Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар,Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан 2 иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар 7, 8 дугаар саруудад тус тус илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Ийм учраас нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүний гар дээрээс авч амь нас эрүүл мэндээ хохироохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан доор хэрэглэх талаар анхаарууллаа.