Монголчууд оны сүүлээр гурван баяр тэмдэглэдэг боллоо. Нэг нь улс тунхагласны баяр. Нөгөө нь Монгол бахархлын өдөр. Гурав дахь нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр. Уг нь тусгаар улс байхын омогшил, бусдаас хараат бус оршихын үнэ цэнийг мэдрүүлсэн утга учиртай сайхан өдрүүд л дээ. Өчигдөр улс тунхагласны баяр болов. Энэ өдөр МАН-ынхнаас бусад нь баярлаж сүйд болсонгүй. Тэд л бөх барилдуулж анхдугаар Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийг тэмдэглэцгээв. Өмнө нь улс тунхагласны баяраар нийтээрээ амарч энэ өдрийн үүх түүхийг өөр зуураа хөөрөлдөж өнгөрөөдөг байв. Харин жил гаруйн өмнө 11 дүгээр сарын 26-ныг баярын өдрөөс хасч, Чингисийн мэндэлсэн гэх өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгож нийтээр амрахаар хуульчилсан юм. Өнөө “бахархал”-ын өдөр нь энэ жил бүтэн сайнд таарсан учраас монголчууд амарсангүй. Амрах ёстой өдөр нь бямба, ням таарвал иргэдээ нөхөж амраадаг бусад улсын жишиг манайд үйлчлэх биш. Хуулиараа амрахыг зөвшөөрсөн нэг өдөр маань ингээд “будаа”. Монгол бахархал энэ тэр ч ярьж хөөрсөнгүй. Ихэнх хүн “азгүй юм аа, амралтын өдөр таарсангүй” гэсгээдэнэ өдрийг өнгөрөөв.
Ирэх сард бас нэг баяр бий. Албан ёсоор амрахыг зөвшөөрсөн өдөр. Тусгаар тогтнолоо сэргээж, Богдыгоо хаан ширээнд залсан арванхоёрдугаар сарын 29-нийг хэлээд байна л даа. Амралтын биш ажлын өдөр байна лээ. Гэхдээ арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд яадаг билээ. Шинэ жил гэж бужигнасан л улс байдаг. Юун үндэсний эрх чөлөөний хувьсгалын үүх түүх ярих.Амралтын өдөр болгож хуульчлах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгсэн тэгээгүй л амралтын байдал руу шилжчихдэг өдрүүд гэдгийг дээр дооргүй мэднэ. Ингээд бодохоор олдохоороо өлдөнө гээчийн үлгэр л харагдаад байгаа юм даа.
Ц.БААСАНСҮРЭН