Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хорлоо эмээг тохилог сууцтай болгохоор залуус ажлаа эхлүүлэв

“Энх саран” сувилал 2014оны арванхоёрдугаар сарын 2.

-ТЭД САЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ ЧАДДАГАА ЭНЭ АЯНААР ХАРУУЛЖ БАЙНА-

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан С.Хорлоо эмээд туслах аян эхлүүлээд байгаа. Тэд “Бөмбөгөр” худалдааны төв дээр сүүтэй цай заран амьдралаа залгуулдаг 90 настай эмээд шинэ байр барьж өгөхөөр болжээ. Сайн үйлс хийж буй залуустай болон С.Хорлоо эмээтэй уулзахаар гэрт нь очив. Эмээгийнх Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын дэргэд байдаг ажээ. Очтол гурван эмэгтэй байж байна. “Эмээг сувилалд хэвтүүлсэн. Шинэ байшинтай болтол дулаан газар байж байг. Өнөөдөр энэ амбаарыг буулгах гэж байгаа. Эрэгтэй хүний хүч хэрэгтэй байна. Хүн хүч хэрэгтэй байгаа тухай зараа фэйсбүүкээр тараасан” гэлээ.

Амбаарыг буулгахаар хорь гаруй залуу цуглажээ

Бусад нь барилгын захуудаар материалын судалгаа хийхээр явжээ. С.Хорлоо эмээгийн амьдарч байгаа гэр гэж жижигхэн амбаар байв. Ногоон төмрөн амбаарын дотор талыг цаасан хайрцгаар дулаалжээ. Дотор нь жижигхэн зуух, намхан модон ор, ганцхан талх тавиад дүүрчих хэмжээний ширээ л байв. Өөр зүйл алга. Хувцас хунар болон аяга тавгаа цаасан хайрцганд хийчихдэг ажээ. Галлаагүй болохоор жигтэйхэн хүйтэн, дээрээс нь хүйтэн салхи нэвт сийгэж байв. Хашаанд нь эмээгийнхээс гадна хоёр айл байдаг юм байна. Тэд уг хашааг долоо, найман жилийн өмнө С.Хорлоо гуайгаас худалдаж авсан гэнэ. Гэтэл эмээд очих газар байхгүй учраас тэндээсээ нүүлгүй амбаартаа амьдарч байгаа ажээ. “Эмээтэй уулзаад байшин барьж өгөх тухайгаа хэлэхэд нэг л итгэж өгөхгүй байгаа шинжтэй байсан. Арав хоногийн дараа гэхэд дулаахан, сайхан байшинтай болгочихмоор байна” хэмээн эмээд туслахаар ирсэн сайн санаатай залуус ярьж байлаа. Тэнд байсан залуусын утас цайны цагийн үеэр дуугарч эхлэв. Байшин нураахад туслах гэсэн юм, хаана вэ гэж асууж байна. Ингэж ярьсаар хорь гаруй залуу цуглачихлаа. “Цайныхаа цагаар хүрээд ирлээ. Олуулаа юм чинь юу байх вэ” гэлцэн амбаарыг буулгаж эхлэв. Залуусын зарим нь костюм пиджактай, зарим нь жинсэн өмд, пүүз өмсчээ. Харин хүүхнүүд хоол, цай хийн ирсэн юм. Дотуур байранд амьдардаг хоёр оюутан халуун савтай цай, гэртээ хүүхдээ харж буй эмэгтэй хоол авчирч өглөө. Мөн “Scotch” рестораныхан ажил хийж буй залууст халуун хоол, цайгаар туслахаар иржээ. Ингээд ганцхан цагийн дотор эмээгийн амбаарыг буулгав. Амбаар байсан суурин дээр шинэ байшингаа барих бөгөөд суурийн ажлыг барилгын инженер мэргэжилтэй залуу ажлын хөлсгүй хийж өгөхөөр болжээ. Харин ямар байшин барихаа судалж байгаад “Контейнер хаус”-аас 12 метр квадрат хэмжээтэй байшин авахаар болсон байв. Ийм хэмжээтэй чингэлэг 6.5 сая төгрөгийн үнэтэй ажээ. Харин “Контейнер хаус”-ынхан сайн үйлсийг дэмжин 2.5 сая төгрөгөөр худалдахаар болжээ. Байшингийн халаалтыг нэг мөсөн шийдээд шалнаасаа халдаг байлгая гэж ярилцсан ч С.Хорлоо эмээ гал голомтоо авч үлдмээр байна. Зуухыг минь үлдээгээрэй гэж хэлсэн болохоор галладаг байхаар шийджээ. Харин гэрийн тавилгыг модон эдлэлээр тавилга хийдэг залуу үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон гэнэ. Тэрээр “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхантай уулзаж ярилцаад тавилгаа хийхээр өчигдөр Эрдэнэт рүү явжээ. Тэнд очоод цэвэр модон ор, ширээ, шүүгээ, гурван ширхэг сандал зэргийг хийх юм байна.

С.Хорлоо эмээгийн хуучин амбаарыг буулгаж байгаа нь. 2014.12.02-ны 14.05 цаг

С.Хорлоо эмээд тусалж байгаа залуус хийж буй ажлынхаа тухай цахим ертөнцөд мэдээлжээ. Гэтэл хэдхэн цагийн дараа эмээд туслахыг хүссэн хүмүүс холбогдож эхэлсэн байна. “Хэдэн шуудай нүүрс дөхүүлээд өгье”, “Дулаан хөвөнтэй дээл аваачиж өгье”, “Байшин барих үеэр очиж тусалъя”, “Байшин барьж байгаа хүмүүст хоол, цай аваачиж өгье”, “Хөнжил аваачиж өгмөөр байна”, “Цагаан сараар хэрэглэх гээд авчихсан тогооны өрөм байгаа. Тэрийгээ эмээд өгмөөр байна. Яаж уулзах вэ” гэх зэргээр олон хүн эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээж байгаа ажээ. Бас үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд ч гэсэн гараа сунгаад эхэлчихэж. “АПУ” ХХК-ийнхан гэхэд С.Хорлоо эмээгийн бүтэн жилийн сүүний хэрэгцээг хангахаар болсон тухай сайхан мэдээ дуулгажээ. Олны дэмээр С.Хорлоо эмээг энэ сарын аравдаар байшинтай болгочихно. Цаашид байнга харж хандаж байна гэдгээ “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан ярьж байлаа.

Эмээгийн амбаарыг буулгасны дараа С.Хорлоо гуайтай уулзахаар Био комбинат дахь “Энх саран” сувиллын газрыг зорилоо. Тус сувилал эмээгийн байшинг бэлэн болтол үнэ төлбөргүй амрааж байгаа юм байна. Үүдний хүнээр заалгаад өрөөнд нь яваад ортол унтаж байв. Өрөөндөө хоёулаа ажээ. Хамт байгаа эмэгтэй “Эмээ унтаж байна. Саяхан хажуулсан. Байс хийгээд утас нь дуугараад хөөрхийг унтуулахгүй юм” гэв. Ингэж ярьж дуусав уу, үгүй юу эмээ сэрчихлээ. “Хөгшин надад тусалж байгаа буянтай хүүхдүүдийн ачаар ийм сайхан газар ирлээ. Би нойронд муу. Тэгсэн дулаахан сайхан газар ирэхээр унтчихдаг юм байна” гэв. Түүнийг ТББ-ын залуус тус сувилалд уржигдар үдийн хоолны цагаар авчирчээ. Сувилуулахаар ирж байгаа хүн цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур, гэрийн шаахай зэрэг хувийн бэлтгэлтэй ирэх ёстой байдаг байна. Харин эмээд ор хөнжлийн даавуу битгий хэл солих хувцас цөөн болохоор хүргэж ирсэн залуучууд хувийн бэлтгэлийг нь хангаж өгөөд хэвтүүлжээ. Сувиллынхан эмээг хүлээж аваад усанд оруулан, хувцсыг нь сольж өгсөн байна. Мөн эмээд үзлэг хийн эмчилгээ эхлүүлчихэж. С.Хорлоо гуайн хоёр өвдөг хатгаж өвдөөд биеэ дийлэхээ больсон учраас байнга таягтай явдаг гэнэ. Бас баруун нүд нь юм хардаггүй ажээ. Түүнээс бусдаар өвдөж зовоох зүйлгүй гэсэн. Хараа, сонсгол, чих, ой ухаан сайтай. Өндөр настай болсон гэхэд хүний яриаг алдалгүй сонсоно. Бас дөч, тавин настай хүнээс дутахгүй яриа хөөрөө үүсгэж байв.

Эмээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынх. Залуудаа намын ухуулагч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байжээ. Ээжийнх нь нагац Лодон гэж мундаг бяр тэнхээтэй бөх хүн байсан гэнэ. Тэр хүнийг долоон хошуу даншиг наадамд ноёны бөхийг унагаж байсан гэж ярьдаг байж. Бөх удамтайгаас тэр үү гэрийнхэн нь эр, эмгүй айхтар чадалтай, бяр тэнхээтэй хүмүүс байжээ. С.Хорлоо гуай л гэхэд жин тээхэд хамт явдаг, хүнд ачааг эрчүүдээс дутахгүй өргөөд тэмээний нуруун дээр ачдаг байсан гэнэ. Мөн адууны бугуйл алдахгүй уургалдаг байсан тухайгаа ярилаа. “Бага залуу насандаа өмсөх дээлээ өөрөө оёод өмсчихдөг ганган хээнцэр гэж тоймгүй хүн явлаа” гэж залуу насныхаа тухай дурсав. Нутагтаа ухуулагч хийж явахдаа орсон айлынхаа хүүхдүүдэд цагаан толгойн үсэг зааж өгдөг байсан гэнэ. Харин гучин насныхаа босгыг даваад хот барааджээ. Нийслэлд ирээд орон сууцны байгууллагад мужаан хийдэг байсан гэнэ. Бүр мужааны дөрөвдүгээр зэрэгтэй. Хөгшин нь 1945 оны Халх голын дайнд Дандар баатартай мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчин. Хожим буюу 1990-ээд оны эхээр “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнуулсан гэнэ. Мөн байлдааны тэмдэг, халх голын ялалтын тэмдэг байдаг ч хэдэн жилийн өмнө нүүдэл суудал болохдоо гээчихжээ. Өвгөнийгөө өнгөрсөн хойно ахмад дайчны тэтгэмж авдаг гэж сонсоод холбогдох газраар нь явтал ямар нэгэн бичиг баримт шүүж үзээгүй хэрнээ “Танай өвгөн цэрэгт алба хааж байгаагүй юм байна” гэж хэлээд буцаасан гэнэ.

С.Хорлоо гуай залуудаа ганцхан охин төрүүлсэн. Харамсалтай нь газар дээрх ганц охиноо хүний гарт алдсан байна. Хожим дөчин нас хүрээд асрамжийн газраас нэгэн хүү өргөж авсан нь одоо группт байдаг ажээ. Эмээ өргөмөл хүүгээ эмчлүүлэх санаатай амьдарч байсан хашаа байшингаа зараад Бээжин явуулсан ч тус болоогүй гэсэн. Одоо хүү нь эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт тусдаа амьдарна. Сэтгэцийн өвчтэй болохоор хөгшин эхдээ туслах боломжгүй. Харин ч эмээ хүүгийнхээ амьдралд нэмэр болог гээд 200 мянган төгрөгийнхөө тэтгэврийг зээл хэлбэрээр урьдчилж аваад өгчихсөн юм байна. Мөн таньдаг хүнээсээ 300 мянган төгрөгийн зээл авчихсан байсныг “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус төлж өгчээ. Нутгаасаа гараад олон жил болсон учраас одоо ах дүү, хамаатан садан байхгүй. Туслах хүн байхгүй болохоор тэтгэвэрт гарснаасаа хойш буюу сүүлийн гуч гаруй жил цай чанан амьдралаа залгуулдаг болсон байна. Сүүлийн хоёр жил л гэхэд өглөө эрт босоод ойролцоох худгаасаа ус авна. Буцаж ирээд сүүтэй цай чанаад хоёр литрийнхээ халуун саванд хийн “Бөмбөгөр” худалдааны төв дээр зардаг. Эмээ хоёр гартаа таяг тулаад, халуун савтай цайгаа цүнхэнд хийж үүрээд явна. “Бөмбөгөр” дээр очоод нэг аяга цайгаа 500 төгрөгөөр зардаг. Цай авах гэж байгаа худалдагч нар томоо гээчийн аяганд хийлгэж авна. Ингэж явсаар өдөрт их сайндаа 2500 төгрөг олдог ажээ. Тэндхийн цагдаа нар цай, аарц, хуушуур, бууз зарж байгаа хүмүүсийг зах руу оруулахгүй хөөх, ороод ирчихсэн нэгнийг гаргадаг гэсэн. Харин С.Хорлоо эмээг цагдаа нар хөөж туугаад сүйд болохгүй. Тиймээс эмээ лангууны дундуур явж хоёр литр цайгаа зарчихаад гардаг юм байна. Олсон мөнгөөрөө ганц жижигхэн талх, гурил будаахан аваад буцна. Бас дараа өдрийнхөө зарах цайны сүү, шар будаа зэргийг авдаг ажээ. Эмээ иймэрхүү маягаар амьдралаа залгуулсаар 30 гаруй жил болж байгаа юм байна. Харин өнгөрсөн долоо хоногт цайгаа зарчихаад автобусанд суух гэж байгаад Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй таарсан нь эмээд тусалж байгаа ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

С.Хорлоо эмээтэй ярилцан сууж байхад утас нь байс гээд л дуугарч байв. Жижигхэн алчууранд ороосон “Samsung” маркийн гар утас өврөөсөө гаргаж ирээд ярих юм. Эмээд туслах гэсэн залуус үе, үе залгадаг болжээ. Уржигдар л гэхэд шөнө 12 цаг өнгөрч байхад утас нь дуугараад “Танайх хаана вэ. Түлээний мод хүргэж өгье” гэсэн байна. Барьж буй гар утсыг нь хэдэн жилийн өмнө хашааных нь айлын хүүхэд өгчээ. Эмээ утсаараа холбоо барихаас гадна цаг харна. “Шөнө унтаж байхдаа утсаа гаргаад цагаа хардаг юм байна лээ” гэж өрөөнийх нь хүн хэлэв. Бас эмээ цай зөөдөг цүнхээ гаргаж үзүүлэв. Шар шуудайг дөрвөлжин болгож оёод үүргэвч маягтай болгожээ. Түүнийгээ “Миний ажлын гол багаж” гэлээ. Ярьж байх зуур нь ширээн дээр нэгэн бичиг байхыг харвал “Энх саран амралт дээр 2014-12-1 ирлээ. Эмчид үзүүлж хоёр өвдөг тос түрхэж шарлага хийсэн. Нуруунд жин тавьсан” гээд дурайтал биччихэж. Цаас, бал олдвол энэ мэтээр өдөрт юу хийсэн тухайгаа тэмдэглэдэг ажээ. Эмчтэй нь уулзвал “90 настай хүн гэхэд бие сайн. Гэхдээ маш их хавантай ирсэн. Хүйтэнд хүнд юм үүрээд явахаар хавантаж байсан байна лээ” гэсээр эмчилгээнд нь оруулахаар аваад явав. Эмээ өрөөнөөс гарахдаа “Надад тусалж байгаа хүүхдүүдэд баярласнаа яаж илэрхийлнэ дээ гэхээс санаа зовох юм. Би чинь түмэн олныхоо сайн сайхны төлөө өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Одоо насан эцэс болтлоо энэ хэдэн хүүхдийн сайн сайхны төлөө залбирч сууя даа” гэлээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *