МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин одоогийн намын дарга М.Энхболдод хаягласан шүүмжлэл захидал олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Ө.Энхтүвшин гишүүнээс тодрууллаа.
-Та намын даргадаа хаягласан ил захидал илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн гэсэн…
-Манайх бүлэг дээрээ ярьсан. Намын даргадаа ийм захидал бичсэн гэдгээ хэлж өчигдөр (уржигдар) гардуулан өгсөн. Намын даргыг энэ талаар ярилцах болов уу гэж хүлээсэн ч уулзсангүй. Ажил ихтэй байгаад уулзаж чадаагүй биз дээ гэж бодлоо. Гэхдээ энэ талаар уулзах байх гэдэгт найдаж байна. Захидалд нууцлаад байхаар ноцтой, намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй.
-Таны захидал дээр МАН-аас оруулж ирсэн сайдуудын чадварыг харсангүй гэдэг утгагүй зүйлс ажиглагдсан. МАН сонголтоо буруу хийчихсэн юм уу?
-МАН-ын XXVII Их хурал нэг жилийн өмнө болсон. Тус хурлаас гарсан томоохон шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний асуудал байсан. Хүнийг мэддэг, чаддаг, шударга, дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй гэсэн шалгуурыг гол болгоод үүнийг хангаж байна уу гэдгийг нухацтай ярих ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижиг хүрээнээс хайдгаа больё. Аль болох намын гишүүдээсээ, олон түмнээсээ хайя. Энэ талаар судалгаа гаргаж, бүртгэл бий болгон чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэдгийг тунхагласан. Намын боловсон хүчний түвшнийг өөр хэмжээнд аваачна гэсэн шийдвэрийг Их хурал гаргасан. Их хурлаас хойш МАН төр засагт орох анхны томилгоогоо хийж байна. Энэ ямар замаар хийгдсэн бэ гээд үзэхээр өнөө Их хурлын шийдвэрээс гарсан зүйлс байхгүй байгаа юм. Өрсөлдөөн байхгүй, намын Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан болоод шөнө болгосон. Ингээд шөнөөр шийдчихэж байна.
-Өдөр шөнийн хооронд ялгаа байсан юм уу. Эртхэн томилгоо хийж Засгийн ажлыг явуулах санаа байсан юм биш үү?
-14 хоногт багтаан шийднэ гэсэн нь яахав. З.Энхболд дарга хойшлуулъя гэсэн бол хойшлуулж л байгаа биз дээ. Тиймээс ийм тохиролцоо хийгдлээ гэдгээ намын бүлэг, Удирдах зөвлөлөөрөө хонон өнжин ярьж байгаад шийдэх байсан юм. Айхтар яараад байх шаардлага байхгүй. Манайх ийм яам авах юм байна. Бүлгийн гишүүд дотор хариуцаад явчих тийм гишүүн байна, бүлгийн гадна талд байгаа гишүүдээс ажил хийгээд явчих ямар хүмүүс байна гэдэг судалгаагаа гаргаж уриад, ярилцлага хийх хэрэгтэй гэж би хувьдаа бодож хүлээсэн. Гэтэл шууд чуулганаар орчихоор би эгдүүцэж байгаа юм.
-МАН шийдвэрээ Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордны хоёр гурван давхарт болж байна гэсэн байна лээ. МАН-ын бодлогод АН-ын оролцоо их байгаа гэсэн үг үү?
-Манай нам зургаан сайдтай засагт орж байна гээд үүндээ уусчихаж болохгүй. Том намын хажууд цөөхөн сайд дагаж орж байгаа үед ерөнхийдөө тэдэндээ хөтлөгдөнө гэсэн үг л дээ. Анхны шинж тэмдэг нь харагдаж байна.
-Ямар шинж тэмдэг?
-Яагаад бүлэг дээрээ намынхаа асуудлуудыг сайн ярихгүйгээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ярингуутаа чуулган руу оруулчихаж байгаа юм. Үүнээс харахад зарчимгүй байдал цаашид үргэлжлээд явах нь дээ гэсэн сэжиг төрж байна. Тиймээс өнгөрсөн хойно нь хашгирч байснаас томилгоо хийгдэж байгаа үед нь намынхаа XVII Их хурлын шийдвэрийг хэлж байх ёстой гэж бодсон. МАН-ын дарга байсан хүний хувьд иймэрхүү зүйлийг хэлэхгүй юм бол, намынхаа Их хурлын шийдвэрийг сануулж байхгүй юм бол намын дарга байсны хэрэг юу байнаа. Хамтарсан засагт орсон гээд бүгдээрээ амаа хамхиад суучих юм бол ямар ч зарчимгүй, нам нь ч нам биш болж улс орны хувь заяа хөөрхий болно.
-Таныг намаа хамтарсан засагт орох тал дээр эсрэг саналтай байсан гэсэн. Тэр үүднээсээ энэ бүгдийг гаргаж тавиад байгаа юм уу?
-Тиймээ, би засагт хамтарч орохыг эсэргүүцсэн. Учир нь 1.5 жилд нь бид хамтраад юу хийх юм. Хэрэв ингэж орох л байсан юм бол 2012 оны сонгуулийн дараагаас хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тухайн үед АН-ын даргатай санал солилцож байсан юм. “Та нар цаашид яаж улс орныг авч явна гэж бодож байгаа юм. Эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бид аваад явна. Бидэнд боломж байгаа. Бид “Шударга ёс” эвсэлтэйгээ нийлээд явна. Ардын намтай яасан ч эвсэхгүй. Манай ҮЗХ 80 хувиар шийдсэн” гэж байсан юм. Үнэхээр АН чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь “За за” гээд хамтарсан засагт орно гэвэл эртэдсэн шийдвэр гэж хэлнэ. Хэрэв хамтрах гэж байгаа бол их л бодох хэрэгтэй. Яах гэж засагт орж байгаа юм. Чадахгүй бол яах юм. Манай намыг ингээд орчихвол эрх баригч л гэж харна. Хариуцлагаа яаж хүлээх юм. Үүнийг ард түмэн хэрхэн хүлээж авах юм. 2016 оны сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярихгүйгээр шууд энэ сайд, тэр сайд гээд явчихаж байгаа нь буруу. Нэгдүгээр зорилгоо уг нь бүлэг дээрээ ярьчих байсан юм.
-Таны захидлыг харахад МАН-ын хагарал одоо л ил болж байна гэж харахад хүргэлээ?
-Энэ бол хагарал биш. Үнэн бодит зүйл. Өмнө нь иймэрхүү зүйл олон болж байгаагүй тул содон харагдаад байх шиг байна. Болохгүй зүйлийг нь хэлээд, захидал бичиж л байх ёстой. Тэгж байж манай нам ардчилалтай байх юм. Эв нэгдэл гэдэг нэрийн доор үгээ хэлж чадахгүй юм бол энэ бүхэн цаашаа явсаар дэлбэрнэ. Тиймээс үүнийг эртхэн сануулж байгаа хэрэг.
-Таныг МАН-ын дарга байхад АН-ынхан тохирооноосоо буцаж байсан…
-Тийм ээ. Сайхан тэврэлдэж гар бариад “Цаашид ингэж явахаар боллоо” гэчихээд маргааш нь “Тийм биш юм байна. Хууль ингэж зөрчих юм байна” гээд бултчихдаг.
Хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудал. Уг нь манай хоёр хоёулаа л тангараг өргөх ёстой байхгүй юу. Сүүлд нь арга байхгүй хүчиндээд байхаар нь “тэгвэл ядаж нэг нэгээр нь намуудаасаа оруулъя” гэхэд “тэгье” гээд гар хөлийн үсэг зурахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат байсан. Тиймээс маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. “Одоо яах вэ” гэхэд “Наадах чинь Их хурлын асуудал. З.Энхболд дарга дээр оч. Сонгуулийн Ерөнхий хороо руу оч. Тэндээс ийм шийдвэр гарсан гэсэн.
СЕХ руу очихоор Шүүхээс ийм шийдвэр гарсан” гэдэг. Би иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д хууртаж байсан. Тийм болохоор дэмжихгүй байгаа юм.
-Намаасаа сонгогдсон сайд нарт дургүй байгаа юм уу?
-Уг нь намаараа нухацтай хэлэлцээд хэрэв ажиллахаар бол захиасаа хэлээд “сайн ажиллаарай” гээд духан дээр нь үнсээд, дөрөөнд нь сүү дусаагаад явуулах байсан. Гэтэл харамсалтай нь бүлэгтэйгээ ярилгүйгээр асуудлыг оруулчихлаа. Өөр нэг санаа зовж байгаа зүйлээ хэлье. Уг нь манай нам 100 хувь гадна талаас УИХ-ын гишүүн биш хүмүүсээсээ сайд болгох ёстой байсан. Учир нь энэ талаар бид хоёр жил ярьсан. 1.5 жилийн хугацаанд зарим цагийг нь УИХ дээр өнгөрөөдөг, зарим цагийг нь яаман дээр өнгөрүүлдэг сайд хэрэггүй. Өнөөдрийн хямралын үед тэндээ сууж ажилладаг сайд хэрэгтэй байна. Тиймээс үр өгөөжтэй байж чадах уу. Тухайн салбартаа нэр хүндтэй, салбараа мэддэг яаман дээрээ үргэлж байдаг хүнийг тавьсан бол төрд илүү их хэрэгтэй байсан.
-АН, МАН эвслийн Засгийн газар байгуулж байгаач АН амлалтаасаа ухарсан талаар мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн маргаантай тойргууд дээр ямар шийдвэр гаргахаар тохиролцоод байсан бэ?
-Одоогоор гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурахын өмнө ажиглахад өмнөх амлалтуудаасаа буцсан нь харагдлаа. Гэхдээ түүнийгээ өөрчилсөн байж магадгүй.
-Гурван аймаг, хоёр дүүрэг дээр маргаантай байгаа. Эдгээрийн Засаг дарга нарыг МАН авах юм уу?
-2012 оны орон нутгийн сонгуулийн дүн тодорхой байгаа. АН аль аймаг, дүүрэгт ялсан, Ардын нам хаана хаана ялсан бэ гэдэг ард түмний өгсөн сонгуулийн дүнг л баталгаажуулъя гэсэн зүйлийг тавьсан. МАН Сонгинохайрхан, Багануур дүүрэг дээр ялсан ч Ардчилсан нам булаагаад авчихсан. Хэрэв АН, МАН зөвшилцье гэж байгаа бол ард түмний сонголтыг хүндэтгэн байр байрандаа тавих ёстой л гэсэн шаардлагыг бид тавьсан. Гэхдээ яг юу болох нь вэ. Ер нь л явдалтай байна.
-Амлалтаасаа ухарсан гэдгийг та яаж мэдэж байгаа юм уу. Ардчилсан намынхан өөрсдөө хэлээд байгаа юм уу?
-Гарын үсэг зурах үед өөрчлөгдсөн байвал би гарын үсэг зурахгүй. Шаардлагыг хүлээж авсан бол гарын үсэг зурна.
-Сая гарын үсэг зурчихлаа шүү дээ?
-Тэр чинь өөр баримт бичиг.
-Та шинэ Засгийн газрын чадамж хийгээд, шинэ сайдуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Би томилогдож буй сайд нарын талаар юм ярихгүй. Учир нь тэд дөнгөж томилогдож байна. Үнэхээр чадалтай мундаг хүн мөн үү гэдэг нь удахгүй ажил дээр гараад ирэхээр харагдана. Магадгүй үүнийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш энэ муу, тэр чадахгүй гэдгийг ярьж болохгүй. Бүгдээрээ харцгааж л байя.
Э.ЭНХБОЛД