Улзын голын шинэ гүүр ашиглалтад оржээ. “Дун Эрдэнэ” ХХК-ийн хамт олон Улзын гол дээр төмөр тулгууртай, модон араг бүтэцтэй шинэ гүүр барьж суманд хүлээлгэн өгсөн байна. 1974 онд анх ашиглалтад орж 2001 онд дээд хэсгийг шинэчилж засварласан хуучин модон гүүр зорчих аргагүй болж өнгөрсөн жил буулгаад байсан юм. Ийнхүү 40 жилийн дараа Улз голын Тээгийн гүүр бүрэн шинэчлэгдлээ. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатарын багцаас 40 сая, Түргэн багийн ОНХСангийн бэлчээрийн менежментийн багцын 19 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хандивын 13 сая, ОНХСангаас сумын ИТХ-ын баталсан хөрөнгө нийт 130 гаруй сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр энэхүү гүүр боссон байна.