Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, “Мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгожээ. Энэ нь их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм байна. Боловсролын салбарын мэдээллийн систем ирэх хавар бүрэн ашиглалтад орсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилж байгаа юм. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүрийн мэдээллийг нэгтгэхэд өнгөрсөн жил 516,000 хүүхэд ЕБС-д элссэнээс 10,000 хүүхдийн мэдээлэл давхардсан байна. Учир нь хүүхдүүд хот, хөдөөгийн сургууль хооронд шилжхэд хуучин сургууль нь хасалт хийдэггүйгээс хүүхдийн мэдээлэл ийн давхарддаг байна. Зөвхөн энэ бүртгэлийн давхардлыг арилгахад л сургуулиудад олгодог хувьсах зардлаас 5-6 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болно. Ингэснээр өмнөх жилүүдэд гардаг байсан оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлуудад цэг тавьж байгаа аж.