Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ОХУ руу визгүй зорчино

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сард байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00.00 цагаас эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчино.

Монгол, Оросын Холбооны Улсын иргэд харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячив, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Батаа нар ОХУ-ын ЭСЯ-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээр Монгол, Оросын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заажээ. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмын дагуу виз авах юм байна.

Сонирхуулахад 1995 онд Монголын талын хүсэлтээр 2 орны иргэд визтэй зорчих болсон байна. 1998 онд Монголын талаас ОХУ-ын талд дахин визгүй зорчих хүсэлт тавьсан байна. Ийнхүү 19 жилийн дараа ОХУ руу дахин визгүй зорчих нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *