Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугны суурийг хонины сэвстэй гүзээгээр гуяджээ

Төрийн далбаа мандуулдаг газар хонины толгой, шийр тавьсан байлаа

-МОНГОЛЧУУДЫН ШҮТЭЭН БОЛСОН ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ МАЛ НЯДАЛЖ БУЗАРЛАЖ БАЙНА-

Монголын Үндэсний их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэн мал нядалгааны газар болон хувирчээ. “Зил 130” маркийн авто машины чиргүүл дүүрэн хонь, ямаа ачиж ирээд тус хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр хашиж байгаад нэг нэгээр нь гаргаж ирэн нядлах болжээ. Хэдэн жилийн өмнө Афганистан улс төрийн эргэлт хийх үед иргэдээ цэнгэлдэх хүрээлэндээ хорьж байгаад буудаж амь насыг нь хөнөөж байсан гашуун түүх бий. Бүр хөлбөмбөгийн хаалгандаа хүний толгой өшиглөн гоол оруулж байсан байдаг. Үүнтэй адил Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг заларч, хүчит бөхчүүдийн ид хаваа гайхуулан барилддаг сэтгэлийн нандин газрыг хонины сэвстэй гүзээгээр гуядсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээн дээр мал нядлах болсон талаар тэр хавьд амьдардаг хүн болгон ярьж байна. “Хурд” хотхонд амьдардаг иргэдтэй уулзлаа.

Бог малын хорголыг цэвэрлэж амжаагүй байна

Иргэн Г.Цэдэн-Иш ингэж ярилаа.

-Хэдийнээс бог мал авчирч Төв цэнгэлдэх хүрээлэнд нядлах болсон бэ?

-Манай орон сууцны цонхоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай их тод харагддаг юм. Зун наадмаар гэрийнхээ цонхыг онгойлгож байгаад л дурандаад суучихдаг. Бөхчүүдийн барилдаан сайхан харагддаг юм. Төв цэнгэлдэх хүрээлэн монголчуудын сүлд хийморь шингэсэн хамгийн нандин газар гэж боддог. Бүгд надтай санал нийлэх байх. Гэтэл өнгөрсөн ням гаригийн шөнө “Зил 130” автомашин цэнгэлдэх рүү ороод ирсэн. Машин хаазлаад дуу чимээ гаргаад байхаар нь цонхоороо хартал хүмүүс бужигналдаад байлаа. Тухайн үед өвөл болгон энд мөсөн гулгуур хийдэг болохоор ус зөөж байгаа юм байна гээд унтаад өгсөн юм. Өглөө эрт босч ирээд харсан чинь арав гаруй хүмүүс ирчихсэн хонь, ямаа төхөөрч байсан.

-Багцаагаар хэдэн хонь, ямаа нядалсан бол?

-Дурангаар тоолоход зуу гаруй бог хашчихсан байх шиг байсан. Зургаан эрэгтэй хүн төхөөрөөд хэдэн эмэгтэй хүмүүс гэдсийг нь цэвэрлэж байна лээ. Бөхчүүдийн барилддаг дэвжээн дээр нь сэвс, баасыг нь асгаад байсан. Махаа гулуузаар нь өлгөөд, толгой шийрийг нь тэр хавиар тараагаад хаячихсан байсан. Их үдийн алдад мал нядалж байсан хүмүүс гүйлдээд сандралдаад эхэлсэн. Хашаанд байсан хонь, ямаагаа машин дээр ачаад аваад явчихсан. Тэгээд шөнөжин ус асгаад хоносон. Дэвжээн дээр асгасан ус тэр хавиар нэг уур манан татаад хоносон. Өглөө дутуу хөлдөөд хоносон байна лээ гэв.

“ӨВЛИЙН СПОРТЫН БАГ ТАМИРЧДЫН ИДЭХ ХООЛ ХҮНСИЙГ ЗЭХЭЖ БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН” ГЭВ

Биднийг цэнгэлдэх хүрээлэнд очиход манаач дотогш нэвтрүүлэхгүй байв. Манаач “Манайх энд гэр бариад өвөлд нь манадаг. Олон хонь мал хийсэн зүйл байхгүй. Өвлийн идэшний нэг хонь гэрийнхээ гадаа хийсэн” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин Төв цэнгэлдэхийн явган хүн явдаг зам орчимд хонь, ямаа хашиж байсан ул мөр үлджээ. Хонь, ямааны хоргол энд тэндгүй харагдаж байлаа. Улаан хошуут, шаазгай зэрэг шувууд тэр хавьд цугларчээ. Өвлийн идэш буюу улай хийх үед л дээрх шувууд махны өвдөл, цөвдөл олж идэхээр ирдэг билээ. Харин мал нядалж сэвс, цус нөжийг нь гоожуулсан талбайг битүүд нь ус асгаж мөстүүлжээ. Өвлийн спортын баг тамирчид мөсөн гулгуурын талбайг засч янзлаад бэлтгэл сургуулилтаа хийх гэнэ. Ийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр зогсч байтал 40 гаруй насны нэгэн эмэгтэй ирсэн юм. Өөрийнхөө нэрийг нууцалж мэдээлэл өгч болно гэснээр бидний дунд ийм яриа өрнөлөө.

-Та өчигдөр энд гэдэс арилгахаар ирсэн юм уу?

-Тийм ээ. Мөнгө төгрөгийг нь өгье. Хонь, ямааны гэдэс арилгаад өгөх хүн хэрэгтэй байна гэхээр нь ирсэн юм. Мал төхөөрч мөнгө олдог хүмүүс ирчихсэн сурмаг гэгч нь хонь, ямаа нядалж эхэлсэн. Бид ч гэдсийг нь арилгасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд малын амь тасалж болж байгаа юм болов уу гэсэн. Хувийн өмч болчихсон. Хүн хувийн өмчдөө юу ч хийсэн болно гээд миний үгийг тоохгүй байсан юм. Ингээд арав гаруй хонь төхөөрч байсан чинь нүдний шилтэй нэг эмэгтэй, залуугийн хамт ороод ирсэн. Бид ч хонь төхөөрч гэдэс арилгах гэж яваа хүмүүс юм байна гэж ярилцаж байтал гэнэт л камер гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Ингээд л тэнд хонь, ямаа хийхээ болиод цус нөжийг нь шороогоор дараад ус асгасан юм.

-Хаанаас ирсэн хонь, ямааг нядалсан юм бол оо. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Яг хэн гэгч хүн олон мал хотын төвд оруулж ирээд нядалж байгааг мэдээгүй. Тэнд байгаа хүмүүсийн ярьж байгаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас л авчирсан мал юм гэсэн. Өвлийн спортоор хичээллэж байгаа баг тамирчдын идэх хоол хүнс гэж ярьж байсан. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн чинь хувьд шилжсэн гэсэн биз дээ гэлээ.

ЦАГДАА НАР МАЛ НЯДАЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Төв цэнгэлдэх хүрээлэнд мал нядалсан талаар шалгаж эхэлжээ. Цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнд нядалсан мал гарал үүслийн гэрчилгээ байгаа үгүйг шалгаж байгаа юм байна. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ажилтнууд болон Өвлийн спортын шигшээ багийн дарга нарыг шалгаж байгаа аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мөн л шалгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх эрхэм эзэмшдэг юм байна. 1993 онд нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл нийслэлийн ИТХ тогтоол үйлдэж хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ. Харин Т.Нямдаваа гэгч сүүлд Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмших болсон юм байна. Хувийн эзэмшилд очсон ч гэсэн Монгол түмэн олон жилийн турш баяр наадмаа тэмдэглэж ирсэн газар.

Наадмын өглөө Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг шарга морьтой торгон цэргүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Ард иргэд есөн хөлт цагаан тугийг харан баясч тэр жилийнхээ сүлд хийморийг даатган, зүлэг ногоон дэвжээн дээр нь бөхчүүд ид хавийг гайхуулан барилдаж монгол түмэн их цэнгэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс л мэдэрдэг. Монгол түмний шүтээн болсон энэ газар гэдсээ цувуулсан хонь орилоод гүйж явсан юм биш байгаа гэж сэжиг төрөх аж. Хэн гэгч бөх зүрхтэн ингэж цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээн дээр мал нядалж, цус нөжийг нь гоожуулж, есөн хөлт цагаан туг залдаг суурийг сэвстэй гүзээгээр гуядах эрх олгов. Ийм эрх мэдэл олгосон этгээдэд хатуу арга хэмжээ аваасай билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *