Нийслэлийн 375 жилийн ойн баярын хямдралтай худалдааны нэгдсэн тайлан гарсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ. Тайланд дурдсанаар “Их хотын хямдрал 375” худалдаа хоёр дахь жилдээ Чингис хааны талбайд болон нийслэлийн зургаан дүүргийн томоохон талбайд өргөн цар хүрээтэй болжээ. Нэгдсэн тоон мэдээнээс үзэхэд Чингисийн талбай дээр нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн хямдралтай худалдаанд шинээр олон аж ахуй нэгжүүд оролцжээ. Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим мянган иргэн оролцож,тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Нийт худалдан авалт хийсэн иргэдээс 375 азтанг тодруулж, аж ахуй нэгж байгууллагууд шагнан урамшуулсан гэнэ. Энэ өдөр өндөг хамгийн доод үнээр буюу 180 төгрөгөөр, “Дархан нэхий” ХК бүх бараандаа 50 хувийн хямдрал, бусад аж ахуй нэгжүүд үйлдвэрийн үнээр борлуулжээ. Энэ жилийн “Их хотын хямдрал-375” нэгдсэн арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас гадна ахуйн үйлчилгээ, соёл урлагийн салбар, кино театрууд 50 хувь, нийслэлээр овоглосон музейнүүд үнэ төлбөргүй, нийтийн тээврийн үйлчилгээ 50 хувиар нийслэлийн иргэддээ хямдралтай үйлчилгээгээр бэлэг барьсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид уг арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах эхлэл тавигдсан гэж зохион байгуулагчид нь найдаж байна.
Categories