Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ дахь намын бүлгүүд АН-ын саналыг хүлээж байна

Дараагийн Засгийн газрыг байгуулах тохироо улс төрийн аль намуудын хооронд өрнөх талаар УИХ-д суудалтай намын гишүүдийн байр суурийг сонирхов.

М.СОНОМПИЛ: ЯМАР Ч ТОХИОЛДОЛД БИД ХАМТРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА

-Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал олны анхааралд байна. Асуудал ямар шатанд байгаа бол. Танай нам, эвсэлд эрх баригчдын зүгээс саналаа ирүүлэв үү?

-Өнгөрсөн сонгуулийн дүнгээр УИХ байгуулагдаж хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэхэд “Шударга ёс” эвсэл орж ажилласан. Тэгэхэд байгуулсан гэрээ Засгийн газар унаснаар дуусгавал болсон гэж ойлгож болохгүй. Гэрээний хугацааг 2012-2016 он дуустал гэж заасан. Хоёрдугаарт олонхийг бүрдүүлж буй АН УИХ-д бүлэгтэй бүх намуудтай хамтран Засгийн газар байгуулна гэсэн мэдээлэл гарч байна. ҮЗХ нь ч ийм шийдвэрийг гаргажээ гэж ойлгосон. Тэгэхээр энэ долоо хоногт МАН хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэгт санал тавих байх. Ер нь МАН ч гэлээ засагт орох ёстой гэж би үзэж байгаа. Улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хэрэлдээд суух нь зохимжгүй. Энэ засгаа хамтран байгуулаад, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулбал бялуу хуваахад хүндрэлтэй байх юм биш үү. Танай эвсэл л гэхэд шинээр байгуулагдах Засгийн газраас хэдэн суудал авна гэж тооцож байгаа юм?

-Ер нь сайдын суудал, бялуу хуваах буюу Засгийн газрын бүтцийн асуудал нэлээд далайцтай яригдана. Сая Засгийн газрыг цомхон болгосон байгаа. Үүнийг задалж дахиад ярих байх. Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт оновчгүй болсон тал бий. Ер нь бүтцийг өөрчилж яамдыг олон болгохоос өөр аргагүй. УИХ-ын гишүүд ч ярьж байна. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ үед эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт, зам тээврийн салбарыг нийлүүлдэг нь буруу гэх олон гишүүн бий. Эдгээр салбарыг салгах тухай асуудал яригдах нь дамжиггүй. Тэгээд ч хэвлэлийнхэн шинэ Засгийн газарт АН зургаа, МАН тав, “Шударга ёс” эвсэл гурван суудалтай байна гээд бичээд эхэлж. Уг нь 2012 онд байгуулагдсан Засгийн газрын бүтэц оновчтой байсан.

-Ямар ч тохиолдолд “Шударга ёс” эвсэл хамтрах саналтай байгаа гэсэн үг үү?

-Эрх баригчидтайгаа хамт­рахад бэлэн байгаа. Ингэж л гацаад байгаа бүх асуудлын ард гарах боломжтой.

-Сөрөг хүчингүй байх нь бас л муу талтай?

-Тийм нэг сул тал гарах гээд байна. Гэхдээ хоорондоо хэрэлдэж суухаар нэгдэж нийлээд хөгжлийн гарц болох ажлуудаа явуулж л байх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн АН Ерөнхий сайдаа сонгосны дараа яригдана. Тэр болтол бид хүлээж суухаас аргагүй.

О.БААСАНХҮҮ: МАН ЗАСАГТ ОРВОЛ МАХН ОРООГҮЙ НЬ ДЭЭР

-Шударга ёс эвсэл эрх баригчдын эгнээнд ажиллаж байсан. Нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Асуудал цаашид яаж яригдах бол?

-Бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг ярьж байхад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг тавьж олонхийн саналаар огцруулсан. Нэгэнт Ерөнхий сайдаа огцруулсан учраас Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон гэсэн үг. Тэгэхээр хуулийн дагуу олон суудал авсан нам бусад намдаа санал тавина. Энэ нь зөвшилцөлд хүрч ажил хэрэг болохгүй бол нийт намын төлөөлөл ширээний ард хамт суух ёстой. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намын төлөө­лөлтэй зөвшилцөнө гэсэн дараал­лаар явдаг. Бүлэг дээр энэ тухай асуудал хөндөгдсөн. АН шинэ Засгийг байгуулах ажлын хэсгийг бүлгээсээ томилж “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах тухай ярья гэж байх шиг бай­на. Ямар санал тавихыг нь бид тэвчээртэй хүлээж байна.

-Одоохондоо дараагийн Засгийн тухай яригдаагүй байна гэсэн үг үү?

-Хэвлэлд гарсан мэдээл­лээс харж байгаагаас биш албан ёсоор ажил эхлээгүй. Би МАХН-ын гишүүнийхээ хувьд саналаа хэлэхэд МАН засагт орвол МАХН ороогүй нь дээр. Гэхдээ энэ бол МАХН-ын шийдвэр биш миний үзэл бодол. Яагаад гэвэл 2008-2012 онд сөрөг хүчингүй МАНАН ажилласан. Энэ жилүүдэд Монголын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт их өндөр байхад сөрөг хүчингүй байснаас төсвийн зарцуулалт хэтэрсэн. Хоёр мянган хүний хоолны заалтай төрөх эмнэлэг, царцаасан объектууд, Батлан хамгаалах яам хүртэл дур мэдэн хөдөө хээрт байшин босгосон нь ямар ч талаар ашиглах боломжгүй болж хувирсан. Энэ бүхэн сөрөг хүчингүй байсны үр дагавар. Тэгэхээр би хэн нэгэн заавал сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой гэж бодож байгаа.

-Н.Энхбаяр, Н.Алтан­хуягийн гарын үсгээр батал­гааж­сан 2024 он хүртэл хамт­ран ажиллах гэрээг ҮЗХ хүчингүйд тооцлоо. Тэгэхээр Шударга ёс эвсэл­тэй хамтран ажиллах санал тавих болов уу?

-Би гайхаж байгаа. АН дотор хуульч баймаар юм. Хуулиар тайлбарлагдах нөх­цөл байдлаа харж асуудлыг дүгнэх хэрэгтэй. Энэ гэрээг нэг өдрийн дотор байгуулчихсан юм биш. Аравдугаар сард Н.Энхбаяр дарга гэнэт ирээд Н.Алтанхуягтай сууж байгаад гарын үсэг зурчихаагүй. Шууд хэлбэл энэ тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Төслийн анхны хувилбар алдагдахад Р.Гончигдорж гишүүн засч, янзалсан гэх мэтээр АН-ынхан хангалттай мэдээлэл авах боломжтой нөхцөлд гэрээг байгуулсан юм. Хоёр дахь асуудал нь гэрээний нөхцөлд хүчингүй болгох заалтууд бий. Хүчингүй болгох заалтуудыг үндэслэж байвал бид ойлгоно. Гэтэл өөрсдийнхөө алдааг нөгөө намд тулгаж байгаа нь утгагүй. Бид Бага чуулганаараа оруулж, үг үсгийг нь хүртэл өөрчилж цэгцэлсэн. Тэгээд АН-д аваачиж өгөхөд тэд судлаад эцсийн байдлаар бэлэн боллоо гэхэд нь Н.Энхбаяр дарга гарын үсгээ үлдээсэн. Ийм асуудлаар улстөржих хэрэггүй. Шууд хэлбэл би АН-ынхныг гэрээг дагах сонирхолгүй байна гэж харж байгаа болохоос биш хүчингүй болгосон, цуцалсан гэж харахгүй байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Н.НОМТОЙБАЯР: ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХ ТАЛААР БИД ТҮРҮҮЛЖ ЯРИВАЛ ИЧГЭВТЭР ЮМ БОЛНО

-Дараагийн шинэ Засгийн газарт Ардын нам орох уу. Танай намынхан ямар байр суурьтай байгаа вэ. Бүлгийн дэд даргын хувьд та юу хэлэх вэ?

– Ерөнхий сайд хэн болох бол, дараагийн Засгийн газарт орчих юм сан гэдэг ашиг сонирх­лоос илүү өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Хүний албан тушаал, сандал суудлаас өмнө төсөв, эдийн засгийн асуудлуудаа ярих хэрэгтэй байна л даа.

-Гэхдээ Засгийн газраа томилж байж энэ ажлуудыг урагшлуулах юм биш үү?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг яаж даван туулах гарц байна, үүнийг даван туулахын тулд ямар засаг байхав, хэн толгойлбол эрсдлээс гарч чадах вэ гэдгээ УИХ-ынхаа хэмжээнд, намуудтай ярих хэрэгтэй. Тэгж байж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг тодорхой болгомоор байгаа юм.

-Танай нам Засгийн газарт орохыг та хувьдаа дэмжих үү?

– Ер нь бол хоёр хөрштэйгээ улс төрийн болоод эдийн засгийн асуудлаар хэл амаа ололцоод ирсэн түүх манай намд бий шүү дээ. Үүнийг хүн бүхэн мэднэ. Сая манайд хоёр хөршийн дарга айлчиллаа. Тэдний яриа хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгож чадвал манай эдийн засагт өгөөжөө өгөх байх. Гэхдээ АН-ын зүгээс манай намд ирүүлсэн санал алга. Тийм байхад Засгийн газарт орох талаар бид түрүүлж яривал ичгэвтэр юм болно. Тийм саналаа ирлээ гэхэд Ардын намаас УИХ-д суугаа 26 гишүүн асуудлыг шийдэх эрхгүй. Эсвэл намын дарга нь ганцаараа шийдвэр гаргачихдаг юм биш. Намынхаа зохих ёсны байгууллагуудаар хэлэлцэж байж олонхийн саналаар шийдвэр гаргана даа.

Я.МӨНГӨН

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *