Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Даваасүрэн: Хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжлаа. Гэхдээ энэ удаагийн баталсан төсөв ард түмний амьдралд наалдах наалдац нь хэр байх бол. Эдийн засагчид ирэх онд бүсээ чангална гээд байна. Ард түмний нуруун дээрх ачаа хэр хөнгөрөхөөр төсөв болов?

-Төсвийн хууль тусгай дэгээр хэлэлцэгдэж, цаг хугацааны хязгаарт баригдаж батлагддаг. Энэ нь дараа жилийнхээ нэгдүгээр сарын 1 гэхэд бүх шатны төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр бэлэн байхтай холбоотой. Хялбархан жишээ татахад, шинэ оны эхний өглөө гал команд, түргэний машин шатахуун авах мөнгөгүй гээд саатаж болохгүй гэсэн үг. Тиймээс аймаг, сум орон нутгийн ИТХурлаар төсвөө хэлэлцэж батлах хугацаа олгох үүднээс тухайн жилийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд УИХ-аар ирэх оны төсвийг баталж байхаар хуульчилж өгсөн хэрэг. Манай гишүүд өнгөрсөн хугацаанд энэ хариуцлагаа чанд мөрдөж ирсэн. Энэ удаа ч гэсэн хуулийн хугацаанд нь баталлаа. Иргэдэд наалдацтай юу гэдгийг цалин, тэтгэвэр орлого талаас нь харах юм бол инфляцийн өсөлттэй уялдуулаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардагдах 500 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Энэ бол иргэдийн гар дээр шууд очих орлого юм.

Ард түмний нуруун дээрх ачаа гэж татварыг хэлээд байна уу. Засгийн газраас анх өргөсөн 2015 оны төсвийн төсөл дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдүүлэхээр оруулж ирснийг УИХ шаардлагагүй гэж үзээд буцаасан. Тиймээс нэг ч төгрөгийн татвар нэмэгдэхгүй гэж ойлгож болно.

-2013, 2014 оны төсвийг хөөсөрсөн төсөв болсон гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв өмнөх онуудаас юугаараа ялгаатай болсон бэ. Тэнгэр харж байгаад тоо тавьдаг гэх шүүмжлэл их явдаг байсан. Эрх биш бодит хөрсөн дээрээ буусан байлгүй гэх нэгэн ч байна?

-Энэ удаагийн төсвийн нэг онцлог бол өмнөх жилүүдэд 20-30 хувийн өсөлттэй явж ирсэн төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан явдал. Тухайлбал, урсгал зардлыг 118,8 тэрбум төгрөгөөр бууруулж баталж, илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүллээ. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнгүй. Төсвийн хэт тэлэлтийг бууруулж чадсан гэвэл илүү онох юм болов уу. Жишээ нь, 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн байсан төсөв шүү дээ.

-2015 оны төсвийг Засгийн газрын тэргүүнгүй, Засгийн газрын гишүүдгүйгээр анх удаа баталлаа. Төсвөө батлахын өмнө тодотгол хийх ёстой гэдгийг МАН-аас мэдэгдэж байсан. Тодотголыг он гаргаад хийх үү?

-Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа ажиллаж, зургаан удаагийн төсвийг батлуулахад Засгийн газрын тэргүүнгүй, Сангийн сайдгүй байсан тохиолдол гарч байсангүй. Энэ талаасаа нэлээд өндөр хариуцлагыг УИХ үүрч баталсан төсөв болсон байх. Мөн УИХ-ын удирдлага болон намын бүлгүүдийн зүгээс ач холбогдол өгч анхаарч ажилласныг хэлэх ёстой. 2014 оны төсвийн хувьд зайлшгүй тодотгох нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Засгийн газрын саяхан баталсан бүтцийн өөрчлөлтөөр бий болсон шинэ гурван яам одоогийн байдлаар төсөвгүй, урсгал зардлаа санхүүжүүлэх боломжгүй болоод байна. Ирэх 2015 төсөвт ч тодотгол хийх эрсдэл үүсэж болзошгүй. Шинээр томилогдох Ерөнхий сайд Засгийн газрын бүтэцдээ ямар нэг өөрчлөлт оруулах юм бол оны өмнө төсөв тодотгох нөхцөл байдал үүснэ.

-Ирэх онд 141 обьектыг ашиглалтад оруулна гэдгийг мэдэгдсэн. Ардын намын бүлгээс яагаад ч тийм олон обьект ашиглалтад орох боломжгүй гэсэн. Эдгээр барилгууд дуусах боломж бий юу?

-Эдгээр он дамжин удааширч, банкны салбарын найдваргүй зээлийг гурав дахин нэмэгдүүлэхэд нөлөөлсөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дуусаагүй байгаа барилга байгууламжийг зайлшгүй санхүүжүүлж дуусган, өр авлагын сүлжээг арилгах ёстой. Улсын төсөвт 309 төсөл, арга хэмжээний 302 тэрбум төгрөгийн дуусаагүй барилгын санхүүжилтийг тусган, 196 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд бүтцийн 22 дуусаагүй барилга байгууламжийг Хөгжлийн банкны санхүүжилтээр дуусгахаар төлөвлөж шилжүүлсэн. Ингэснээр ирэх онд он дамжин удааширсан барилга, байгууламжийн ажил дуусах болно.

-Танай тойрогт хичнээн дуусаагүй объектууд байна?

-Манай тойрогт гурван жил гаруй саатаж буй хүнс, өргөн хэрэглээний барааны битүү зах, Тосонцэнгэл, Мөрөн сумын хоёр сургуулийн спорт заал, Ханх, Рэнчинлхүмбийн дотуур байр, Эрдэнэбулган, Галт сумын цэцэрлэг, Улаан-Уул, Баянзүрх сургуулийн хичээлийн байр гээд он дамжин удааширсан 20 гаруй барилга, байгууламж бий. Эдгээр хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх онд дуусахаар хөрөнгийг нь суулгаж өглөө. Хамгийн хүйтэн цаг агаартай, их хүн амтай, хамгийн том захтай манай аймгийн хувьд битүү захтай болно гэдэг маш чухал. Гэтэл энэ ажлыг газар олгохгүй удаашруулах гэх мэтээр саад учруулсаар гурван жилийн нүүр үзсэний эцэст ирэх онд ашиглалтад оруулах гэж байна.

-Ирэх оны төсөв нь тохиож болзошгүй эдийн засгийн хямралтай холбогдуулан урсгал зардлыг 118.8 тэрбумаар бууруулж баталсныг Их хурлын дарга онцолж байсан. 1000 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орохоор боллоо. Энэ нь нэг талдаа төсвөө хэмнэсэн зүйл ч гэсэн ядуурал нэмэгдэх шалтгаан болох юм биш биз?

-Орон тоог бууруулахдаа төрийн үйлчилгээний ажилтан бус албан тушаалтан, дарга нарын илүүдэл орон тоог цөөлөх чиглэлийг баримталсан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад механикаар төсвийн ажиллагсдын орон тоог 10 хувиар бууруулах санал орж ирснийг эдийн засаг хямралтай, бизнесийн салбарынхан ажиллагсдынхаа тоог цөөлж буй энэ үед авч болохгүй гэж үзэж хойшлуулсан.

-2011 онд зээлийн үйлчилгээний зардалд 31 тэрбумыг оруулж ирж байсан бол ирэх онд 696,2 тэрбумыг зээлийн үйлчилгээний зардлыг барагдуулахаар оруулж иржээ. Бүсээ чангалж байгаа энэ нөхцөлд мэдээж хүнд байх болов уу?

-Үүний дийлэнх 60 орчим хувийг төсвийн урсгал алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод зах зээлд гаргасан Засгийн газрын бондын төлбөр эзэлж байгаа. Гадаад төлбөрийн хамгийн өндөр дүн нь 125,8 тэрбум төгрөгийн Чингэс бондын хүүгийн төлбөр болж байна.

-Төсвөөс гадуурх бондуудыг цаашид хэрхэн цэгцэлж явах ёстой вэ. Уг нь бондын мөнгө төсөвт сууж орж ирсэн ч дахин өргөн барихдаа салгасан байсан?

-2011 онд Хөгжлийн банк­ны тухай хууль ба­талж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг сан­хүүжүүлэхэд зориулан зээл олгож байхаар хуульчилж өгсөн.

Энэ хуулиар Хөгжлийн банк нь төсвөөс гадуур зээл авах, баталгаа гаргах эрхтэй байдаг. Энэ хуулийн асуудлыг зохицуулж байж төсөвт тусгах тухай ярих ёстой юм.

-Эдийн засаг хүндэрлээ гэдгийг амтай болгон ярьж байгаа боловч үүнээс гарах арга замын талаар ярихгүй юм аа. Таны хувьд хүндрэлээс гарах арга замыг юу гэж харж байгаа вэ. Оюу толгойг манайхан хүлээж байгаа ч ирэх онд Оюу толгой нааштай хариу өгөхгүй сураг байна?

-ДНБ буюу эдийн засаг, экспортын хувьд ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө. Монгол Улсын төсвийн орлогын 54 хувьтай тэнцэх хэмжээний өндөр дүн юм. Харамсалтай нь энэхүү борлуулалтын есөн хувь буюу 370 орчим тэрбум төгрөг л манайд орох орлогод тооцогдож тал хувь нь эргэж Монголын талын 34 хувьд авсан зээл, урьдчилгаанд төлөгдөөд үлдсэн хэсэг нь л төсөвт орно.

-2015 оны төсөвт валю­тын ханшийн савлагаанаас хамгаалах механизмыг хийж өгч чадав уу. Ам.долларыг 1750 төгрөг байхаар баталлаа. Ноднин 1384 төгрөг гэж баталсан шиг зүйл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Валютын эрсдэлээс хамгаалах зардал гэж төсөвт суудаггүй. Гол нөлөөлөл нь гадаад зээлийн үйлчилгээний төлбөр дээр гардаг. Гэхдээ төсвийн орлогод тухайн өдрийн валютын ханшаар тооцож татварыг төлдөг учраас эрсдэл гарахгүй.

-Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлого төсөвтэйгээ уялдуулан баталж чадав уу?

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжийн шинж чанартай бэлэн мөнгөөр олгогдох шинэ төсөл арга хэмжээ тусаагүй. Харин төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудад эхлээд дуусаагүй байсан барилга байгууламжийг санхүүжилтийг ирэх онд олгосноор банкны системийн найдваргүй зээлийн хэмжээ буурах болно. Мөн шинээр эхлэх хөрөнгө оруулалт байхгүй учраас импортын эрэлтийг нэмэгдүүлэхгүй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *