Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс урт нэртэй хуулийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ оны УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын 19 дүгээрт байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг өөрчлөх төсөл орсныг ийн эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан юм. УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн газар нутгаа боддог бол энэ хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхгүй буцаах, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос энэ хуулийн төсөл дээр хориг тавихыг хүсч байна гэв. Энэ хууль хэрэгжсэнээр сүүлийн 20 гаруй жил замбараагүй олгосон лицензийг цэгцлэх боломжтой ганц хууль гэж байлаа. Тус хуульд стратегийн 15 орд хамрагдаагүй тул гадаадын хөрөнгө оруулалт болон уул уурхайг зүй зохистой ашиглан хөгжих боломж байгаа талаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн хэлж байсан юм.
Э.БОЛД