Люминал буюу “Фенобарбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 нярай хордож, эмчлүүлсэн. Мөн “Монос-Улаанбаатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд мөн буруу өгснөөс хоёр нярай хордох шалтгаан болсон гэдгийг прокуророос тогтоожээ. Иймээс Б.Эрдэнэчимэг, Д.Жавхлантөгс нарт Эрүүгийн хуулийн 106.2-т заасны буюу үүргээ биелүүлээгүйгээс өвчтөнд хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх эрүүгийн хэрэг үүсгэж шүүгдэгчээр татсан байна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Ц.ӨРНӨХ