Categories
гадаад мэдээ

Ким Чен Унтай маргаснаас нас баржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Гён Хиг таалал төгссөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Ингэхдээ түүнийг Ким Чен Ун хөнөөсөн эсвэл өвчнөөр таалал төгссөн гэж мэдээлж байсан. Гэтэл Ким Гён Хи нөхрийг нь цаазаар авсан хэргээр Ким Чен Унтай утсаар маргалдаж байгаад цус харваж нас барсан гэнэ. 68 настай Ким Гён Хиг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан аж. Энэ тухай Хойд Солонгосын экс Ерөнхий сайд Кан Сун Саны хүргэн байсан Кан Мён Ду мэдээлсэн байна.

Ким Чен Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авга эгчийнхээ нөхөр Жан Сун Тэкийг цаазаар авсан билээ. Хойд Солонгосын хоёр дахь хүчирхэг хүн гэгдэж байсан Жан Сун Тэкийг авлигал, завхайрал, мансууруулах бодистой холбоотой олон хэрэгт буруутгасан ч төрийн эргэлт хийхийг санаархсан гэснээр цаазаар авсан аж. Үүний дараа Ким Гён Хи өнгөрсөн нэгдүгээр сард Кумсусан ордонд экс удирдагчдад хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр хамгийн сүүлд харагдсан аж. Тэрээр экс удирдагч Ким Чен Ирийн үед ахынхаа хамгийн ойрын зөвлөх байж, Хойд Солонгосын хөдөлмөрийн намд өндөр албан тушаал хашиж байв. Өдгөө түүнтэй ижил албан тушаалыг Ким Чен Уны охин дүү 26 настай Ким Ё Жон хаших болсон байна.

Жан Сун Тэк нь 1972 онд экс удирдагч Ким Чен Ирийн охин дүү Ким Гён Хитэй гэрлэж, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд нэр нөлөө ихтэй болсон аж. Тэдний 29 настай ганц охин Францын нийслэл Парис хотноо суралцаж байх үедээ 2006 онд амиа хорлож нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *