Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найман улсын баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болох гэж байна. Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваний багтай тоглох юм.
Эрэгтэй багийн тухайд “B” хэсэгт Бутан (17:11), Лаосын (22:7) багуудыг хожиж, БНХАУ(14:15), Тайланд (12:14), Энэтхэг(18:21)-ийн багуудад хожигдсон юм. Өнөөдөр тэд “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглоно. Катарын залуусыг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм.
Эмэгтэй багуудаас хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань болон Монгол Улсын багууд шалгараад байна. Манай сагсчид “А” хэсэгт Филиппин (12:11), Энэтхэг(21:12)-ийн багуудыг хожиж, БНХАУ-ын багт (18:13) хожигдсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тайваны багтай тоглоно. Тайваны эмэгтэйчүүдийн хувьд Тайланд, Туркменистан, Непалийн багуудыг хожиж, хэсгээ тэргүүлжээ.
Эрэгтэй баг:
XI.15 Монгол-Тайланд 12:14
XI.16 Монгол-Бутан 17:11, Монгол-Энэтхэг 18:21
XI.17 Монгол-БНХАУ 14:15
Монгол-Лаос 22:5
Эмэгтэй баг:
XI.15 Монгол-БНХАУ 13:18
XI.16 Монгол-Филиппин 12:11
XI.17 Монгол-Энэтхэг 21:12
Эрэгтэйчүүд 12 багаас шилдэг 8-д, эмэгтэйчүүд 8 багаас шилдэг 4-т шалгараад байна. Өнөөдөр манай эрэгтэй баг шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваны багтай тоглоно. Тоглолт Улааанбаатарын цагаар 11.00 цагаас эхлэх юм байна.