Гандан хийдэд хүн хүлээж суух завсар хуулан бичлэг хийв. Далай ламын “Ухамсар”-ын тухай сургаал хананд байсан нь анхаарал татах нь тэр. Бусдын мянган алдааг олж харснаас өөрийнхөө нэг гэмийг ухамсарлах нь танд ашигтай. Өрөөл бусдыг өөлж гоочиллоо гээд эв найрыг бусниулах хагарал зөрчлийг нэмэхээс цаашгүй. Тэрийг байгаагаар нь хүлээн ав. Бусдын тухай ярих гэвэл сайн сайхныг нь л ярьж бай. Хэн нэгнийг гутаан доромжлох гэвэл амаараа дүүрэн баас үмхэж байна гэж өөрийгөө төсөөл. Муу зуршлыг чинь таслах үр дүнтэй арга шүү. Дээрхийн гэгээн XIV Далай лам гэжээ. Далай лам ч бас хэзээ нэг цагт амаараа дүүрэн баасны тухай төсөөлж байсан ч байж мэдэх нь. Харин энгийн бид энэ зарчмыг мөрдөх бол таагүй төсөөллийг нэг бус удаа ургуулах хэрэгтэй болох вий. “Итгэл найдвар”-ын тухай өөр нэг хэсэг зөвлөгөөнд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй.
Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цэг бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тавих нь харалган явдал. Хэрвээ тэр найдвар чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй гэнэ шүү. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд үр хүүхдэдээ эсвэл нөхөртөө хамаг найдвараа тавих нь нийтлэг дутагдал ч байж мэднэ. Ээж маань охиндоо их л найдвар тавьж байсан. Харин би хүссэнд нь хүрээгүй. Хүүхдүүдээ хүнээс илүү яваасай гэж би хүсдэггүй зүгээр л хүний дайтай амьдраасай гэж хүсч байна.
Б.ЯНЖМАА