Categories
мэдээ цаг-үе

Наран дээр тэсрэлт болж сансрын цаг агаар муудав

Дамдины БАТМӨНХ Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан email: batmunkh@rcag.ac.mn, batmunkh.damdin@yahoo.com

Энэ сарын 07-нд Наран дээр Х1.6 баллын хүчтэй тэсрэлт боллоо. Тэсрэлтийн хүчийг рент­ген цацрагийн хэмжээгээр нь сул (C), дунд (M), хүчтэй (X) гэж ангилдаг. 10-р сард ч Х1.0чX3.1 баллын хэд хэдэнхүчтэй тэсрэлтүүд болж Нарнаас асар их энерги урсан гарлаа. Дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги хүн төрөлхтний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Нарны салхи гэж нэрлэгдэх энэхүү урсгал Дэлхийд, бидэнд хэрхэн, ямар зүй тогтлоор нөлөөлдөг вэ. Үүнийг мэдэхийн тулд эх цэг болох Нар гэдэг “нууц ноёнтон” хэн бэ гэдгийг тод­руулах хэрэгтэй болно.

Алтан Нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар

Эрдэнэт бөмбөлөг гийх болно…

хэмээняруу найраг­чид шүлэглэж,”Амьд зул”, “Ариун гэрэлт” хэмээн нэрлэн эртнийзохиол бүтээлд тэмдэглэж ирсэн түүхтэй.

Нар асар их хурц гэрэлтэй плазман бөм­бөлөг болохоор эгцэлж харж болдоггүй билээ. Нарнаас цахилгаан сорон­­зон долгионы бүх мужид (гамма-гаас радио) цацраг гарах бөгөөд тэр нь Дэлхийд 8 минутын дараа хүрч ирдэг.Наранд хатуу гадарга гэж байхгүй. Нар нь цөм, цацраг ба конвекцийн бүс, агаар мандал гэсэн ерөнхий бүтэцтэй. Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр бижирмэг, толбо, бамбар зэрэг үзэгдлүүдүүсэж, мөхөж байдаг. Гэрэлтмандлын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, гэрэлт сор, дөл, ширхэглэг, титмийн масс шидэгдэл, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд энд ажиглагдана. Эдгээр үзэгдлүүд нь хоорондоо соронзон орноор холбог­дон нэгэн цогц бүрдэл болж нарны идэвхжлийг тодорхойлж байдаг билээ. Наран дээрх толбоны тоо ойролцоогоор 11 жилийн үетэйгээр өөрч­лөг­дөж байгаа боловч түүний үүслийн механизм, мөн чанарыг мэдэхгүй байгаа нь нарны хамгийн том нууц. Нарны идэвхжил болон идэвхт үзэгдлүүдийг урьдчилан тооцоолж чадахгүй байгаа нь ирэх жилийн зун, өвөл ямар хатуу болохыг нарийн тогтоохтой адилдуу юм. 2008, 2009 онуудад Нарны идэвхжил маш сул буюу жилийн 265 хоног нь нэг ч толбогүй байсан нь судлаачдын анхаарлыг их татаж энэхүү минимум удаан үргэлжилж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байлаа. 1878, 1901, 1913 онуудад л Нар иймэрхүү тайван байсан байна. 2010 оноос Нарны идэвхжил аажмаар ихсэж эхэлсэн боловч өмнөх циклийн эрчимтэй нь харьцуулахад ихээхэн сул байгааг зураг дээрээс харж болно. Одоогийн циклийн явц нь 1790-1820 онуудад болсон Дальтоны минимумтэй төсөөтэй байна. 1645-1715 онуудад Маундерийн минимум гэгч Наран дээр бараг толбогүй байсан үе бий. Сонирхолтой нь Маундерийн минимум нь Бага мөстлөгийн үе­тэй давхцдаг юм. Гэх­­дээ Дальтоны мини­­мум Дэлхийн цаг уурт тодорхой нөлөө үзүү­лээ­гүй гэж эрдэмтэд үздэг.

Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаар ямар болохыг тодор­­хойлж байдаг.Сүүлийн үед сансарт олон тооны хиймэл дагуул, сансрын станц, хөлөг хөөргөж судалгаа шинжилгээний ажил хийж байна. Эдгээрийн үйл ажиллагаанд сансрын орчин, эгэл бөөмсийн урсгал хор хөнөөл учруулах болж, үүнтэй холбоотойгоор”Сансрын цаг агаар” гэсэн ойлголтбий болсон. Сансрын цаг агаар муудсанаас сансрын хөлөг, станц, холбооны хиймэл дагуу­лууд дээрх электронон багаж төхөөрөмжүүдийн ажиллагаа доголдож, газар дээрх утсан холбоо, ялангуяа радио холбоо, эрчим хүчний сүлжээ тасалдаж, хүнд хөнгөн гэмтэл нилээд тохиолдсон байна. Нарны тэсрэлт, титмийн нүхээс гараагаа эхэлсэн нарны салхины үйлчлэлээс Дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болж байдаг. Зарим баримт материалаас иш татаж үзье. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуур­ганаас 1940 оны 3-р сарын 24-ндМиннеаполис хотын (АНУ, Миннесота муж) телефон утасны шугамын 80%-ийг ажил­лагаагүй болж, АНУ-ын зүүн муж улсууд, Канадын Квебек, Онтарио мужуудийн цахилгаан шугам сүлжээнд гэмтэл учирсан байна. 1958 оны 2-р сарын 9-10-нд болсон соронзон шуурга АНУ-ын зүүн эргийн цахилгаан утсан холбоог гэмтээж, Ньюфаундлендээс Шот­ланд хүртэл Атлантын далайг дамнасан хол­боо тасарсан байна. 1972 оны 8-р сарын 4-ныхүчтэй соронзон шуурга Иллиноис муж улс ба Айова муж улсын хоорондох кабель хол­боог тасалдуулж, Кана­­дын Британийн Колум­би мужид усан цахил­гаан станцын транс­­форматорыг гэм­тээ­сэн байна. 1982 оны 11-р сарын 26-нд агаар мандлын төлөв бай­далд мони­торинг хийх зорил­готой хөөргөсөн геостационар хиймэл дагуулын дөрвөн радиометр нарны хүчтэй тэсрэлтээс шидэгдсэн их энергийн нөлөөнөөс ажиллагаагүй болсон. 1989 оны 3-р сарын 13-14-ны хүчтэй соронзон шуурга Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс (20000 МВт -ын) эрчим хүч тасалдаж, систем доголдсоноос бүрэн зогсолт хийжээ. Мөн Япон улсын хол­бооны хиймэл дагуулын удирд­лагын систем нь хэсэгчилэн гэмтэж, Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсангэх зэрэг сөрөг үр дагаварсансрын цаг агаар муудснаас гарч байлаа. Иймд сансрын цаг агаар, Дэлхий түүний хүрээлэн буй орчны шинж төлөв, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлийн эх үүсвэр Нарнаас үүдэлтэй тул газраас, сансраас тогтмол ажиглаж нарны хүчтэй салхи хэзээ, хаагуур дайрч өнгөрөхийг тооцоолж байдаг юм. Эдгээр урсгалаас Дэл­хийн соронзон орон бид­нийг хамгаалж байдаг ч гэсэн хойт, өмнөт туй­лаар зарим хэсэг нь шур­ган орж агаар мандалд туйлын туяаг үүсгэж бай­даг. Зургийн доод хэсэгт туйлын туяаг харуулав.

Нарны физик судал­гааны чиглэлээр шийдэх ёстой олон асуудлууд байна. Тухайлбал, Нарны титмийн хэт их халалт, эгэл бөөмсийг хурдасгаж буй механизм, дөл, тэс­рэлтийн үүс­лийн физик, Нарны идэвхжлийн циклийн үүсэл, Нарны нейтрино бөөмийн талаарх ажиглалт,онолын зөрүү гэх зэрэг тайлагдаагүй асуудлууд шийдлээ хүлээсээр байна.

Манай оронд 1957 онд орчин үеийн Одон орон судлалын байгууллага бий болж, 1964 оноос Нарны судалгааны алба байгуулагдаж Нарны толбо, дөлний зураг болон титмийн спектрийн шугамуудыг бүртгэн боловсруулах ажил эхэлсэн юм. Өнгөр­сөн хугацаанд манай эрдэмтэд Нарны дөлөн дэх устөрөгч болон гелийн ионы спектрийн зарим шугамуудын үүсэл, Нарны ерөнхий соронзон орны туйлын байршлыг тодорхойлох, Нарны толбоны дээрх өнгөт мандлын кальцийн ионы спектрийн шугамын эрчим зэрэг сэдвээр томоохон бүтээлүүд гаргасан юм.Орчин үед шинэ технологи нэвтэрч,астрономийн дуран авай CCD төхөөрөмжтэй болсноор мэдээллийг шууд комьпютерт хадга­лах, шуурхай, чанартай, богино хугацаанд олон тооны зураг, спектр хүлээн авахболомж бүрдэж судалгааны асуудлыг шинээр шийдэхэд тус дөхөм үзүүлж байна.

Нар судлахын өөр нэг ач холбогдол бол физикчдийн сонирхолыг ер бусаар татаж бай­даг плазмын асар том лабо­ратори юм. Дэл­хий дээр гаргаж авч чадах­гүй том орон зайд явагдах плазмын үзэгдлийг судалж шинэ мэдлэг хуримтлуулж байна. Нарны энерги цөмийн урвалын дүнд, устөрөгчийн дөрвөн цөм нийлж гелийн цөм үүсэх дүнд үүсэж, цацраг болон конвекцийн үзэгдлээр дамжин Нарны гадаргуу дээр гарч ирдэг.Энэхүү урвалын процессийг Дэл­хийн нөхцөлд гаргаж ава­хыг зорьж байгаа билээ.

Монголын цэлмэг тэнгэрт энгийн нүдэнд харагдах үй түмэн одод зөвхөн Манай оддын ай бөгөөд тэдний нэг нь Нар билээ. Нар бол бидэнд хамгийн ойр оршдог од, түүний гадаргуу нь тэргэл байдлаар харагдаж толбо, дөл, тэсрэлт зэрэг идэвхт үзэгдлүүдийн шинж чанарыг мэдсэнээрээ Орчлонгийн нэг хэсэг болсон оддыг судлахад физик загвар болон одон орончдод тусалсаар байна.

2014 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

ООГСТөв нь “УЛААНБААТАР ХОТ БОЛОН НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮДИЙН 1:10000 МАСШТАБТАЙ ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ ХИЙХ” ажлыг2013-2014 оны хооронд хийж гүйцэтгээд БХБЯ-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Уг ажлын хүрээндсудалгааны талбай бүрт геофизикийн судалгааг явуулж газар хөдлөлтөөс ирэх долгионы зонхилох давтамж болон баллын хэмжээг нарийвчлан тодорхойлсон байна. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид хот төлөвлөлт, шинээр байрилга байгууламж байгуулахад нэгэн чухал параметр болох юм.

ГҮНИЙ ТОГТОЦЫН СУДАЛГАА

2012-2014 онуудад Хангайн өргөдлийн мужийн гүний тогтоцыг тогтоох зорилогоор АНУ Лехай Их сургуультай хамтаран нийт 70 сейсмик станцыг Хангайн бүс нутагт суурлиулан судалгааны ажил хийгээд байна. Судалгааны ажлын үр дүнд тус бүс нутагт царцдасын зузаан 42 – 57 км гүнд оршиж буй болоншууд ба хөндлөн долгионы харьцаа нь дунджаар 1.77 байгааг тогтоосон. Түүнчлэн холын газар хөдлөлтөөс бүртгэгдсэнP долгионы хурдны тархалтаас үзэхэд Хангайн нурууны зүүн хэсэг буюу Орхон голын хөндийн орчимд дэлхийн 200 км гүнд буюу дээд мантийн орчимд бага хурдны анамоль оршиж буйг тогтоогоод байна.

ОРИ-40 ДУРАНГИЙН АЖИГЛАЛТ

2014 оны 1-р сараас ОРИ-40 дурангаар бага гаригийн ажиглалт хийж эхэлсэн ба 2014 оны 2-р сарын 5-нд Олон улсын Бага гаригийн төвд (Minor planet Center) бүртгүүлэн 075 дугаар авсан. 2014 оны 4-р сарын 8-нд дэлхий орчмын Аполло бүлийн 2014GY48 бага гаригийг ажиглан, ажиглалтын үр дүн Олон улсын Бага гаригийн төвийн электрон циркулярт (Minor Planet Electronic Circular) хэвлүүлсэн байна.

САНСАР, ОД ЭРХСИЙН ОРДОН БУЮУ АСТРОПАРК

2014 оны 6-р сарын 1-нд ООГСТ-ийн дэргэд олон нийтэд одон орны боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Сансар, од эрхсийн ордоннээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.. Сансар, од эрхсийн ордон нь 3 хэсгээс бүрддэг:

1. Сансар танхим Энд орчлон ертөнц, Нар ба нарны аймгийн зурагт самбарууд, Дэлхийн сансар судлалын түүх, сансрын хөлөг, пуужингийн макет загварууд байна. Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан үзүүлэн, тэр үеийн баримт материалуудыг тавьсан байна.

2. Нар сар кино танхим Энд орчлон ертөнц, од гаригсийн тухай шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекцбаримтат кино үзүүлдэг.

3. Од эрхэс танхим: Планетари бол хагас бөмбөрцгөн дээврийн дотор гадаргуу дээр од, гараг, нар, сар, бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрсийг тэдгээрийн гэрэлтэлт, байрлал хөдөлгөөнийг тооцон проекцлон гаргадаг төхөөрөмж, проектор юм. Энд Японы эрдэмтэн Сакай Ёшихитогийн бэлэглэсэн “Минолта MS-8” планетарийн төхөөрөмжийн тусламжтайгаар энэ танхимд одот тэнгэрээр аялах боломжтой. Нийт 70 хүний багтаамжтай. Одоогоор 7 хоногт 4 өдөр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

OWL ДУРАНГИЙН НЭЭЛТ

2014 оны 9 дүгээр сард ООГСТ дээр одон орны ажиглалтын шинэ дурангийн нээлт боллоо. Энэхүү дуранг ООГСТ ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн (KASI) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгойн геофизикийн станцын дэд бүтцийг түшиглэн суурилуулсан байна. OWL маркийн уг дуран нь 45см-ийн голчтой, 1 сая долларын өртөг бүхий, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран (Зураг 3) бөгөөд хиймэл дагуул, сансрын хог хаягдал, дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма-тэсрэлтийн оптик муж дахь ажиглалт гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой юм.

ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (ҮМТ)-ИЙН СЕМИНАР

Цөмийн тэсэлгээг хянах хороо (CTBTO)-ны олон улсын байгууллагын Австри дахь Сургалтын хэлтэс (PTS) –ээс зохион байгуулагддаг Зүүн Азийн бүсийн Үндэсний Мэдээллийн Төв (ҮМТ)-ийн ээлжит семинар (EARNW2014)-ыг Японы Гадаад Харилцааны Институтын Цөмийн тэсэлгээг хориглох ба бууруулахыг дэмжих төв (CPDNP), Америкийн Агаарын Зэвсэгт Хүчний Техникийн Төв (AFTAC) ба ШУА-ны ООГСТөв хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Уг семинарт 11 орны төлөөлөгчид (Авсрали, Америк, Вьетнам, Индонез, Малайз, Монгол, Орос, Солонгос, Хятад, Филиппин, Япон) ҮМТ-ийн үйл ажиллагаа болон мэдээлэл боловсруулалтын явцын талаар танилцуулан санал солилцон өгөгдсөн мэдээлэлд анализ хийж хэлэлцүүлсэнээрээ ач холбогдолтой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *