Categories
мэдээ нийгэм

Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ

-ЗАСГИЙН ГАЗРЫН X БАЙРЫГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЛАА-

“Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” гэдэг санаачилгыг “Өдрийн сонин” гаргаж, төрийн түшмэдүүдийг дэмжээч гэж уриалсан. Уншигчид бидний санаачилгыг дэмжиж, түмэн олныхоо төлөө дуугарч байгаад талархлаа илэрхийлсээр байгаа.

Монголын хамгийн олон уншигчтай, нийгмийг залж, түүчээлж байдгийн хувьд “Өдрийн сонин” ард түмнээ төлөөлж “Түмэн олныхоо төлөө зүрх сэтгэлтэй байгаач” гэж төрийн түшээдэд уриалсан юм. Засгийн газар энэ уриалгыг дэмжиж, ажил хэрэг болгох шийдвэрийг уржигдар гаргалаа.

Тодруулбал, Засгийн газ­рын уржигдрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Ший­лэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах санал гаргасан аж. Засвар хийх, тоног төхөөрөмж авах мөнгийг нь шийдчихвэл яамны байрыг 21 хоногийн дотор хүүхдийн эмнэлэг болгох боломжтойг Эрүүл мэнд, спортын яамныхан хэлж байна. Тэр эмнэлэг ажиллаад эхэлбэл дүүргийн эмнэлгүүдийн хонгилд, шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүд ор бараадах боломжтой болно.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, IV хорооны нутаг, Барилгачдын талбайд буюу хуучнаар Туул рестораны ард байдаг Засгийн газрын X байранд өчигдөр очиход хамгаалалтын ажилтан нь “Хүүхдийн эмнэлэг болгох талаар ярьж байгаа л гэж сонссон. Одоогоор нүүдэл хийгээд гадны хүн оруулах боломжгүй байна” гэсэн юм. Гаднаас нь харахад Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дүйцэхүйц харагдана. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортой. Сүхбаатар дүүргийн хүүхдийн тасаг 125 ортой. Энэ хоёр эмнэлэг хоёулаа дөрвөн давхар. Эмнэлэг болгохоор яригдаж байгаа Засгийн газрын X байр гурван давхар. Өрөө, тасалгаа ч олонтой. Яам байрлаж байсан болохоор сайхан тохижуулжээ. Өрөөнүүдийн хаалга нь шинээрээ шахам. Хана, тааз нь өнгөлөг юм. Дотоод засал, өнгө үзэмжийн хувьд Яармагийн эмнэлэгтэй харьцуулшгүй тансаг харагдсан. Гэхдээ эмнэлгийн зориулалтаар тохижуулж засварлахад 200-гаад сая төгрөг хэрэгтэй гэж Эрүүл мэнд, спортын яамныхан үзэж байгаа юм билээ. Яамны байрыг эмнэлэг болгосны дараа ор, тоног төхөөрөмж, ажиллах хүч гээд асуудал гарах нь дамжиггүй. Гэхдээ түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгох санаачилгыг дэмжиж, ажил болгож эхэлсэн нь чухал.

Ж.АМАРСАНАА: МӨНГӨ ШИЙДЭГДЧИХВЭЛ 21 ХОНОГИЙН ДОТОР ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэнд, спортын яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Амарсанаатай хүүхдийн эмнэлэг байгуулах ажлын талаар ярилцлаа.

-“Өдрийн сонин”-ы санаачилгыг дэмжиж, хүүхдийн эмнэлэг байгуулах боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулсан танай яамныханд талархал илэрхийлье.

-Баярлалаа. Бид төрийн өмчит хэд, хэдэн байрыг очиж үзсэн. Улмаар татан буугдсан яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн. Мэдээж эмнэлгийн зориулалттай байр биш учраас олон улсын түвшний стандарттай эмнэлэг болгох боломжгүй. Гэтэл эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Тиймээс хүүхдийн эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай учраас яамны байрыг боломжоороо засварлаад хүүхдийн эмнэлэг болгох нь зөв гэж үзсэн. Эмнэлэг байгуулах санаачилгыг аль болох хурдан хугацаанд ажил болгох зарчим барьж байгаа.

-Ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд шинэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байсан. Гурван сарын дотор амжих уу?

-Мөнгөний асуудал шийдэгдчихвэл 21 хоногийн дотор эмнэлгээ байгуулах зорилт тавиад ажиллаж байна.

-Засвар хийх, тоног төхөөрөмж авахад хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

-Бага зэргийн засварын ажил хийгдэх нь дамжиггүй. Мөн ор дэвсгэрээс эхлээд тоног төхөөрөмж шаардлагатай. Эмнэлэг байгуулахад нэг тэрбум төгрөг хангалттай гэдэг тооцоог бид Засгийн газарт гаргаж өгсөн. Үүнээс засвар хийхэд 200 сая төгрөг хангалттай гэж тооцоолсон. Яам үйл ажиллагаа явуулж байсан учраас тохижилт сайтай. Тиймээс эмнэлгийн зориулалттай болгож засварлахад боломжиндоо тааруулаад бага мөнгө зарцуулъя гэж тооцоолсон. Эхний ээлжинд засварын мөнгө шийдэгдчихвэл шууд ажлаа эхлэх боломжтой. Байр сул байгаа учраас өнөөдөр ч засвараа эхлэхэд бэлэн шүү дээ.

-Бусад эмнэлгүүдээс тоног төхөөрөмж авах боломж байгаа болов уу?

-Боломжтой байж болох бүх л хувилбарыг ярьж байна. Бусад эмнэлгээс тоног төхөөрөмж илүүчлэх талаар ярьж байгаа. Гэхдээ ийм өндөр ачаалалтай байгаа үед эмнэлгүүд ор дэвсгэр, багаж хэрэгслээ илүүчлэх нь хүнд байна. Тиймээс хүүхдийн эмнэлэгт хандив тусламж үзүүлээч гэж танай сонины уншигчдад уриалмаар байна. Байгууллага хамт олноороо ганц ор хандивласан ч илүүдэхгүй шүү дээ. Тоног төхөөрөмж нийлүүлдэг компани, бизнес эрхлэгчдийг гар сунгаач гэж хэлье. Та бүхний хүүхдийн эмнэлэгт оруулсан хөрөнгө маш том буян болно гэдгийг уриалмаар байна.

-Эмнэлгээ байгуулсны дараа урсгал зардлын асуудлыг яаж шийдэж байна вэ. 2015 оны төсөвт шинээр эмнэлэг байгуулах мөнгө тусгагдаагүй шүү дээ.

-Угаасаа төрийн өмчийн байр учраас цахилгаан, дулааны, усны зардал нь шийдэгдчихсэн. Үүн дээр шинээр эм тариа, ажиллагсдын цалин хөлс гээд сард 160-аад сая төгрөгийн урсгал зардал шаардагдах тооцоо гарсан. Төсвийн тодотголоор урсгал зардал суулгах боломж гарах байх. Үүнээс өмнө эмнэлгээ байгуулаад, хүлээлгэж өгөхөд онцгойлон анхаарч байна.

-Боловсон хүчний асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

-Шинэ эмнэлэг ажиллуулахад хамгийн багадаа хүүхдийн 30 эмч хэрэгтэй. Мөн 60-аад сувилагч шаардлагатай. Хүүхдийн эмчийн асуудлыг салбарынхаа хэмжээнд зохицуулахаар ярьж байна. Бусад эмнэлгүүдээс арав, хорин эмчийг татаж авна. Мөн хүүхдийн эмчээр сургалтад хамрагдаж төгсөх курсийн эмч нарыг ажиллуулна. Аль ч оронд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч ажилладаг. Харин сувилагчид нэлээн дутагдалтай байгаа. Тиймээс ажлын хэсэг байгуулаад сувилагчаар хангах асуудлыг тусад нь ярина. Энэ эмнэлэгт сувилагчаар ажиллах сонирхолтой, хүүхдийн сувилагчийн лицензтэй хүмүүс Эрүүл мэндийн яаманд хандаач гэж уриалж байна.

-Засгийн газрын X байр Чингэлтэй дүүргийн нутагт буюу Барилгачдын талбайд байдаг. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн хүүхдүүд эмчлүүлэх үү?

-Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулагдах юм. Тиймээс эхний ээлжинд харьяалал харгалзахгүй болов уу. Яваандаа Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлж өгөх байх. Тэр үед дүүргийн харьяалал тогтоож магадгүй.

-Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг байгуулахаа мэдэгдсэн. Танай яамтай санал солилцсон болов уу?

-Их аварга ийм санаачилга гаргасанд туйлын их баярлаж байна. Мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах бол манай яам нээлттэй байгаа. Цаашид хамтраад ажиллахад бэлэн гэдгийг хэлмээр байна.

-Та төрийн өмчийн хэд, хэдэн байрыг очиж үзсэн гэсэн. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ИТХ бүгд шахам шинэ байранд орчихсон байгаа. Ядаж хуучин байрнуудыг нь түмний эмнэлэг болгох болговол шинээр эмнэлэг барьснаас бага зардал гарах болов уу?

-Ерөнхий сайд эмнэлэг байгуулж болох байрыг судлаарай гэдэг үүрэг өгсөн. Төрийн өмчийн хороо судалж байгаа. Дүүргүүдийн байрны хувьд Сүхбаатар дүүргийн хуучин байрыг нураах шийдвэр гаргачихсан юм билээ. Хан-Уул дүүргийн хуучин байранд шүүх нь орчихсон.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *