Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хийв.
Танилцуулгыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн шинэтгэлийн багц хууль өмнө нь батлагдаж, хэрэгжээд явж байна. Энэ шинэтгэлийн үргэлжлэл гэж хэлж болох Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барих санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байна. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, холбогдох хүмүүс оролцож, Засгийн газар, бусад байгууллага саналаа ирүүлээд байгаа юм” гэлээ.
Хуулиудын төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн ахлах зөвлөх н.Болортунгалаг танилцуулав. Түүний танилцуулснаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг анх 1992 онд, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд баталжээ. Энэ хүртэл Монголд Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянадаг туршлага байгаагүй. Онол, практикийн харьцуулсан судалгаа огт байгаагүйг тэрээр онцлов.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн болон шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцтай уялдуулсан дорвитой өөрчлөлтийг дээрх хоёр хуульд огт хийлгүй явж ирсэн байна. Үндсэн хуульд долоон өөрчлөлт хийж байсан ч найруулгын шинжтэйгээс бус агуулгын дорвитой өөрчлөлт байгаагүйг дурдав.
Иймээс хэд хэдэн шалтгааны улмаас Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Үүнд, нэгдүгээрт, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болгох шинжийг тодотгон хуульчлах зайлшгүй шаардлагатай. Хоёрт, Үндсэн хуулийн шүүх болохын хувьд процессын зохицуулалтыг илүү тодотгон бусад шүүхийн процессын жишигт хүргэх шаардлагатай. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зарим зохицуулалтыг орхигдуулсан. Процессын хууль гэхээсээ орхигдуулсан харилцаа олноор агуулсан хууль байсан. Гуравт, дэлхийн бусад улсын Үндсэн хуулийн шүүхийн нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай. Дөрөвт, Үндсэн хуулийн эрх зүйн маргааныг онолын түвшинд шийдвэрлэдэг болох нөхцөлийг бүрдпүүлэх зэрэг шаардлагыг харгалзан хуулийн төсөл боловсруулсныг хэллээ.