УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нараас Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцсон нь гишүүдийн зүгээс шүүмжлэл сонсоход хүрэв. Учир нь улсын төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Шадар сайд нар биечлэн оролцох ёстой юм.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Шийдлийн Засгийн газар тараа таниулж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газар УИХ-аар даажигнаж байгаа юм уу, Ерөнхий сайд байхгүй, Шадар сайд байхгүй, би хэнд үгээ хэлэх вэ. Оруулж ирсэн төсвийн хууль нь Монгол Улсын сайдад зургаан хүний орон тоо баталж өгөх, яамдад төсөв хуваарилж өгөх гэсэн жижиг асуудлын хүрээнд эргэлдсэн нь зохисгүй байна. Ад үзсээр байгаад Соёлын яамыг татан буулгасан, байрыг нь эмнэлэг болгоно гэж Засгийн газар шоу хийгээд. Моралийн элэгдэлд орчихсон байшинг эмнэлэг болгож болдоггүй юм” гэж байлаа.
Гэхдээ 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад шинэ сайд нарын оролцоо байгаагүй аж. Харин Засгийн газар үүрэг гүйцэтгэгч сайдуудтай байсан нь эцсийн дүндээ ийм хариуцлагагүй төсвийн хууль өргөн мэдүүлэхэд хүргэсэн бололтой.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж эхлээд байна.