Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхлэхээр зарлагдсан байсан ч ирц хүрэхгүй байсны улмаас 11.10 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар өнөөдөр зургаан асуудлыг авч хэлэлцэх ба Номын сангийн тухай хуулийн төслийг одоо хэлэлцэж эхлээд байна.
Нийгмийн бодлогын байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 16 санал гарч дэмжигдсэн аж.
Номын сангийн тухай хуулиар хамгийн эхэнд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах бөгөөд номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж тооцож.
Бүтцийн хувьд одоо өргөн баригдсан байдлаар хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх, үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөөврийн номын сангийн болон цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсруулсан аж. Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүрэг, номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтоож. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгажээ.