Дэлхийн Шинжлэх ухааны академи буюу “The World Academy of Sciences”-аас Монголын эрдэмтэн академич, доктор, профессор Г.Цэрэнчунтыг энэ оны “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр шалгаруулсан байна. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.
Тэрээр Дэлхийн болон АНУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэнэ. Гансүхийн Цэрэнчунт 1977 онд Дундговь аймагт төрсөн бөгөөд өдгөө эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний хувьд бүхий л цаг хугацаанд шинжлэх ухааны салбараас алхам ч холдоогүй гэхэд болно. 2000 онд Монгол улсын Анагаах ухааны их сургуулийг төгсч улмаар Германы Берлин хотын Гумболдын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Сурч байх явцдаа тус сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг байжээ. Ингээд 2006 онд эх орондоо ирж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшилж байгаад 2007 оноос Анагаах ухааны хүрээлэнд судлаач,Төслийн удирдагч, Шинжлэх ухаан технологийн “Оюун онош” төвийн ерөнхий захирлаар ажиллах болжээ. Харин 2009 оноос Монголын анагаах ухааны холбоог тэргүүлж байгаа аж. Г.Цэрэнчунтыг ерөөс гараа хумхиж суудаггүй хүн хэмээн мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг. Зөвхөн эх орныхоо шинжлэх ухааны салбарт олон туршилт, нээлт хийхээс гадна гадаадын нэртэй их, дээд сургуулиудад багшилж, ажиллаж үлгэр дуурайлал болж мэдлэгээ хуваалцаж яваа нэгэн. Тухайлбал, 2010 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор, 2011- 2012 онд ХБНГУ-ын Гумболдын их сургуульд зочин профессор, 2011 онд АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн байна. Ингээд 2012 онд тэр болгон хүн хүртээд байдаггүй профессор хэмээх эрхэм цол хүртсэн ажээ. Тус ондоо бас нэгэн амжилт гаргасан нь Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн явдал юм.
Мэдээж дэлхийн хэмжээний эрдэмтний амжилт, гавьяа шагналыг дурдаад барахгүй их шагнал хөвөрнө. Зах зухаас нь танилцуулбал, говь нутгаас төрсөн эрдэмтэн хүү 2006 онд Монгол Улсын “Шилдэг” эрдэмтнээр шалгарч байжээ. Харин 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал, 2011 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан бол 2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч байсан удаатай.
Г.Цэрэнчунтын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дэлхийн шилдэг эрдэмтэн болгосон нь монголчууд бидний хувьд бахархууштай түүхэн үйл явдал боллоо. Түүний цуврал бүтээл нь хавдрыг эс, молекулын түвшинд бүрэлдэж байх үед нь бүрэн дүүрэн оношилж чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгожээ. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн байна. Энэхүү ажлаа Европын холбооны улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгснийг дэлхий дахинаа онцолжээ.
Профессор Г.Цэрэнчунтын бүтээлүүд ХБНГУ, АНУ, Польш, Канад, Англи, Грек, ОХУ зэрэг олон орны нэр хүндтэй сэтгүүл, хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү олон улсын олон нийтийн хяналттай, шалгуур өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг ажээ.
Д.СҮРЭН