Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооноос залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан аж. Өдөрлөгт МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга, УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүлэгч гишүүн, гэр бүл судлаач Ц.Одгэрэл нар оролцсон байна.
Энэ үеэр залуу гэр бүлүүддээ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр сонирхолтой сургалт, зөвлөгөөг хүргэсэн аж. Түүнчлэн оролцогч хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студи, “Мишка” орос өлгийн дэлгүүр, Нярайн асаргааны зөвлөмж DVD, хүүхдийн угаадаг даавуун живх, Тод дэлгэц эмэгтэйчүүдийн эмнэлэгт үйлчлүүлэх зэргийг хөнгөлөлтэй үйлчлүүлэх эрх гардуулан өгчээ.
Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцөл бий болоод буй өнөө үед тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал байгааг сануулсан сонирхолтой арга хэмжээ боллоо хэмээн уг өдөрлөгт оролцсон залуус маань онцоллоо.
Дашрамд дуулгахад, “Тогтвортой гэр бүл” өдөрлөг цаашид үргэлжилэн Улсын Нэгдүгээр амаржих газарт очиж дээр дурьдсан төрөл бүрийн хөнгөлттэй үйлчүүлэх эрхийн бичгүүд болон Залуу гэр бүлд зориулсан гарын авлагыг хүргэх аян өрнүүлэх ажээ.