Эболагийн халдвар гарсан баруун Африкийн бүс нутгаас Монгол Улсад долоо, найм, есдүгээр сард 12-15 хүн иржээ. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эбологийн халдвар гарсан орноос зорчих визийн хязгаарлалт хийснээр зорчин явах хүний тоо багассан байна. Визийн хязгаарлалт хийснээс хойш манай улсад баруун Африкийн орнуудаас 2-3 хүн компаниудын урилгаар ирсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
“Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Энхийг сахиулагчид эболагийн голомттой газарт ажиллаагүй бөгөөд ойрын үед 68 хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд өндөр түвшинд шинжилгээ хийж, шаардлагатай бол тодорхой хугацаанд тусгаарлан ажиглалт хийсний дараа нэвтрүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл ярилаа.