Сэлэнгэ аймаг энэхүү баярыг жил бүр тэмдэглэдэгуламжлалтай билээ. Харин энэ жил урьд жилүүдээсээ илүү онцлог үйл явдал болж байна. Энэ бол аймгийн хэмжээнд сүүлийн 26 жилд аваагүй арвин ургацыг авч байгаа явдал билээ. Ингээд удахгүй тэмдэглэх “Алтан намар” ургацын баярын өмнөхөн аймгийн ҮХААГ–ын дарга Х.Даваахүүтэй уулзаж ярилцлаа.
–Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд өндөр ургац авч байгаад баяртай байна. Энэ амжилтаасаа манай уншигчидтай хуваалцана уу?
-Баярлалаа. Энэ жил манай аймаг сүүлийн 26 жил аваагүй өндөр ургацыг хураан авлаа.
Энэ бол Сэлэнгэчүүд бидний газар нутгаа дээдлэн, шүтэж, тариа ногоогоо тариалан ирсэн түүхэн үеийн нэгэн он тоолол юм.
Манай аймгийн тариаланчид энэ жил нийтдээ 174167 га талбайд тариалалт хийж 127.1 мянган га талбайд чанартай уринш бэлтгэн эргэлтийн талбайгаа 98.6 хувьтай ашиглалтанд оруулсан. Үүний үр дүнд энэ намар 142096 га талбайгаас 242929.1 тонн үр тариа буюу га-гаас 17.1 центнер, 28637 га талбайгаас20795 тонн тосны ургамал буюу га-гаас 7.3 центнер, 3246 га талбайгаас 6744 тонн тэжээлийн ургамал буюу га-гаас 20.8 центнер, 2147.6 га талбайгаас 31474.5 тонн хүнсний ногоо га-гаас 147 центнер, 2935.3 га талбайгаас 46070.9 тонн төмсга-гаас 157 центнер, 1014.9 га талбайгаас 85.5 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хураалтаа бүрэн дуусгаад байна.
Үүнээс улаан буудайн ургацыг авч үзвэл буудай 130504 га талбайд тариалж 229769.9 тонн буюу га-гаас дунджаар 17.6 центнер хураан авсан нь Сэлэнгэ аймаг сүүлийн 26 жилийн түүхэнд аваагүй ургацаа хураан авч Атрын түүхэнд бас нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.
Сэлэнгэчүүд анх 1988 онд 323,4 мянган тн үр тариа хураан авч байсан нь түүхэн дэх хамгийн өндөр авсан ургацтай жил байсан юм. Мөн аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 164000 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөгөө 106.4 хувиар давуулан биелүүлээд байна. Ийнхүү амжилттай ажилласан нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “газар тариалан эрхлэгчдийн техник, технологийг шинэчлэх”, “усалгаатай тариаланг хөгжүүлэх”,”таримал ургамлыг малаас хамгаалах” зэрэг заалтыг хэрэгжүүлэн ажилласан.Энэ бүгдийн үр дүнд ургацын хувь хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал, бид “хамгаалагдсан тариа”, “хамгаалагдсан ногоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын хөлөөс тариа ногооны талбайг хамгаалсан.
Судалгааны дүнгээс харахад аймгийн нутаг дэвсгэр дэх малын тоо байвал зохих хэмжээнээсээ хэтэрснээс шалтгаалан бэлчээрийн даац хүрэхгүй болж, мал тариан талбайд бэлчих болсон нь тариаланчдын ургацыг тодорхой хэмжээгээр бууруулж байсан. Иймээс “Хамгаалагдсан тариалан” төслийг хэрэгжүүлсэн.
–Таны дээр дурдсан “Хамгаалагдсан тариалан” төслийг хэрхэн санаачилж хэрэгжүүлсэн талаар сонин байна. Энэ талаараа жаахан тодруулаач…?
-Сэлэнгэ аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилго тавьсан аймаг л даа. Энэ зорилтыг биелүүлэхтэй уялдан “хамгаалагдсан тариалан” төслийг санаачлах болсон. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “таримал ургамлыг хамгаалах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ нь таримал ургамлыг малаас хамгаалахын тулд хаших гэсэн санаа байсан. Энэ санааг төсөл болгоод Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” ХХК-д хандсан.
Төслийг “Бороо гоулд” ХХК дэмжиж, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон.
Ингээд 2012 оны төгсгөлөөр эхний төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлаж, санхүүг нь “Бороо гоулд” ХХК, захиалагч нь аймгийн ХААГ, гүйцэтгэгчээр нь тендерт ялсан Дархан-Уул аймгийн “Арогон” ХХК-иуд гурвалсан гэрээ байгуулснаар энэ төслийн ажил эхэлсэн юм. Эхний ээлжинд 17 мянган метр хашаа өгсөн ньодоо миний санаж байгаагаар 260 гаруй сая төгрөг болж байсан байх. Мөн төсөлд хамрагдагсдад хашааны ашиглалтын заавар өгч, сургалт зохион байгуулсан.
Энэ төсөл маш их үр дүнгээ өгсөн. Төслийн дүнгээс харахад аймгийн 17 сумаас Орхонтуул бүрэн гүйцэд ашиглаагүй, Сүхбаатар сум зориулалтын бус ашигласан, Баянгол сум хожуу эхэлсэн. Энэ 3 сум л биелэлт тааруу бусад сумд нь маш сайн хэрэгжүүлсэн.
–Төслийн үр дүнг сайн байсан гэж та хэллээ. Тэгэхээр төслийн хоёр дахь үе шат нь хэзээ эхлэх вэ?
-Энэ оны 10-р сард 2 дахь шатныхаа төслөөр 20 гаруй км газар хашаажуулахаар болсон. Тендерээ ч зарласан. Энд Улаанбаатар хотын компани шалгараад хашаагаа авчирч саяхан сумдад тараагаад байна.
Ер нь энэ төсөл хэрэгжсэнээр хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, тариа ногоогоо хамгаалахын зэрэгцээ бас малаа хамгаалж байгаа. Мөн хашааг барьж, буулгахад хялбар учраас хавар нь бариад, намар нь буулгаад авчихаж байгаа. Ингэхээр үрэгдэж алга болохгүй, хулгайд алдагдахгүй, бас эвдэрч хэмхрэхгүй.ТөслийгБаруунбүрэн, Түшиг сумд маш сайн хэрэгжүүлсэн. Цагааннуур, Сант, Орхон, Баруунбүрэн, Ерөө зэрэг сумд энэ төслийг дахин хэрэгжүүлэх гэсэн саналаа удаа дараа хэлж, аймгийн ИТХ дээр ч танилцуулж байсан.
Төслийн үр дүнг хураан авсан ургацын хэмжээгээр тооцож үзвэл, урд жилүүдээсээ арай илүүг буюу 1784 тн төмс, хүнсний ногоог хашаажуулсан газраасаа хураан авчээ гэж гарсан. Иймээс хамгаалагдсан тариалан руу мал орох нь багасаж, энэ хэмжээгээр ургацын хувь дээшилсэн байна гэж үзсэн.
–Хашаанаас өөр аргаар тариан талбайг хамгаалж байсан санагдах юм?
-Ер нь таримал ургамлыг малаас хамгаалах талаар олон ажил хийсэн. Тухайлбал, Гацуурт зэрэгхүч, чадалтай компаниуд “нүх” ухдаг. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж ухсан нүхээр нь асар их ууршилт бий болж ойр орчмынхоо хөрсийг хуурайшуулж, хөрсний үржил шим муудаж байна. Мөн нүхэнд нь мал унаж эндэх явдал гардаг.Харин энэ жил “Гацуурт” компанийнхан цагаан хэрэм шиг цементэн хашаа барьсан байсан. Энд асар их зардал орж, энэ зардлаа хурааж авсан тариа, будаандаа шингээж, будааны үнэ бас өсөөд байна шүү дээ. Тэгээд ч бүх хүн Гацуурт компани шиг хашаа барих боломж нь бас байхгүй шүү дээ.
Энэчлэн тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгө боломжид тааруулаад төрөл бүрийн хашаанууд барьж үзсэн л дээ. Гэвч, модон хашааг нь эвддэг, төмөр хашааг нь өвөл хулгайлаад аваад явчихдаг, блокон хашаа нь зардал их зэрэг бэрхшээлүүд гардаг. Харин энэ төсөл хоёр жил амжилттай хэрэгжиж, ногоо, малаа хамгаалуулсан иргэд нилээн ам сайтай байгаа.
–Манай аймаг цаашид тариа, ногооны талбайг малаас байнга энэ төсөл хэлбэрээр хамгаалаад байх уу, эсвэл…?
-Ер нь цаашдаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд малынхаа тоог цөөрүүлж байж таримал ургамлаа малаас хамгаалах нь чухал. Тэгэхээр Сэлэнгэ аймагт” эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” гэсэн статусыг өгөх хэрэгтэй. Ингэх юм бол манай аймгийн ИТХ өөрсдөө шийдээд эрчимжсэн малын бэлчээрийн төлбөрийг багаар, нутгийн малын бэлчээрийн төлбөрийг нь ахиу тавихыг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Тэгээд “уучлаарай бусад 20 аймагт нь нутгийн мал нь байг. Энд нь цэвэр эрлийз, эрчимжсэн мал нь байг” гээд байхад болох юм. Тэгвэл нэг сая гурван зуун мянган малаас авдаг ашгаа 500 малаас авъя гэж байна.
1988 онд 323000 тонн үр тариа авахад Сэлэнгэ аймаг 432000 толгой малтай байсан.
Энэ жил сүүлийн 26 жилд аваагүй ургац буюу 1988 онтой дүйхүйц хэмжээний ургац авлаа. Ингэхэд 1,3 сая малтай байна. Энд малын тоо нь гурав дахин өссөн. Гэхдээ бэлчээр тэлээгүй нь ойлгомжтой. Харин энэ өндөр ургац авахад хамгаалагдсан тариа, ногооны төсөлүр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
–Тариалангийн талбайг малаас хамгаалах төслийг “Бороо гоулд” компани дэмжсэн хэмээн та ярилаа л даа. Газар тариалангийн бүс нутаг болох манай аймагт уул уурхайн компаниуд хэр өгөөжөө өгдөг гэж Та бодож байна. Би энэ асуултыг танд тавьдаг учир нь, Бороогийн уурхайн үйл ажиллагаа ид дундаа явж байх үед Та Баянгол сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр энэ компаниар жишээ болгон асууж байна л даа?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутагтаа өгөөжтэй байдаг. Жишээ нь миний ажиллаж байсан сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компани сум орон нутагт маших үр өгөөжтэй байсан талаар би олон удаа хэлж байгаа.Анх 2002 онд “техник эдийн засгийн үндэс”-тээ “сум,орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зохих хувь нэмэр оруулна” гээд “100 мянгаас доошгүй хэмжээний $-ийг тухайн сум орон нутагт өгнө. Дээр нь нийгмийн шаардлагатай асуудлуудыг шийднэ” гэсэн үндэслэлийг үзэглэсэн юм. 2003 оноос анхны 50,000$ авч, үүгээрээ сумынх Засаг даргын ТГ-ын конторыг барьсан. Хуучин нь 1964 онд барьсан маш намхан, мөөгөнцөрдсөн цагаан байр байсан. Дээр үед САА-н орон гэргүй хүмүүс байрладаг байсан газрыг засаж додомдоод суусан. Тэгээд яах ч аргагүй болоод сум орон нутгийн төсвөөс 50 сая, бороо гоулд 50 000 $, аймгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөг авч одоогийн байгаа ТГ-ын байрыг тэр үеийн 120 гаруй сая төгрөгөөр барьж, тухайн үедээ шүүмжлүүлж л байсан.
Үүнээс хойш Бороо гоулд төлөвлөсөн хэмжээний үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байсантай холбогдоод, бид маш сайн хамтарч ажиллаж байсантай уялдаад, Бороо гоулд компани сум орон нутгийн үйл ажиллагааг ойлгож байсантай холбогдоод гол гол шийдвэрлэх асуудлуудаа хамтран гаргаад түүнээс хойш жил бүр 250,000$ өгч байсан. Энэ бол асар их мөнгө. Тухайн үед 300 гаруй сая төгрөг байсан. Энэ санхүүжилтэнд төсөл бичиж, хамтран шийддэг байсан. Ингээд дараагийн жилд эмнэлэгт иж бүрэн засвар хийж, дээр нь шүдний иж бүрэн кабинеттай болсон. Гурав дахь жилдээ “Сумын хөгжлийн сан” гэдэг зүйлийг байгуулж, жил бүр 40,000$-г сандаа хадгалж, түүнийгээ залуу гэр бүлийг дэмжихэд зориулж, өөрөөр хэлбэл, иргэддээ хүртээх хэлбэр рүү орсон. Энэ нь нэг хувийн хүүтэй байсан.
Улсын хэмжээнд одоо л дөнгөж “Орон нутгийн хөгжлийн сан” гэж ярьж байхад бид үүнийг аль хэдийн байгуулчихсан байсан. Тэр үед Зоос банкны захирал байсан Батбаяр “Бүх банкны зорьж байгаа зүйлийг Баянгол сумынхан хийчихсэн байна” гэж хэлж байсан. Үүнээс хойш их зүйл хийсэн. Бүх багууд контортой болж, “баг” хөтөлбөрийг улсын хэмжээнд ярьж эхлэхэд манайх аль хэдийн энэ хөтөлбөрийг нь хангачихсан байсан. Мөн зургаан настай хүүхдийн сургалт гэж улсад ярьж эхлэхэд бид аль хэдийн бэлтгэлийг нь хангаад, кабинетийг нь байгуулчихсан байсан.
–Тэгвэл уул уурхай дагасан сум орон нутгийн хөгжил бусад сумдаас арай нэг алхамд түрүүлж явдаг юм аа даа?
-Тийм шүү. Баянгол сум улсын хөгжлөөс нэг алхам түрүүлж байсан нь уул уурхайн компанитай хамтран ажилласны үр дүн юм. Мөн АББ төвийг зассан. Энэчлэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд засахыг нь засаж, өргөтгөхийг нь өргөтгөсөн. Ингээд үндсэндээ нийгмийн гол гол асуудлуудыг шийдсэн учраас иргэд рүүгээ хандаж, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр 1,8 км зам тавьж, мөн хэмжээний газар замын гэрэлтүүлэг хийж байсан. Дээр нь “хүнсний ногоо” хөтөлбөр гаргаад тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй, өрх толгойлсон иргэдэд газар олгоод бүгдийг нь хоршиж ажиллах нөхцөл боломж,мөн ажиллах техникээр хангаж, үрийг нь өгч дэмжсэн төсөл хэрэгжүүлсэн.
Тухайлбал, одоогийн төлөвлөлт, төвлөрсөн усан хангамж гээд яриад байгааг бид тэр үед хийсэн.Бид хойд энгэрийн бүх айлын хашаанд цэвэр ус оруулж өгсөн. Энэ нь хоёр гурван худгийг хооронд нь холбоод даралтаар гудамж бүрт, айл бүрт хүргэж байсан.
Энэ бүхний үр дүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сум төр засгийн аливаа ажлын үзүүлэлт, үнэлэлт дүгнэлтэнд байнга тэргүүн эгнээнд орж байсан. Өөрөөр хэлбэл, “Бороо гоулд” компанитай хамтран ажилласны үр дүнд сум орон нутгийн маань өнгө үзэмж сайжирч, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл, ядуурлын түвшин бусад аймаг сумдын дунджаас бага байдаг байсан.
Жишээ нь намайг ажиллаж байх үед улсын хэмжээнд хоёрхон удаа уралдаан зарлагдаж байсан. Нэг нь соёлын төвүүдийн дунд, нөгөө нь АББТ-ийн дунд уралдаан болж улсад соёлын төвөөр 2-р байранд, нөгөөдөхөөр нь 3-р байранд орж байсан. Тэгээд бид аймгийнхаа тэргүүний сум болсон. Бүсийн тэргүүний сум болохоор үзүүлэлтээ хүргүүлсэн байсан. Энэ бүгд хангагдаад “улсын тэргүүний сум” болсон. Энэ бүхэн маань энэ компанитай хамтран ажиллаж байсны л үр дүн.
Энэ мэтчилэн сумын иргэдийнхээ амьдрал ахуй, ажил хөдөлмөрийг нь дэмжсэн, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг сайжруулсан олон ажлууд 2003-2009 онд буюу намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн.
Энэ зургаан жилийн хугацаанд 1,500,000$ буюу 1,6 тэр бум төгрөг гэсэн үг.2009 онд миний бие Засаг даргын ажлаа өгөхдөө 384 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд нь үлдээсэн. Бусад нь ямар нэгэн байшин барилга барих, иргэдийн амьдрал ахуйг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зориулагдсан байсан.
Тэгээд энэ компани ганц манай сумаар зогсохгүй, Мандал суманд, аймгийн төвд мөн хэмжээний хөрөнгө, санхүүг өгдөг байсанг би санаж байна. Жишээ нь аймагт Хүүхдийн ордонг байгуулахад, Спортын ордонг засварлахад… гээд байна. Баянгол суманд төрөөс 100 гаруй сая төгрөг өгдөг байсан. Тэгэхэд тэр үеийн 300 сая төгрөг гэдэг бол үнэхээр сум хөгжих үндэс нь болсон их мөнгө шүү дээ. Үүний үр дүнд ч Баянгол, бас Мандал сум улсын тэргүүний сум болж чадсан байх.
–Тэгвэл Мандал суман дахь Гачууртын үндсэн орд ашиглалтанд орвол тухайн орон нутаг, хүн амд шинэчлэл, өөрчлөлт ирэх болов уу…Та юу гэж бодож байна?
-Нэг талаас нутаг орныг хөгжүүлэхээс гадна олон хүнийг ажлын байраар хангана гэж бодож байна. Намайг сумын даргаар ажиллаж байх үед манай сумаас 84 хүн үйлдвэрт, мөн 90 гаруй хүн компанийн туслах үйлчилгээнд гээд 170 гаруй хүн ажилладаг байсан. Ялангуяа үндсэн 84 ажилтанбол тэр үед сард сая гаруй төгрөгийн цалин авч байсан. Ингээд цалин өндөр болоод ирэхээр айл өрхийн амьдрал “сэв хийтэл” босоод ирдэг юм билээ. Би 2004, 2005 оны асуудлыгярьж байна шүү. Тэр үед ажиллаж байсан залуучууд одоо бүгдээрээ Дархан, Улаанбаатар хотод байртай, унаатай, үр хүүхэд нь гадаад, дотоодод сурдаг гээд хүний амьдрал улам сайжраад ирдэг юм байна лээ. Тоогоор хэлэхэд 80 гаруй хүн ч өрхөөр аваад үзвэл 70, 80 өрх, өм бүлээр бол хоёр, гурван зээн хүний амьдрал ахуй, нөхцөл боломж сайжирсан гэсэн үг.
Энэ компани сум орон нутагтай маш сайн хамтарч ажилладаг. Ажлын байр гарлаа гэхэд эхлээд Баянгол сумаас л ажилчин авдаг. Энд мэргэжил мэдлэг шалтгаална л даа. Мэдээж багш хүнээр уулын инженер хийлгэх хэцүү шүү дээ. Гэхдээ Баянголоос эхлээд сонголтоо хийдэг.
Үүний зэрэгцээ үндсэн ордын нэг давуу тал бол шороон орд шиг усыг бохирдуулаад байдаггүй. Экологийн асуудлаар бас их зүйл хийдэг. Тиймдээ ч тэнд нутагшсан тарвага, одоо ч байгаа. Гөрөөс нь ч, ургамал нь ч байгаа. Нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийх юм бол экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй гэдгийг энэ компани харуулсан.
Гачууртын орд бол үндсэн орд. Энд тус компани маш их хөрөнгө оруулалт хийсэн. Миний харж байгаагаар Зүүнхараа замтай боллоо. Түнхэлд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех байгууллаа.
Энэ компани ч бизнесийн л байгууллага. Олон жил хөрөнгө мөнгөө энэ ордод зарцууллаа шүү дээ.Тэгэхээр үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэл шийдэхээр л зүйл.
Энд Хараагийн бүсийнхний амьдрал ахуй дээшилнэ. Ер нь баг хөгжөөд сум, сум хөгжөөд аймаг хөгжинө шүү дээ. Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Тэгэхээр Гачууртын төсөл хэрэгжих юм бол үр дүнтэй л гэж бодож байна.
Н.ОЮУНМАА