Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн албан хаагчдад зориулсан барилга оршин суугчдын эрхийг зөрчиж байна

Өдрийн сонин”-ы “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш оршин суугчид ихээр хандах боллоо. Орон сууцных нь дэргэд хаяа дэрлээд барилга барьчихсан оршин суугчид өдөр ч нар үзэх эрхгүй болсон гэх гомдол их ирж байна. Үүний нэг бол Баянзүрх дүүргийнV хорооны Маахуурын нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны оршин суугчдаас ирсэн гомдол юм. Уг гомдлын мөрөөр сурвалжиллаа. Тус байр Жуковын талбайгаас дээш өгсөх замд буюу “Ромео Жульетта” хотхоны ард байрладаг юм байна. “53” гэсэн зургаан давхар гурван адилхан орон сууц байна.Эдгээрийн захад байрлах 53А байрны баруун талд 10 давхар хоёр барилга баригдаж байна. Орон сууцны зориулалттай баригдаж буй уг барилга 53 дугаар байрнаас 10 метр ч хүрэхгүй зайд байрлах бөгөөд оршин суугчид ямар ч нар үзэх боломжгүй болжээ. Ингээд оршин суугчидтай уулзлаа. 53А байрны оршин суугч Тунгалаг “Манайх энэ байранд нүүж ирээд хоёр жил болж байна. Тэгэхэд л хажууд барилга баригдаж байсан. Нүүж ирснээсээ хойш лав нар үзсэнгүй. Манайх нэг давхар болохоор их хэцүү. Өдөр ч л харанхуй шөнө мэт байдаг” гэв. Түүнчлэн бас нэгэн оршин суугчаас зарим зүйлийг тодрууллаа.

Хажуугийн барилга хэзээнээс баригдаж эхэлсэн юм бэ?

-Манайх энд хоёр жилийн өмнө нүүж ирсэн. Тэгэхэд л баригдаж байсан ш дээ. Одоо болтол дуусаагүй л байна.

Барилгын ажил нь зогсчихсон юм биш үү?

-Энэ хавийн оршин суугчид хөрөнгө оруулалт нь зогсчихсон гэж яриад л байсан. Сайн мэдэхгүй. Нэг хэсэг барилга баригдаж байна гээд их дуу чимээтэй, шөнө ч унтаж чадахгүй байсан. Харин одоо барилгын ажил зогсчихсон юм шиг байна лээ.

Танай байрны оршин суугчид нар үзэхээ байлаа гээд гомдол гаргасан байсан. Танайх яаж байна?

-Та ямар байдалтай байгааг өөрөө харж байгаа биз дээ. Анх энэ байрыг авахдаа баруун талдаа цонхтой байвал үдийн дулаан нар өдөржин ээнэ гэж бодож авсан. Гэвч юун нар. Дуу чимээнээс гадна, нар үзэхгүй, дээрээс нь уг барилгаас гарч буй тоос шороонд амьсгалахад ч бэрх байна. Цонхоо онгойлгохоор барилгын тоос шороо орж ирээд дарамттай байдаг. Манайх нярай хүүхэдтэй болохоор үнэхээр амьдрахад хэцүү байна.

Оршин суугчид нэгдээд тус барилгад гомдол гаргаж үзсэн үү?

-Үгүй. Гэхдээ хэвлэл мэдээллээр барилга хоорондын зай 15-25 метр байх ёстой гээд ярьж байхыг сонссон. Арван давхар, зургаан давхар хоорондын зай тэгэхээр 25 метрээс дээш байх ёстой байлгүй дээ.

Танай байрнаас хэр зайтай бол?

-Нүдэн баримжаагаар харахад 10 метр лав хүрэхгүй харагддаг. Нөгөө талын айлын цонх бараг гурван алд л зайтай байгаа биз дээ. Эндхийн оршин суугчид үнэхээр эрүүл мэндээрээ хохирч, наад захын эрхээ хамгаалж чадахгүй байна. Батлан хамгаалах яамнаас бариулж байгаа дарга нарын байр гэж сонссон гэв.

Арван давхар, орон сууцны зориулалттай дээрх хоёр барилга Монгол цэргийн музейн урдхан хуучин яамны мэдлийн хашаанд баригджээ. Гэхдээ Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг гэнэ.Оршин суугчдын яриагаар бол дээрх барилга Батлан хамгаалах яамны албан хаагчдад зориулсан орон сууц гэх. Тус барилгын санхүүжилт нь зогссон бололтой. Гэхдээ барилгын дотор ажил хийгдэж байгаа харагдсан. Оршин суугчид нар үзэхгүйгээс гадна барилгын ажилчдын цонхоороо хаясан хог эргэн тойрныхоо агаарыг ихээр бохирдуулж байгаад бухимдалтай байсан. Уг барилгыг яамнаас бариулж байгаа хэрнээ зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга гэх ч мэдээлэл байна.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *