Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ сарын 12, 13, 14-нд зохион байгуулж өчигдөр олон нийтэд дүнг танилцууллаа. Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд нийт 1698 эрх зүйч бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон байна. Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар гаргахад 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцжээ. Энэ нь нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцсэн үзүүлэлт юм. Шалгалтад тэнцсэнээр эдгээр хүмүүс цаашид шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр болжээ. Энэ удаагийн хуульчийн мэргэжлийн шалгалт нь Монгол Улсад анх удаа ийм олон тооны оролцогчтойгоор нэгэн зэрэг цахим хэлбэрээр явагдсан юм. Ингэснээр хүний нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, түргэн шуурхай, шударгаар дүгнэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шалгалтын үеэр “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүн төрийн бус байгууллагын төлөөлөл хянагчаар ажиллаж иргэний хяналтыг хэрэгжүүлсэн байна.