэж хэлснээр шуугиан намжаад байгаа гэнэ. Энэ тухай сумын иргэн “Танай сонины мэдээлэл биднийг сум даяар нь шуугиулчихаад байна. Да лам биш гэсэн болохоор итгээд л байж байна. Цагдаа нар хайж байна, эрэн сурвалжилж байна л гэдэг. 2012 оны эхээр олчлоо гэдэг шуугиан дэгдсэн. Телевизийн доогуур урсдаг мэдээгээр хүртэл тэгж гарсан шүү дээ. Олоогүй байж ямар зорилгоор тэр мэдээллийг тараасныг мэдэхгүй юм. Хосгүй үнэт бүтээлээ алдчихаад цагдаа нар арай л хойрго ажилаад байна даа. Одоо бид цагдаа нарт итгэхгүй байгаа. Харин Ногоон дарь эх минь өөрөө хэл дуулгана гэж хүлээж сууна” гэсэн юм.

“НОГООН ДАРЬ ЭХ НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН ГАРТ БАЙГААГАА ХЭЛСЭН”

Гурван жилийн өмнө манай сэтгүүлч алдагдсан бурхны мөрөөр Цагаандэлгэр суманд сурвалжлага хийхэд ч нутгийнхан бурхнаа өөрөө ирнэ гэж ярьж байсан. Одоо ч үүнийгээ ярьсаар байна. Чойрын хийдийн Ногоон дарь эх өмнө нь гурван удаа алдагдахдаа өөрөө хулгайчаа барьж өгсөн гэдэг яриа сумынхны дунд байдаг. Сумынхны ярьснаар 2006 оны хавар Цагаандэлгэр сумын ИТХ-ын дарга О.Батсүх Ногоон дарь эхийг солиход тэр шөнөө Чойрын хийдийн хамба Н.Рэгзэнгочоогийн зүүдэнд Ногоон дарь эх үзэгдэж “Би байрандаа байхгүй байна” гэж хэлжээ. Хамба маргааш өглөө нь бурхнаа эргээд солигдсон байхыг харж цагдаад өгснөөр хулгайч баригдсан гэдэг. Дараа нь нутгийн гурван залуу гэгээн цагаан өдөр хийдээс Ногоон дарь эх дээрэмдээд бүтэлгүйтсэн байдаг. Сүүлд 2008 онд “Хожиндой” хочит Батжаргал, “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нарын бүлэг хулгайчид Ногоон дарь эхийг хулгайлаад сумаас гарч чадалгүй машиных нь мотор цохиж баригдсан гэдэг. Үүнээс үүдэж сумынхан “Ногоон дарь эх бурхан минь хулгайчийг өөрөө бариад өгчихдөг” гэж ярьдаг юм билээ. Харин 2011 онд хулгайлагдсанаас хойш Чойрын хийдийнхэндээ сэжүүр өгч байгаа болов уу. Энэ талаар Баруун Чойрын хийдийн Да лам Д.Мөнхбатаас лавлахад “Цагдаа нар ямар ч сураг гаргахгүй байгаа. Ногоон дарь эх саяхан миний зүүдэнд үзэгдсэн. Тэгэхдээ нөлөө бүхий хүмүүсийн гарт байгаагаа хэлсэн. Хамба ламын зүүдэнд яг иймэрхүү байдлаар үзэгдсэн гэсэн. Ямар ч байсан Монголд байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Хайж, мөрдөөд байгаа нөхдүүд нь өөрсдөө хутгалдчихсан юм биш байгаа гэж бодох юм. Ногоон дарь эх өөрийгөө олдоно гэж мэдэгдсэн. Ямар ч байсан тэр хэрэг задарна гэдгийг мэдрээд байгаа. Нүгэл хийсэн нөхдүүдийг хэрэг задарч, сүйд болно. Парист зарагдсан бурханыг харсан. Манай бурхан биш байна лээ” гэсэн юм.

ЗАРАГДСАН, ХУЛГАЙЛАГДСАН НОГООН ДАРЬ ЭХҮҮД ЯЛГААТАЙ ЮУ?

Домог яриагаар Өндөр гэгээн Занабазар дурлалт бүсгүйгээ таалал болоход түүндээ зориулан хорин нэгэн дарь эхийг бүтээсэн гэдэг. Тэдэн дундаас Ногоон дарь эхийг анхны дарь эх гэдэг юм билээ. Өндөр гэгээний бүтээлийг оргилыг Ногоон дарь эх гэдэг. Уг баримлын биеийн хэлбэрийг аль ч талаас нь тойруулан харахад зохицсон уран хийцтэй. Судлаачдын тайлбарлаж байгаагаар Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн тал руу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй аж. Судлаач Д.Сумъяа “Ногоон Дарь-Эх бол бага зэргийн хөдөлгөөнтэй, хээнцэрлэсэн маягтай, нэг чихээ урагш ялимгүй тавиад, нэг хөлөө жийж, нөгөө хөлөө нугалж, нэг гараа сунгаж, нөгөө гараа зүрхэн дээрээ тавьж суусан байдаг. Энэ бүхэн нь замбуу тивд хэн зовж зүдэрч байна түүнд тусална, тус хүргэхгүй үлдээх вий гэсэн утга санааг агуулсан байдаг” гэсэн юм. Мөн бэлхүүсээрээ бага зэрэг хазайсан хирнээ тэргүүн нь суултын тевтэйгээ тэнцсэн нь тус зохиомжын нэгэн нууц увидас гэж үздэг. Хэрвээ Ногоон Дарь Эхийн суурь лянхуаг байхгуй гэж төсөөлвөл дарь эхийн бужиглэж байгаа дүр харагдах бегеед эмэгтэй хүний суултын донжинд бүжгийн хеделгеенийг ингэж шингээсэн бутээл дэлхийн урлагт хаана ч байхгүй гэж үздэг юм билээ.

Эх сурвалжууд Чойрын хийдээс алдагдсан Ногоон дарь эх, Парист зарагдсан Ногоон дарь эх хоёроос хэд хэдэн ялгааг олжээ. Нэгдүгээрт Парист зарагдсан бурханы хөл дээр хээтэй бол хулгайлагдсан Ногоон дарь эхийнх цулгуй байдаг аж. Мөн бэлхүүснийх нь хазайлт Чойрын хийдийн Ногоон дарь эхийнх илүү уян харагддаг гэнэ. Өндөрийн хувьд ч зөрүүтэйг ажиглажээ. БСШУ-ны сайд Парист зарагдсан Ногоон дарь эхийнхээ араас хөөцөлдөх ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн. Гэвч өчигдрийг хүртэл өнөөх ажлын хэсэгт хэн байгаа, хэрхэн ажиллаж байгаа нь мэдэгдээгүй. Занабазарын бүтээлийг судалдаг, өв соёлынхоо талаар мэддэг эрхмүүд л лав тэр ажлын хэсгийн талаар сонсоогүй байна лээ. Хариуцсан яам нь ийм хайнга ажиллаж байхад иргэд Парист зарагдсан бурхныг Монголоос алдагдсан Ногоон дарь эх биш байгаа даа, арай өөрийгөө дуулгаж байгаа нь энэ биш биз гэж хэдэн өдөр шуугиж байгаа нь энэ.

Чойрын хийдээс алдагдсан Ногоон дарь эх гадуураа ягаан өнгийн торгон дотортой, улаан, ногоон өнгийн хоргой хошмогон эмжээртэй, улаан торгон жанжтай, 30-35 см өндөр. Тэргүүндээ шовгор оройтой, титэм хэлбэрийн малгай (рина)-тай, баруун зүүн мөрний хоёр талд бадамлянхуа цэцэгтэй, зүүн гар (мутар)-ын эрхий, ядам хурууны өндгийг нийлүүлж дээш өргөсөн, баруун гар (мутар)-ын алгыг дээш харуулан баруун хөлний өвдөг дээр тавьсан. Бадамлянхуа цэцгэн бад суурин дээр баруун хөлийг унжуулж, зүүн хөлийг нугалж суусан. Алтан шармал. Энэ бурхны талаарх мэдээллийг 11311750, 51-265750, 51-265683 утсаар авч байгаа аж.

Хулгайлагдсан эл бурхан Интерполд бүртгэлтэй. Интерполоос жилд хоёр удаа гаргадаг катологид зураг нь байршсан байдаг аж. Өөрөөр хэлбэл, хуулийн болоод соёлын өвийг хадгалдаг, худалдаалдаг бүх олон улсын байгууллагад мэдээлэл нь хүргэгдсэн гэсэн үг. Тиймээс хилээр гаргахыг завдах, эсвэл гадаадад гаргаж худалдаалах боломж байхгүй гэдгийг эх сурвалж хэлсэн.

Чойрын хийдийн Ногоон дарь эх бурханы хийц дэндүү тансаг, гайхамшигтай гэдгийг эх сурвалжууд дуу нэгтэйгээр хэлсэн. Дотоодод 500 сая төгрөгөөр үнэлсэн гэх боловч олон улсад хэдэн тэрбум еврогоор үнэлэгдэнэ гэдгийг тэд хэлсэн юм. Парист зарагдсан Занабазарын Ногоон дарь эхээс хэд хэдэн илүү үнэ хүрэх гайхамшигт бүтээлээ хулгайд алдчихаад гурван жил эрэн сурвалжилж байгаа нь энэ. Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей гэх мэт хосгүй үнэт өв соёлын эд зүйлийг хадгалж байгаа музей, хийдүүдийн харуул хамгаалалт, орчин нөхцөл “Арай ч дээ” гэмээр байгаа шүү гэж эх сурвалжууд харамсангуй ярьсныг дахин сануулъя.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *