Нийслэлд шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ орчихож. Албан байгууллага, худалдааны төвүүд гаднаа сүрлэг том сүлд мод засч, цасан ширхэг, өвлийн өвгөн зэрэг чимэглэл зүүжээ. Үүнтэй зэрэгцэн ресторанууд албан байгууллага, найз нөхдийн шинэ жилийн баярын захиалгаа аваад эхэлжээ. Шинэ жил дөхөөд ирэхээр албан байгууллагууд хамт олноороо хаана баяраа тэмдэглэх вэ гэж шийдэж чадахгүй цаг алддаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал гээд хувь хүн гэлтгүй албан газрууд аль болох хэмнэлттэй хэрнээ боломжийн үнээр баяраа тэмдэглэчих бодолтой байгаа бололтой. Тэгвэл “Peace tower”-ийн 18 давхарт байрлах “Unique Vista” рестораныг хүмүүс тухлаг орчин, таатай үйлчилгээтэй хэрнээ хоол, ус, ундаа зэрэг нь боломжийн үнэтэй хэмээн зорих болжээ. Тиймээс уг ресторанаар орлоо. Биднийг очих үеэр “Unique Vista” ресторанд шинэ жилийнхээ захиалгыг өгөхөөр хоёр, гурван байгууллагын төлөөлөл ирсэн байв. Тэд рестораны дотоод орчноос гадна баярын цэсийг ихэд сонирхож харагдсан. Эднийх шинэ жилийн баярт зориулан гурван төрлийн цэс гаргажээ. 100, 120 мянга болон 100 ам.долларын сонголттой. 100 мянган төгрөгийн багцыг сонговол коктейл, халуун вино хоёрын нэгийг сонгох бөгөөд ус, ундаа, шар айраг, оргилуун дарс, архи гээд уух юмнаас гадна зөвхөн “Unique Vista” ресторанд тусгай жороор хийдэг тахианы мах, лийртэй зууш болон хоёр хоолтой юм байна.
120 мянган төгрөгийн багц уух ус, ундаа зэрэг сонголт адилхан боловч хоолны төрөл арай өөр. Тухайлбал, Грек салат, Испани маягийн шарсан тахиа, Монгол үхрийн махаар амталж хийсэн стейк, бяслагтай бялууны хачир орсноороо өмнөх багцаас онцлогтой. Харин 100 ам.долларын багц нь дээрх сонголтоос гадна шарсан цацагт хяруул дагалдах юм байна. Рестораны ерөнхий тогооч А.Цэнгүүн “Манай ресторан ихэвчлэн өөрсдийн жороор бэлтгэсэн Итали, Европ хоол болон стейкээр үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж байна. Зөвхөн “Unique Vista” ресторанд л та монгол маягийн стейкийг идэх боломжтой” гэв. Түүнчлэн шинэ жилээ тэмдэглэж буй хамт олон байгууллагын баярын үеэр дурсамж зургийн цомог, видео бичлэг хийж үйлчлэх юм байна. Хэрвээ хүсвэл өвлийн өвгөн аав, цасан охид болон хамтлаг дуучдыг холбож өгөх гэнэ. Мөн зургаан хүний багтаамжтай VIP хоёр өрөөтэй юм билээ. Энэхүү өрөө найзууд шинэ жил, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баяраа тэмдэглэхэд зохимжтой аж.
Одоогийн байдлаар тав зургаан албан байгууллагын шинэ жилийн захиалгыг аваад байгаа талаар рестораны ерөнхий зөвлөх ажилтан Э.Ганзориг хэлэв. Эднийх нэг удаа 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд босоо хүлээн авалт хэлбэрээр 200 гаруй хүн хүлээн авч болно гэсэн. Байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэхээр захиалга өгч буй эмэгтэйгээс ямар учраас энэ газрыг сонгож байгааг сонирхоход “Баярын цэс нь зуушнаас гадна хоёр хоолтой. Тэгээд ч ихэнх ресторанууд албан байгууллагуудад гурван цагийн урамшуулал олгодог. Харин уг ресторан дөрвөн цагийн урамшуулал олгож байгаа нь таалагдлаа. Хамт олонтойгоо баяраа тэмдэглээд ид дундаа явж байтал цаг дууссан гээд зарим газрууд хөөх нь холгүй байдаг. Гэтэл хамт олноороо халуун уур амьсгалтай баярлаж, хөөрч байгаа хүмүүс чинь дахиад нэг цаг ч гэсэн хамт байхыг хүснэ. Тэр болгон цагаа сунгаад мөнгө төлөөд байх одоо чинь хэцүү шүү дээ. Ер нь тохилог атлаа үнийн хувьд ч дундаж санагдлаа” гэв. Тансаг зэрэглэлийн гэгддэг ресторануудын баярын багц дунджаар 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа бололтой. Харин 40-50 хүний багтаамжтай энгийн ресторанууд шинэ жилийнхээ багцыг 80 мянган төгрөгөөс эхлүүлж байгаа юм байна. “Unique Vista” рестораны хувьд нээгдээд ердөө сар гаруйхан хугацаа өнгөрч байгаа боловч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Учир нь олон төрлийн урамшуулалт багцыг өдөр тутамд үйлчлүүлэгчдэдээ санал болгодог аж. Үндсэн цэснээс гадна өдрийн хоол болон хүүхдийн цэстэй. Өдрийн цайны цагийн үеэр өдрийн хоолны цэс захиалга ихтэй байдаг гэсэн. Нэг, хоёрдугаар хоолтой уг цэсэн дээрх хоол бүгд 12000 төгрөг. Тахианы махан шөл, будаатай хуурга нийлээд 12000 байх жишээтэй. Харин хүүхдийн цэсэн дэх хоол 4000-8000 төгрөгийн үнэтэй байв. Долоо хоногийн лхагва гаригт эмэгтэйчүүдэд зориулсан коктейлны урамшуулалтайгаас гадна амьд хөгжмийн хамтлагийн тоглолттой байдаг гэнэ. Харин баасан гаригт амьд хөгжмийн залуу хамтлагуудын cover үзүүлбэртэй байдаг бол ням гаригийг гэр бүлийн өдөр болгон зарлажээ. Энэ өдөр гэр бүлээрээ тус ресторанаар үйлчлүүлэх юм бол хүүхэд бүрт гарын бэлэг өгөхөөс гадна Хүүхдийн театрын үзүүлбэрийг сонирхож болох аж. Мөн таны хүүхдүүд үлгэрийн баатруудтай зураг авахуулж болох нь. Лхагва, пүрэв гаригт тус ресторанд зочилсноор төгөлдөр хуурийн аялгуут тоглолтыг үзэх боломжтой зэрэг олон хөтөлбөрийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа аж. Ер нь “Unique Vista” ресторан нь үнийн хувьд тэнгэрт хадсан биш хэрнээ үйлчлүүлэгчдэдээ аль болох сонирхолтой багц урамшууллаар бэлэг барьж байгаа юм байна. Тус ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд коктейлны шоу үзүүлбэрийг хүртэл сонирхох боломжтой юм. Э.Ганзориг коктейлыг цэснээс гадна олон төрлийн сонголттойгоор өөрийн орц найрлагаар хийдэг тухайгаа хэлсэн. Зөвхөн түүний найруулсан коктейлыг амтлахаар ирдэг байнгын үйлчлүүлэгчид ч байдаг гэсэн. Тус рестораны шинэ жилийн хүлээн авалт ирэх сарын 2-ноос эхлэх юм байна.
Д.СҮРЭН
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН