Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол харчууд эр хүн мөн үү?

Монгол эрчүүд хэзээнээс хээгүй гүндүүгүй, ноён нуруутай, эхнэр хүүхдэдээ элбэрэлтэй гэж хэлэгдсээр ирсэн. Ер нь бие хаа, царай зүсийн хувьд ч харь орны эрчүүдээс дутахгүй сайхан гэж ирээд л хүүхнүүд нь магтах дуртай байдаг. Уг нь ч бие бялдрын хувьд дутах зүйл байхгүй. Гэвч монгол эрчүүд нэг л өөр болчихжээ. Эр хүний хамгийн гол чанар болсон уужуу тайван чанар алга байна. Бусдыг ойлгох, хүндлэх сэтгэл нэг л дутуу байх юм. Бусад газрынхан бол уужуу ухаантай гэж жигтэйхэн, уусан идсэнээ ч шингээж чадаж байна гэж энэ цагийн хүүхнүүд шогшрох боллоо. Харин манайд ууна ч гэж их, дааж чадаж байгаа нь ч алга. Дээрээс нь бажгадуу сандруу гэж арга чаргагүй болжээ. Дэлгүүрт ороход хаалга нээгээд өгөх нь битгий хэл хөл дээр гишгэх нь шахуу өмнүүр өрсөөд орчихно. Амжиж орсон бол хаалгаа бариад өгнө гэж байхгүй. Тас хийтэл хаасан хаалга нь хамрын үзүүр таслачихаа шахна. Гэтэл баруунд “Lady is the first” гэсээр хамгийнхаа түрүүнд л залдаг шүү дээ. Харин манайд автобусанд суух гэж залуучууд хүүхнүүдээ дэгээдэж унагачихаад л өөрсдөө түрүүлээд суучих нь холгүй байдаг. Эмэгтэй хүнийг, бүсгүй хүнийг хүндлэх ёстой гэж ерөөсөө сэтгэлгээнд нь сууж чадахгүй байгаа нь тэдний маань гол асуудал юм. Харин физиологийн давуу талаа ашиглаж хүч хэрэглэх нь энүүхэнд. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эр хүний хүү нь хүчирхийлэгч болох магадлал хамгийн өндөр байдаг гэдэг. Хөвгүүд багаасаа хүч чадал доройгоо дээрэлхэлгүй, тэдэнд тусалж, хүндэтгэн хандах ёстойг дэргэдээс нь харж өсвөл өөр байдаг. Харин багаасаа дээрэнгүй байдал, хүчирхийлэл дунд өссөн хүн яг тэр уламжлалаараа авсан ханиа зовоож, хүчирхийлж бас үүнээсээ таашаал авч амьдарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан нэгэн бүсгүйн тухай манай сонины сурвалжлагад түүний таван жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харж болохоор хоёр зургийг нь тавьсан байж билээ. Хөдөөд айлын бэр болоод очсон тэр бүсгүй хэрхэн яаж амьдарсныг хадмууд нь, хэдэн хүүхдүүд нь мэднэ. Бусад нь ёстой бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдгийн домгоор мартаж орхижээ. Хааяа төрсөн гэртээ очихдоо амьдралынхаа зовлон зүдгүүрийг тэр чигт нь нууна. Харин энэ цагийн арчаагүй эрчүүдийн жишээ болсон тэр нөхөр нь эхнэрийнхээ хамаг гоо сайхан, баяр жаргалыг сорж авсан нь таван жилийн дотор ганц ч шүдгүй болж, хэдэн арван насаар гундсан тэр зургаас нь харагдаж байсан билээ. “Эр нь хийморьгүй бол эм нь өнгөгүй байдаг” гэгчээр уужуу, тавиухан бус эр хүний дэргэдэх бүсгүй хүн аяндаа гундаад ирдэг.

Эхнэрийн нь царайны гэгээнээс тэрхүү айлын эзэн ямар юм бэ гэдгийг таньж болдог. Үр хүүхдүүдийнх нь инээд цалгианаас тэр айлын аав ямар вэ гэдгийг харж болно. Архичин аав нь эхнэртээ уурлаад гарахдаа хоёр хүүхдээ портертоо суулгаж, улмаар тэднийгээ бензин тавьж шатаасан аймшигтай хэрэг гарсан шүү дээ. Үнэндээ хүүхдүүдээ алахыг ямар ч зэрлэг эцэг хүсэхгүй биз. Зөвхөн эхнэртээ айлгаж шаралхсандаа гал тавих гэж дүвчигнэж байгаад галын аюулыг зогсоож чадалгүй хүүхдүүдээ амьдаар нь шалзалсан байдаг. Монгол эрчүүд ийм л өчүүхэн болцгоочихжээ.

Өнөөдөр Монголд гарч буй хамгийн гайхалтай урвалтуудыг эрчүүд л хийж байна. Улстөрч эрчүүдийн эрийн шийргүй байх, нэг нэгнээсээ алга урвуулахаас амархан урваж байгаа нь үүний бодит жишээ болж байна. Хамгийн сүүлд гэхэд л Засгийн газраа унагасан явдал Монголд эрчүүд нь ямар болчихоод байгааг харуулсан энгийн нэг баталгаа юм. Манай парламентад байдаг жиргэж, зураг авахаас хэтэрдэггүй нэг эрэгтэй гишүүн гэхэд л цаг сунгаж, Засгийн газрын гишүүдийг томилдог орой завсарлагаанаар буйдан дээр сууж байсан эмэгтэй гишүүнийхээ зургийг аваад олон нийтэд тараачихаж байгаа юм. Харин олон нийт өнөөх эмэгтэй гишүүний банзлын хормой хэр богино байна, гуя хас нь гарсан гараагүй гээд явж өгсөн дөө. Зүй нь эрийн нүнжиггүй, хамт ажилладаг нэгнээ, дэргэдэхээ хайрладаггүй тэр жижиг эрийг шүүмжлэх ёстой байв.

Баабарын илтгэлд дурдсанчлан Монголд байгаа үй олон янхнууд бол эрчүүдийн тэдний амьдралд үзүүлсэн тусгалын сүүдэр нь гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.

Монгол эрчүүд дэндүү залхуу. Өөртөө хийгээд амьдралдаа арчаа байхгүй болчихсон. Тэгсэн атлаа бусдаас өрсөөд л, түрүүлэх гээд л үзээд байна. Үнэндээ өрсөж юманд хүрдэггүй. Хүнд өгөгдөл нь, тавигдал нь цаанаасаа л байдаг хорвоо шүү дээ. Гэтэл юунд ч юм сандарч, юунаас ч юм өрсөх гэсэн эрчүүд л үй түмээрээ байна. Адгийн наад зах нь гудамж замд эгнээ байр эзлэх дээр адгаж сандраад л гишгээд байна. Тэгээд л элэг, бөөрөөрөө наалдчихаад л гарч ирээд Пи-г урсгаж заамдалцаад авдаг. Бас өвгөн жолооч, бүсгүй жолоочийг элэг барихаа андахгүй. Манай идэр насны эрчүүд ийм л болчихсон харагдаад байгаа юм даа.

Өнөөгийн нийгэмд эрчүүдийн манлайлал гэж үгүй болчихсон. Тэд нийгмээ, гэр бүлээ манлайлаад явах нь бүү хэл жирэмсэн эмэгтэйн шээх газраас хол харж чадахаа байчихжээ. Тэгээд л чадахгүй, бүтэхгүй байгаагийнхаа шалтгааныг нөгөө муу эхнэртээ нааж, чаддагаар нь нөгөөхөө нүдээстэй. Бас зориг шуу юмаа архиар чангалахаа мартахгүй ээ. Энэ нийгэм тэр чигээрээ хов живэнд дарагдаж, уйтгар төрөм савангийн дууриар цэнэглэгдэж, хорссон атаач хандлага дүүрчихсэн байгаа нь үнэн. Энд эрчүүд буруутай. Тэд сайхан үгийг нэгэндээ хэлж чадахаа байжээ. Атаач жөтөөч нь дийлдэхгүй. Бас эр хүн хоорондын итгэлцэл, нуруутай байдал илт дутагдсанаас ингэж хэлэгдэхэд хүрээд байна.

Угаасаа эрчүүдийн оюун сэтгэхүй илт доройтсон. Зах зээлийн шилжилтийн үед сургууль номоо хаяж, гудамжинд гарч байсан тэр үеийнхэн өнөөдөр нийгмээ авч явах насныхан болжээ. Тэгэхээр ийм ч байхаас аргагүй биз. Нүүрэндээ үстэй адгуусыг хэдэн зуун саяар үнэлж, бөхчүүдэд том жип өгөхөөрөө өөр хоорондоо уралдахаас оюун санааг үнэлж үзэх нь ер байхгүй. Уг нь оюун санаа л булчин шөрмөсөө удирддаг шүү дээ. Оюун санааг үнэлэхгүй, булчиндаа захирагдаж байгаа нь буцаад л адгууслаг мөн чанартаа ойртож байгаагийн шинж юм. Тэгээд ч оюуны бядгүй болсон тэднийгээ эр хүний мөн чанарыг алдсанд гайхаад байх ч зүйлгүй юм уу даа.

Нийгмийн сэтгэхүй ядуурч, нийгэмд эр хүний уужуухан тавиухан ухаан илт дутагдаж мэдрэгдсэн нь эрчүүд маань л мөн чанараасаа ямх ямхаар алсарсаар ирснийх юм. Айл гэрт аавууд хөвгүүддээ биеэрээ үлгэрлэж, биеэрээ жишээлэхээ байснаас энэ цагийн эрчүүд эмээсээ дор зантай болжээ. Харин гадныхан жинхэнэ жентельмэн ямар байхыг бүр багаас нь хүүхдүүддээ зааж, тэр зан төлөвийг төлөвшүүлдэг. Монголчууд бид тааруухан эрийг эм хүнээс дор гэж хэлэлцдэг байсан улсууд. Энэ нь эмэгтэй хүнийг муугийн муу гэхээсээ илүү эр хүнийг бүгдээс илүү байх ёстой гэж хүссэнийх, тийм байх ёстой гэж үүрэгжүүлснийх байсан биз ээ. Харин өдгөө охидуудаасаа ядарсан залуус их болжээ. Нохой дайрахад найз охиныхоо араар орох, даарахдаа бээлийг нь аваад өмсчих хөвгүүд олон болж. Ер нь юу л болоод байна даа. Ингэхэд монгол харчууд жинхэнэ эр хүн мөн үү.

Б.ДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *