Categories
мэдээ улс-төр

Газар эзэмшүүлэх асуудлаарх иргэдийн гомдол, саналын судалгаа хүсчээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандан судалгаа ирүүлэх хүсэлтийг албан тоотоор хүргүүллээ.

Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутгийн сонгогчидтой уулзахад иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас аймаг, сумын удирдлагууд хөдөө аж ахуйн эдэлбэр газар, тэр дундаа бэлчээрийн газрыг гадаадын компаниудад 1 га газрыг 60-150 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж, уг мөнгийг орон нутгийн удирдлагууд завшиж байгаа тухай мэдээлэл, санал, гомдол сүүлийн үед их ирж байгаатай холбоотойгоор уг судалгааг ирүүлэх хүсэлт гаргасан байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан байдаг. Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэсэн төрөөс газрын талаар баримтлах зарчим ялангуяа орон нутагт ихээр зөрчигдөх болсон байна.

Иймд аймаг, сумын Засаг дарга нар тухайн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан тухай судалгааг аймаг, сум бүрээр нэгтгэн гаргаж, судалгаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах зориулалт, болзол, хугацаа, хэмжээ, газрын төлбөрийн талаарх үзүүлэлтүүдийг тусгах талаар чиглэл өгсөн байна.

Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлэх судалгааг үндэслэн үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн хяналт хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна гэж Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *