Categories
мэдээ нийгэм

Монгол уран бичлэгийн каталоги хэвлэгджээ

“Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” нэртэй томоохон каталоги хэвлэгдэн гараад байна. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бүлгээс бүрдэж байгаа бөгөөд эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийсэн байна.

Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил, ололтыг тольдон үзэж болох “Монгол уран бичлэг” хэмээх энэ номыг Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр Соёл яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл үг бичиж, монгол англи тайлбартайгаар хэвлүүлсэн байна. Уг номын нээлт ирэх 12 сарын эхээр болох ажээ.

“Монгол газар нутагт үүсч, Чингис хааны үед төрийн бичиг болсон монгол бичгийн дурсгалуудыг үзэж байхад уран яруу хэтрүүлэг дүрслэл бүхий бичлэг олонтаа тааралдах нь монгол уран бичлэгийн үүсэл гарвалыг эрт үеийн түүхийн алсаас эрж хайхад хүргэж байна” хэмээн уг номын өмнөтгөлд онцлон дурджээ.

Ерээд оноос хойш шинээр сэргэн мандсан үндэсний монгол бичиг нь уран бичлэгийн хөгжлийн шинэ эрин үеийг авчирсан бөгөөд энэ цагийн нэрт каллиграфич Д.Баттөмөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн, Л.Түвшинжаргал нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг каллиграфиуд орсноороо уг ном уран бичлэгийн шилдэг бүтээлийн антологи гэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *