Тахарын ерөнхий газрын дэд дарга, хууль зүйн доктор Б.Батзоригтой ярилцлаа.
–Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаа нь жигдрээгүй шахам байхад татан буулгах асуудлыг УИХ-аар хэлэлцээд эхэллээ. Танай чиг үүргийг хуулийн байгууллагууд хуваагаад гүйцэтгэчих боломжтой гэж үзсэн бололтой…
-Шүүхийн тухай багц хуулиуд батлагдсанаар Монгол Улсын шүүх төрийн хамгаалалтад бүрэн орсон. Мөн шүүгч, прокурорын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг төр хүлээсэн. Өмнө нь төрийн бус байгууллагын хүчээр хийгдэж байсан гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг Тахарын алба гүйцэтгэх болсон шүү дээ. Гуйвар дайвраар гэмт хэрэгтэнг нэг аймгаас нөгөө аймаг руу аваачдаг байсан бол одоо энэ ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэх болсон. Мөн гадаад улсад гэмт хэрэгтэн шилжүүлэх, шилжүүлэн авах, шүүхээс оргон зайлсан бас шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж баривчлан шүүхэд хүргэх ажиллагааг бүрэн утгаар нь улсын хэмжээнд хийдэг болсон. Энэ чиг үүргийг улсын хэмжээнд 600 орчим албан хаагч гүйцэтгэж байгаа. Төрийн үйл ажиллагааны залгамж холбоо тасрахгүй учир Тахарын алба татан буугдвал дээрх чиг үүргүүдийг ямар нэгэн төрийн байгууллага л гүйцэтгэх байх. Энэ УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
–Танай алба байгуулагдахаас өмнө шүүхийн хамгаалалтыг жижүүр, шүүх хуралдааны дэгийг цагдаа хариуцдаг байлаа. Танайх татан буугдвал Тахарын албаны тухай болон шүүхийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох уу. Дахиад бас халаа, сэлгээ эхэлнэ гэсэн үг биз?
-Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж таарна. Өмнө нь Монгол Улсын шүүхийг тэтгэврийн насны хүмүүс жижүүрлэн хамгаалдаг байсан. Зөвхөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дэгийг цагдаа сахиулдаг, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны дэгийг сахиулдаг албан тушаалтан байдаггүй байлаа. Нэг ёсондоо мөнгөө булаацалдсан талууд, салах гэж байгаа эхнэр, нөхөр хоёр шүүхийн байранд бие бие рүүгээ дайрч, зодолдох, шүүгчийн эрх чөлөө нэр төрд халдах явдал энгийн үзэгдэл мэт байсан. Үүнийг захын шүүгчээс асуухад хэлээд өгөх байх. Нэгэнт Тахарын алба татан буугдаад бидний гүйцэтгэж байсан чиг үүргийг өөр байгууллага аваад хэрэгжүүлэх болбол дарга цэрэг нар таалагдах таалагдахгүй байдлаас болоод халаа сэлгээ явагдахгүй гэх баталгаа байхгүй.
–Өмнө нь тэтгэврийн насныхан шүүхийг хамгаалдаг байсан гэлээ. Тэгвэл одоо шүүхийг ямар шалгуур давсан хүмүүс хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж байна вэ?
-Тахарын албаны тухай хуульд зааснаар батлан хамгаалах, хууль сахиулах салбарт гурваас доошгүй жил ажилласан төрийн тусгай албан хаагчдыг Тахарын албанд авна гэж хуульчилсан. Тэгэхээр манай албанд төрийн тусгай чиг үүргийг 3-30 жил хүртэл хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс ажиллаж байгаа. Манай албан хаагчдын 70 орчим хувь нь цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал, хилийн цэрэг, батлан хамгаалах салбарт ажиллаж байсан төрийн тусгай албан хаагчид.Үлдсэн 30 орчим хувь нь сонгон шалгаруулалтаар орж ирсэн. Сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүс ч гурваас дээш жил төрийн тусгай алба хашиж байгаад гадаадад сургуульд явах, хүнд өвчтэй гэр бүлийн хүнээ асрах гэх мэтийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс байгаа. Бид Төрийн тусгай албанаас халагдсан ажилд хүмүүс аваагүй.
–Хэдэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршооны хэргийг шийдвэрлэх үед шүүх хуралдааны танхимын ширээ, сандлыг эвдэж, шүүгчид халдаж байсан. Тахарын алба ажиллаж эхэлснээс хойш шүүхийн халдашгүй байдал, шүүгчийн амь насанд заналхийлсэн, нөлөөлөхийг завдсан асуудал гарсан уу?
-Тахарын алба бол шүүн таслах ажиллагаа хэвийн тасалдалгүй, айдасгүй явагдах нөхцөлийг хангадаг. Манай байгууллага байгуулагдсанаас хойш гурван ч шүүгчийн аюулгүй байдалд халдаж, үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон. Тухай бүрт нь бид хуульд заасан журмын дагуу зогсоож шүүгчийг хамгаалалтад авсан.
–Ер нь ямар хүмүүс шүүгч, гэрч, хохирогчид заналхийлдэг юм бэ?
-Жирийн нэгэн гэмт хэрэгтэн шүүгч, прокурор, гэрч, хохирогчид заналхийлээд байдаггүй. Харин улс төр, бизнесийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд, тэдний талд үйлчилдэг хууль хяналтын байгууллагын ажилтнуудын зүгээс заналхийлэл илүү үзүүлдэг. Тахарын албаны хамгаалалтад орсон хүмүүст ч иймэрхүү заналхийлэл ирсэн байдаг. Нэг жишээ дурдахад, Монголдоо зартай гэгддэг хоёр гэмт хэрэгтэн шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор шүүгчийг заналхийлсэн. Хуулийн дагуу бид шүүгчийг хамгаалалтад авсан. Өөр жишээ яриад байвал улсын нууц задалсан хэрэгт орж болзошгүй учир ингэсгээд зогсоё.
–Шүүх хуралдаан орой тарсан тохиолдолд шүүгч ялтан, хохирогч талынхантай хамт шахам шүүхийн байрнаас гарч харагддаг байсан. Харин одоо хамгаалалтад харьдаг болсон уу?
-Хэргийн оролцогчдын ар гэрийнхэн нь “Ямар шүүгч шийдвэр гаргасан харъя” гэх мэтээр шүүхийн байрны гадаа хүлээж сэтгэлзүйн хувьд нөлөөлөх явдал гардаг байсан. Шүүх хурал орой тарахад шүүгчид гэмт хэрэгтнүүдийн ар гэр, уурлаж гомдсон хохирогчдын дундуур гарах зайлшгүй шаардлага гардаг байлаа. Одоо тийм биш болсон. Шүүх хуралдаан ойртож тарвал шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид гэрт нь хүргэж өгдөг. Сүүлийн үед прокурорууд “Та нар шүүгч нарыг хамгаалаад аваад явчихдаг, биднийг гэмт хэрэгтэн, хохирогчдын дунд орхиод явчихлаа. хамгаалалтад аваач” гэсэн хүсэлт тавих нь ихэссэн. Бид улсын яллагчийг хамгаалах үүрэгтэй учир хамгаалалтад бүрэн авна.
–Тахарынхан шүүгчийг “Ажлын цаг дууссан” гэж шүүхээс хөөдөг талаар яриа гарсан. Иймэрхүү үл ойлголцол байдаг уу?
-Өмнө нь орой үдшийн цагаар шүүхийн байранд архи дарс уух, хонож өнжих асуудал гардаг байсныг нуугаад хэрэггүй биз. Энэ байдалдаа дассан зарим шүүгч нар тийм яриа гаргасан. Шүүхийн байранд архидан согтуурсан, ажлын зорилгогүй хонож өнжих явдлыг арилгах үүднээс Шүүхийн аюулгүй байдлыг хангах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн яам хамтран баталсан. Өмнө нь шүүх төрийн хамгаалалтад байгаагүй, одоо төрийн хамгаалалтад орсон онцгой обьект. Төрийн хамгаалалттай байр руу нэвтэрч ордог тусгай дэг жаяг мөрдөгдөж эхэлсэн нь олон арван жил дадал болсон хэвшил өөрчлөгдөж санал зөрөх асуудал гардаг. Ажлын цаг дууссанаас хойш шүүгч төрийн хамгаалалттай шүүхийн байр руу нэвтрэн орохдоо тамгын даргадаа мэдэгдээд орохоор журамласан. Шүүгч тамгын даргадаа ийм ажилтай гээд утасдаад хэлэхэд л тахарынхан оруулна.
–Танай байгууллагын сайт дээр эрэн сурвалжлагдаж байгаа олон хүний зураг байна лээ. Бүгд шүүхийн шатанд оргосон хүмүүс үү?
-Тахарын алба өнгөрсөн есдүгээр сараас эрэн сурвалжлах ажлаа эхэлсэн. Шүүх, прокуророос 243 хүнийг эрэн сурвалжилж баривчлах шийдвэр ирүүлснээс 105-ийг ньбаривчилсан. Одоогоор 138 хүнийг эрэн сурвалжилж байна. Шүүх, прокурорын шатнаас оргон зугатаасан хүмүүсийг бид эрэн сурвалжилдаг. Бидний барьсан хүмүүсээс долоон жил оргосон шүүгдэгч байна. Бас иргэний хэрэг дээр зохиогч, хариуцагч нарыг эрэн сурвалжилж барьж шүүхэд хүргэж өгдөг.
–Зарим өндөр албан тушаалтнууд шүүхэд очдоггүй, түүнээс болж шүүх хурал хойшилдог байсан. Одоо албадан хүргэдэг болсон гэсэн үг үү?
-Шүүхээс албадан ирүүл гэсэн захирамж ирүүлбэл ямар ч том генерал, улстөрч, дарга байсан ч бид хуульд заасны дагуу албадан шүүхэд хүргэнэ. Өндөр албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг нь үл тоодог хуучны хандлагаар хандах тохиолдол гардгийг нуугаад яахав. Гэхдээ бид юу юугүй албадаж нэр хүндэд нь халдахгүйн тулд эхлээд уулзаж учирлаж ойлгуулснаар шүүхийн дуудсан цагт очдог болсон.
–Тойргийн шүүх байгуулагдсанаар аймаг, сум дамжин ялтнуудыг зөөдөг болсон. Ялтнуудыг хуяглан хүргэхэд оргохыг завдсан тохиолдол гарсан уу?
-Нүүдлийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдал, дэг сахиулах ажлыг тахарууд гүйцэтгэдэг. Өмнө нь ял авсан хүмүүсийг бөөнөөр байлгаж байгаад олон болохоор нь нэгмөсөн зөөдөг нь байсан ял авсан хүний эрхийн ноцтой зөрчил байсан. Одоо бид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй хуяглан хүргэж байгаа. Машин замдаа зогсох, бие засах зэрэг асуудлаар далимдуулж оргох оролдлогыг таслан зогсоох зорилгоор бид олон улсын жишигт нийцсэн аюулгүй байдлыг хангасан, дотроо бие засах боломжтой байдлаар машинаа тоноглож байгаа.
–Танайх хэд, хэдэн улс руу ялтан шилжүүлсэн. Өмнө нь энэ асуудлыг яаж шийддэг байсан бол?
-Гэмт хэрэгтэн шилжүүлэх зарим ажиллагааг мөн улс дотроо хуяглан хүргэх ажиллагааг хийхдээ албан ажлын шугамаар явж байгаа хүмүүсийг гуйх, дайлгаж явуулах зэргээр амжуулдаг байсан. Одоо олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу ялтан шилжүүлж байгаа.
–Тахарын албаны нэг үүрэг бол гэрч, хохирогчийг хамгаалах. Өмнө нь энэ ажил Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв зэрэг төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг байсан. Тахарын алба гэрч хохирогчийг хамгаалалтад авснаар ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өмнө нь гэрч, хохирогчийн шүүхэд нотлох баримтын эх сурвалжийн хэмжээнд үнэлж байсан. Шүүх хуралдаан дууссаны дараа хамгаалах эрх зүйн үндэс байхгүй байв. Одоо шүүхийн өмнө, шүүх хуралдааны явцад, шүүх хуралдааны дараа хамгаалах эрх зүйн үндэс бүрдсэн. Тахарын албанд гэрч, хохирогч хамгаалах чиглэлээр мэргэшсэн тусгай алба хаагчидтай ч боллоо.
–Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалалтад байсан хүн амиа алдсан тохиолдолд гарсан. Одоо ийм эрсдэл арилсан гэсэн үг үү?
-Манайх 20 гаруй хүнийг хамгаалалтад авсан. Манай хамгаалалтад байгаа нэг ч гэрч, хохирогч амь насаа алдах ёсгүй. Энэ тал дээр тусгай мэргэшсэн алба хаагчид ажиллаж байгаа. Манайх Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтраад эрүүгийн хэргийн I шүүхэд тусгай өрөө тохижуулсан. Хохирогч айдастай байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оролцохгүйгээр тусгай өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцыг харах боломжтой болсон.
–Зохион байгуулалттай, өндөр албан тушаалтан оролцсон бас эдийн засгийн том хэрэг дээр гэрч олддоггүй гэж ярьдаг байсан. Гэрчийг хамгаалснаар хэргийн мөрдөн байцаалтад ахиц мэдрэгдэж байгаа болов уу?
-Нэг жишээ дурдахад хүн худалдаалах гэмт хэргийн гэрч гэмт хэрэгтнүүдийн заналхийллээс болоод мэдүүлгээ байн, байн өөрчлөөд байсан. Манай хамгаалалтанд орсноор айдас нь багасан итгэлтэй бол мэдүүлгээ үнэн зөв өгч хэрэг шийдэгдсэн. Гэмт хэрэгтнүүд ч гэрч, хохирогчид заналхийлбэл хамгаалдаг байгууллагатай болсон гэдгийг мэддэг учир илт заналхийлэх явдал буурч байгаа.
–Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг цагдаагийн байгууллага эсхүл өөр хууль сахиулах байгууллага гүйцэтгэх боломж бий юу?
-Боломж бол бий. Гэхдээ гэрч, хохирогчид заналхийлэх эрсдэл өндөртэй хүмүүсийн тоонд хууль сахиулагчид ордог. Гэрч нь тухайн хууль сахиулах байгууллагад итгэхгүй, тэд улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөнд байна гэж үзсэн тохиолдолд тэр байгууллагаар хамгаалуулах нь асар их эрсдэлтэй.
–Олон нийтийн дунд Тахарын алба нэрнээсээ эхлээд ойлгомжгүй байсан. Танай байгууллага олон нийтэд байгууллагаа таниулж чадаагүй юм уу, эсхүл татан буугдах хэмжээнд хүртэл үйл ажиллагаагаа тааруу байв уу?
-Олон улсад манайх шиг үүрэгтэй байгууллагууд байдаг. Тухайлбал, Азийн орнуудад цагдаагийн байгууллагаас нь тусдаа Шүүхийн цагдаа, ОХУ-д яг манайх шиг чиг үүрэгтэй ФССП гэдэг байгууллага байдаг. Канад, Австрали, Их Британид Шэриф, АНУ-д Маршал гэсэн нэршлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний туршлагаас харахад тухайн байгууллагууд олон нийтэд хандаж үйл ажиллагаагаа таниулдаггүй, тэр тусмаа гэрч, хохирогч хамгаалах талаар огт дурсдаггүй арга барилтай юм билээ. Тэдний хувьд шүүгч, гэрч, аюултай байдалд орсон гэдэг мэдээлэл гарахгүй байх нь ажлын үр дүн гэж үздэг. Бид өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах пиар хийхээсээ илүү Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй эл үйл ажиллагаа жигдрүүлэхэд бүх анхаарлаа хандуулж ажилласан.
–Зардлаа багасгахын тулд танай албыг татан буулгах санал гарсан шүү дээ. Ер нь танайх хэр зардалтай байгууллага вэ?
-Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгч, прокурорыг хамгаалах, гэмт хэрэгтнийг эрхийг нь хамгаалсан орчинд аюулгүй хуяглан хүргэхэд монгол төр мөнгөө хэмнэж байгаа юм байна гэж ойлгож байна. Бас иргэн хүн эрх нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханддаг. Гэтэл шүүх түүний эрхийг хамгаалах зорилгоор олдохгүй байгаа хүнийг олох, ирэхгүй байгаа хүнийг ирүүлэх тал дээр мөнгөө хэмнэж байгаа бол бас хүний эрхийг хамгаалах асуудалд мөнгө хэмнэх бодлого барьж байгаа юм байлгүй дээ. Монгол төр хүнээ хамгаалахад мөнгөө хэмнэвэл эрх зүйн шинэтгэл, ардчилал, хүний эрх ярих хэрэггүй биз дээ.
Тахарын алба 730 хүнтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулах байсныг танаад 589 болгосон. Үүнээс болж бид зарим үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч зарим шүүхийг бүрэн хамгаалж чадахгүй, албан хаагчдаа илүү цагаар ажиллуулахаас өөр аргагүй байдал орж байгаа. 12.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8.5 тэрбум болгож багасгасан.
–Хэрэв Тахарын албыг татан буулгавал 600 орчим албан хаагчид хаана очих вэ?
-Тахарын албан хаагчид төрийн тусгай чиг үүргээр мэргэшсэн албан хаагчид. Тэд энгийн ажил хийх боломж муу. Ирсэн байгууллага руугаа буцах гэхээр тэдний оронд хүмүүс томилогдчихсон байгаа. Буцаад очно гэхээр тэр оронд нь томилогдсон төрийн тусгай албан хаагчдыг чөлөөлөөд эдгээр албан хаагчдыг томилох уу эсхүл энэ хүмүүсийг гудамжинд гаргах уу. Бид үүнийг мэдэхгүй. УИХ шийднэ.
Ц.ӨРНӨХ