Categories
мэдээ цаг-үе

Э.ТӨРМАНДАХ: Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохыг хүсдэг

Соёлын тэргүүний ажил­­тан дуучин Э.Төрман­дахтай ярилцлаа.

-“Аархал”, “Тайжийн хурд”, “Хурмастын хүлэг” зэрэг таны морины тухай сайхан дуунууд бий. Бүгд одоо ч хит. Ер нь морины тухай уран бүтээл танд илүү ойр санагддаг юм шиг?

-Миний хоолойтой холбоотой байх гэж боддог. Морины болон эр хүний гал цог, хийморьтой дуунууд надад илүү зохидог, тэр нь сонсогчдод хүрдэг санагддаг. Хүмүүс ч хэлдэг юм. Хоолойны онцлогоос шалтгаалдаг байх л даа. Эх орон, нутаг усны хурц өнгө аястай дуу бас их зохидог шүү. Хөдөөгийн байгалийн сайхан, монгол ахуйтай бага нас минь ойр өссөн болохоор морины тухай дуунд их дурладаг.

-Хүүхэд байхдаа морь унадаг байв уу?

-Манайх Дундговь аймгийн Дэлгэрхаан сумынх. Би зуны амралт эхлэнгүүт л хөдөө явж морь унана. Дөрөв, таван жил хурдан морь унасан. Гэхдээ ах нар намайг хурдны моринд хүнддэнэ гээд тэр болгон унуулж байгаагүй.

-Хэр их айраг, түрүү хүртэж байв?

-Айрагдаж үзээгүй ээ (инээв). Зүгээр л дундуур сайхан давхичихдаг байсан. Харин айргийн тавд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байлаа. Миний наадам мориор дуусахгүй ээ. Бас барилдана. Сургуулийнхаа 80 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд түрүүлж даага, дугуй бас нэг хөгжмөөр шагнуулж байлаа. Ёстой магнайгаа тэнийтэл баярласандаа. Ахлах ангид байхдаа наадмаар сумын зааныг давж бүр их урам орж бөх болно гэж нэг хэсэг шийдчихсэн явлаа.

-Танай эцэг, эхийн удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн удамд Монгол Улсын заан хүн байсан гэж ярьдаг.

-Тэгээд бөх болох мө­рөөд­лөө яагаад орхичихсон юм бэ. Дуучин болоход хэн нэгэн их нөлөөлжээ?

-Тийм ээ. Манай аав ардын болон уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Аймгийн аварга дуучин Шархүү гэвэл Дундговийнхон андахгүй. Миний дуучин болох замыг аав минь хөтөлсөн гэхэд болно. Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохоор шийдсэн. Сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй олон шагнал авсан. Хүүхэд болохоор тэрнээсээ их урам авна. Тэгээд ч ээж маань намайг хүүхэд байхад ах, эгч нарт “Дүүгээрээ хар бор ажил битгий хийлгэ. Манайхаас урлагийн хүн болох ганц хүү. Хуруу, гар нь эвдэрчихнэ” гэдэг байсныг би одоо ч санадаг. Тэгэхээр ээж маань намайг дуучин болно гэдгийг эртнээс зөгнөж байсан санагддаг. Ээжийг хүнд өвчтэй хэвтэрт байхад ээждээ зориулж дуу дуулж өгдөг байсан. Тухайн үед би сурагч байсан. Харин ээжийнхээ хүслийг биелүүлж СУИС-д ороход ээж минь аль хэдийнэ бурхан болсон. Би ээжийнхээ амьд сэрүүн үед “Хүү нь дуучин боллоо” гээд дуугаа сонсгож чадаагүйдээ битүүхэн гунигтай явдаг. Би гурван ах, нэг эгчтэй. Манайхан бүгд л уран бүтээлийг минь дэмжиж, санаа бодлоо хуваалцаж явна.

-Аавыг тань таксины жолооч байсан гэж ярьдаг. Одоо нутагтаа амьдарч байна уу?

-Миний аав насаараа эмнэлгийн жолооч хийсэн хүн. Одоо харин надтай хамт хотод манайд амьдарч байна. Би байсхийгээд тоглолт гээд хөдөө, гадаа явна. Энэ хойгуур эхнэр хүүхдүүдэд маань хань болдог ганц хүн шүү дээ.

-Таны гэргий бас дуучин байх аа?

-Тийм ээ. Гансувд гээд дуучин бүсгүй байгаа. Эхнэр маань манай дээд ангийн оюутан байсан. Бид хоёр оюутан ахуй цагаасаа л үерхэж, одоо урлагийн гэр бүл гэж ард түмэндээ хүндлэгдэж, уран бүтээл хамт хийгээд сайхан л амьдарч байна.

-Та саяхан хөдөөгүүр тоглолттой яваад ирсэн гэсэн. Хаагуур явав?

-Зөвхөн Хэнтий аймгийн сумдаар тоглолт хийгээд ирлээ. 18 сумын иргэдэд ая дуугаа өргөнгөө хөдөө агаар салхинд яваад ирсэн. Би Монголынхоо бүх сумаар орж ард түмэндээ ая дуугаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар 160 орчим суманд очсон байна. Он гаргаад нэгдүгээр сараас баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтий, Сүхбаатар, Булган гээд зүүн болон төвийн аймгуудаар тоглолтоор очоод үзчихсэн шүү.

-Таныг бас дөрвөн улирал зүгээр суудаггүй дуучин гэж найз нөхөд тань үнэлдэг юм билээ?

-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. Миний мэргэжил дуучин. Тиймээс би сонсогчдодоо үргэлж шинэ, сэргэг уран бүтээл хүргэж байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө миний онцлог бол улирал болгонд нь тааруулаад шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг. Өнгөрсөн есдүгээр сард “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. “Намайгаа дурсаарай” гээд шинэ уран бүтээл гаргасан. Зун урин дулаан цагийг харуулсан “Жаргалтай явна хоёулаа” гээд монгол ахуйг тусгасан дууг бас гаргалаа. Одоо харин шинэ жилийн уран бүтээл гээд завгүй болно доо.

-“Аархал” дууг таны брэнд дуу гэхэд болно. Эрчүүд ёстой цөс хөөр­гөсөн дуу болсон гэж ярьдаг. Энэ дуу өөрийг тань анх олонд таниулсан дуу байх шүү?

-Би 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хамгийн анх хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дууг дуулсан. Мөн яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Харин “Аархал” дууг яруу найрагч Н.Баянмөнх бичсэн. Аяыг А.Анхбаяр найз маань бичсэн. Анхбаяр найзтайгаа олонд хүрсэн сайхан уран бүтээл хийх юмсан, олны танил болчихоод тэгж дуулж байна гээд л мөрөөддөг байлаа. Тэгж ярьж байгаад

Ембүү мөнгөн сарнаар нь

Ажнайн салхинд исгэрээд

Есөн булгийн усыг ээ

Цалгиулж явсан хийморь байна аа

Тэсийн гол Галшарын

Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна

Алтан Дарьганга, Говьшанхын

Арагмагийн тоос дээлэнд минь байна гэсэн үгтэй “Аархал” дуу төрсөн. Баянмөнх ах омогшмоор, ёстой л цөс хөөрмөөр сайхан үгтэй шүлэг бичиж өгсөн дөө. Үнэндээ мөрөөдөл минь биелэлээ олж “Аархал” дуу ард түмний сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг. “Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй” зэрэг миний дуунууд байдаг л даа. Гэхдээ би “Аархал”, “Тайжийн хурд” зэрэг морины дуундаа илүү хайртай.

-Дуулсан дуу бүхэн хит болно гэдэг дуучин хүн болгонд олдоод байх хувь биш биз?

-Тэгэлгүй яахав. Дуу хит болоход надад заяасан хувь тавилан гэж би хүлээж авдаг. Мэдээж хэрэг нэг дуулахдаа хит болгоно, хүн бүхэнд хүргэнэ гээд мөнгө цацах гол биш. Хэрвээ хоолойндоо тохирохгүй дуу дуулбал хүн хүлээж авахгүй. Ер нь уран бүтээлийг хамгийн шударгаар үнэлдэг хүмүүс бол ард түмэн, сонсогч байдаг. Миний хувьд дуу хуурын өлгий Дундговийн хүү болж төрсөндөө их баярладаг. Ялангуяа манай Дэлгэрхаан сумаас 29 гавьяат төрсөн байдаг. Ард олны хайр хүндлэлийг хүлээж өдий зэрэгтэй яваа маань нутгийн буян, урлагийн буян гэж боддог. Тиймээс би нутагтаа очих бүртээ Дэлгэрхаан ууландаа мөргөдөг.

-Та чинь сургуулиа төгсөөд л СТА цол авсан билүү?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байтал “Монгол үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдаан болж би түрүүлж гран при хүртсэн. Тэгж анх Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Тэмцээнд 800 гаруй дуучин оролцож байсан. Тухайн үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр СТА цолыг, автомашины хамт гардуулж өгч байлаа. Тухайн жилдээ би “Сайхан” цомгоо гаргаж, анхныхаа бие даасан тоглолтоо хийж байсан юм. Тиймээс энэ цолоо хүндэлж явдаг. Тэрнээс биш ганц, хоёр тоглолт хийгээд СТА болоогүй. Сүүлийн үед энэ цолны нэр хүнд их унасан болохоор би жаахан эмзэглэж явдаг, уран бүтээлч хүнийхээ хувьд.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *