Манай монголчууд мөн ч авьяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юмаа. Ийм юм хийчихлээ, тийм юм зохиочихлоо гэсэн мэдээ тасарна аа гэж үгүй.
Саяхан монгол инженерүүд моторыг нь ажиллуулж чадвал яваад байдаг автомашин зохиосон гэнэ. Цаашлаад нисгэж чадвал хөөрдөг онгоц, живэхгүй бол хөвдөг завь гээд юу эсийг туурвисан гэх вэ?
Ердөө өчигдөр уржигдархан л монголчууд Жи Пи Эс хэмээх навигацийн багажийг дуурайлган хийж чадсан тухай мэдээ интернэтийг чимэглэн дурайж байна.
Тэрний урд өдөр монгол хүний гараар хийсэн анхны түмпэн гарлаа, гадаад сав суулгад томоохон цохилт боллоо гэж зарлаад байсан.
Тэрний урьдын урьд өдөр бас зүгээр байгаагүй ээ, нүүрснээс гал гаргаж чадлаа ч гээд байл уу?
Сүүлийн арваад жил Монголын шинийг сэдээч нар халдаггүй мөртлөө утаа гаргадаггүй зуух хичнээн ч олныг хийв дээ. Үнэхээр гал түлэхгүй бол утаа гаргахгүй байсныг экспертүүд тэмдэглэсэн байсан шүү.
Эдийн засагчид эдийн засгийг хямралгүй удирдах арга олсон байна. Үнэхээр хямрал тохиолдохгүй л эдийн засаг хямрахгүй байгаа нь тэндээс ажиглагджээ.
Банкны мэргэжилтнүүдийн нээсэн “хэрэв инфляц тохиолдохгүй бол мөнгөний ханшийг унагаахгүй барьж болдог” туршлага байна. Мөн тэдний санаачилсан “мөнгийг зарахгүй бол тооны хувьд хорогдохгүй” тухай гаргалгаа ч ардын эдийн засгийн гол зарчим хэвээр байна.
Гэхдээ монголчуудын нээлтүүдэд ч чанарын өөрчлөлт гарчээ. Ромбу гаригтай уулзаж, лусын эзэдтэй танилцаж, хорвоогийн тайлагдашгүй нууцыг харж, газар хөдлөлтийг урьдчилан хэлэх гээд байхаа улам бүр болж байна.
Нарийн биш анзаарвал хүний хийсэн юмыг л дахин хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа биз. Харин нарийн анзаарвал тийм биш нь мэдэгдэнэ.
Нөгөө талаас бид нээлт хийх тусмаа өөрсдийгөө бурхан сахиус, үгүйдээ л хүний үүлдрийн онцгой ашиг шим бүхий хөх толбот омог энэ тэр биш гэдгийг таньж байна. Бид бусадтай л адилхан хувийн сонирхолтой, шуналтай. Асуудлыг юун түрүүнд хувьдаа ямар унац гарахыг танддаг. Авчихмаар дэл сул юм тааралдвал ер буцахгүй жирийн л нэг амьтан гэдгээ таньж байна. Энэ бүхэн бидний, шунаг сувьдаг амьтас, муу муухайн үүр гэхээсээ илүү энэхүү нүгэлт хорвоогийн нэгэн хэсэг болохыг харуулаад байна.
Бид утаа багасгах гэхээр утаа ашиглаад ямар ч бизнесийг тийш чиглэсэн утгатай болгож чадаж байна. Энэ бол хүний л хийж чадах шунал. Хурга барихаар гарсан чоно больчихоод байнга ишиг олоод байх арга нээгээд харьдаггүй. Ховдог нохой байхаас шуналтай нохой байдаггүй, цусанд дуртай ч гэсэн авлига авах, луйвар хийх чоно байдаггүй. Харин бид хүнтэй л адилхан шуналтай юм байна.
Хамгийн гол нээлт нь хүний асуудлыг шийдэхэд бус асуудлаар дамжуулан хувийнхаа амьжиргааг сайжруулах мэтийн шал өөр талын юм нээгээд явдаг гэдгийг олж харсанд байна. Утааг арилгахын тулд бус утааг удаан байлгаж, түүний далбаан доор мөнгө хөрөнгөө арвижуулаад авах боломжийг л бид олж хардаг. Утаа багасгах хүрээнд дээвэр туурга, дулаан оймс, хөл халаадаг улавч гээд юу эсийг сэтгэсэн гэх вэ? Энэ нь монголчууд муу муухай гэсэн үг биш, харин ч бид хүн төрөлхтний хүсэл шуналын нэг хэсэг гэсэн үг.
Хүн төрөлхтөн хүсэл шуналаа хэрхэн тогтоон барьдаг, хувь хувьсгалаа хослуулсан ямар менежмент байдаг, тэр бүгдийг дагахаас өөр замгүй юм байна гэдгийг л харуулж байгаа хэрэг.
Нээлт хийхийн хэрээр бид тэнгэрийн амьтан, газрын идтэн, бурханы онцгой бүтээл биш гэдгээ харж байна. Бид хүний хийж чадахыг л хийхээс биш хүн хийшгүйг бүтээх увидастан бус гэдгээ мэдэрч байна. Бидний хамгийн том нээлт бол зүгээр л “бид хүн юм байна” гэсэн дүгнэлтэд өдөр өдрөөр хүрч байгаа явдал. Бага юм биш ээ.
2010 оны 5 сарын 26