Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгинохайрхан дүүргийн IX хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд “Азийн хүүхдүүд” цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо 8188 хүн амтай бөгөөд нийт өрхийн тоо 1943 байдаг аж. Есдүгээр хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны цэцэрлэгт хамрагддаггүй хүүхэд 41 хувийг эзэлдэг байна. Тус хороонд нийт дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүнээс хоёр нь хувийн цэцэрлэг байдаг аж. Тиймээс шинэ цэцэрлэг нээгдсэн нь хамгийн хэрэгтэй зүйлийн нэг болжээ. Нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэд хүүхдээ хол цэцэрлэгт явуулах хэрэггүй болж. Тус цэцэрлэг Жанцан худалдааны төвийн зам дагуу байдаг учраас Баянхошууны шинэ, хуучин эцэс, баруун салаа, зүүн салаа гээд тэр хавийн хүүхдүүд суралцах боломжтой болж байгаа юм.

“Азийн хүүхдүүд” цэцэрлэг өмнө нь 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол шинэхэн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хоёр дахин их хүүхэд хамрагдах боломжтой болжээ. Тус цэцэрлэг өөрсдийн хөрөнгө мөнгөөр цэцэрлэгийн байраа 1100 орчим квадрат метр болгож шинэчилж өргөтгөсөн байна. Цэцэрлэгийн байр төвийн шугамнаас хол ч гэр хороолол дунд дулаан, сангийн асуудлыг бүрэн шийджээ. Цэцэрлэгийн халаалтыг Канад технологийн нам даралтын зуухаар ажиллах бөгөөд бохир усны тал дээр хамгийн сүүлийн үеийн сордог технологи суурилуулсан байна. Цэвэр усны хувьд 140 метрийн гүний худагтай аж. Тэднийх 13 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Тус цэцэрлэгт есдүгээр хорооны хүүхдүүдийг авахаас гадна бусад хороодын хүүхдүүд ч хамрагддаг аж. “Азийн хүүхдүүд” цэцэрлэг одоогоор 60 хүүхэд бүртгүүлээд явж байгаа юм байна. Уг цэцэрлэг 1.5-6 настай хүүхдүүдийг зургаан бүлэгт хувааж суралцуулж байгаа бөгөөд анги дүүргэлтийг стандартын дагуу 25-30 хүүхэд байхаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор 13-15 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Нэг сарын төлбөр 130 мянган төгрөг бөгөөд нэг айлын хоёроос гурван хүүхэд суралцах юм бол төлбөрөөс арван хувь хөнгөлдөг байна.

Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу, зэргийг хичээллүүлж, оюуны боловсролд нь анхаарч, эрүүл ахуйн болоод олон улсын стандартыг хангасан хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлж чаджээ. Энэхүү цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартад жишиг болохуйц сургалтын хөтөлбөр орчинг бүрдүүлсэн байна. Хүүхдийн сэтгэхүйд тохируулан анги танхимын тохижилтыг хийж хүүхэд бүр хөгжих ёстой гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байгаа юм.

Цэцэрлэгийн эрхлэгч Д.Найманжаргал “Манай цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлээд долоо дахь жилдээ ажиллаж байна. Бид барилгын зураг төслийг өөрсдөө гаргасан бөгөөд улсын комисс чанарын өндөр түвшинд хүлээж авсанд баяртай байна. Цэцэрлэгийн сургалт одоогоор багш хүүхэд рүү ханддаг байсан бол манайх хүүхэд багш руу хандаж ямар мэдээлэл авахаа сонгож ажилладаг болсон маань ихээхэн шинэлэг байгаа. Мөн цэцэрлэг маань урлагийн заалтай. Хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарна. Хүүхдүүдийн тав тухыг сайн харгалзаж үзэж байгаа учраас доод давхартаа нийтийн хувцас солих өрөө гээд бүх асуудлыг цогцоор нь шийдэгдсэн байгаа. Мөн цэцэрлэгтээ хороо харгазахгүй хүүхэд бүртгэж авч байгаагаа дуулгая” гэв.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн Л.Батбаатар “Өмнө нь хүүхдээ энэ цэцэрлэгт явуулдаг байсан юм. Гэтэл зам өргөтгөлийн ажлаар газраа өгөөд байраа шинэчилж барьж байсан. Энэ ондоо ашиглалтад орно гэсэн ч ажилтай учраас хүүхдээ хотын төвд нэг цэцэрлэг рүү зөөж байлаа. Хүүхдээ улсын цэцэрлэгт явуулахаар ханиад их хүрээд байдаг юм. Эднийх халаалттай, халуун, хүйтэн устай учраас заавал хотын төв рүү зөөх шаардлагагүй болж байна. Дээр нь хувийн цэцэрлэг учраас арай найдвартай байдаг” хэмээв.

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Бямбаа “Энэ цэцэрлэгийг нээхийг хүлээж байгаад хоёр охиноо орууллаа. Хоёуланг нь цэцэрлэгийн бүртгэлээс хоцруулаад оруулж чадаагүй байсан юм. Гэртээ хүүхдээ харах гэж бөөн л асуудал болж байлаа. Ашгүй нэг цэцэрлэг нээгдэх нь гэж сонсоод эрт ирээд бүртгүүлчихсэн байсан. Манай бага охин яслид явдаг. Том нь ахлах ангид суралцдаг юм. Нэг айлын хоёр болохоор төлбөрийг хөнгөлүүлчихээд бүр баярлаад явна” хэмээж байв.

“Азийн хүүхдүүд” цэцэрлэг эцэг, эхийн ажлын цаг дууссаны дараа буюу орой 19.00 цагаас тарах аж. Мөн цаашдаа цаг завгүй ажилладаг эцэг эхчүүддээ зориулж өдөр өнжүүлэх төв ажиллуулахаар зорьж байгаа юм байна.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *