Categories
мэдээ цаг-үе

Хурдлах дуртай залуусын уралдах газар нээгджээ

Улаанбаатараас Цонжин болдог явах замд “Скай фрэндс” хувийн аэродром бий. Тэнд хувийн онгоцнууд хөөрч, буудгийг хүмүүс мэдэх байх. Харин саяхнаас нисэх онгоцныхоо буудлын дэргэд уралдааны машины зам байгуулжээ. Тэндээ “Go kart raceway” төрлийн арав гаруй уралдааны машин оруулж иржээ. Харахад газартай наалдчихаа юу гэмээр намхан, “Формула-1”-д уралддаг машинтай төстэй ажээ. Кузовгүй учраас дотор нь суусан хүн ил харагдана. Машинууд нь улаан, улбар шар, саарал өнгөтэй. Дөрвөн талдаа зөөлөвч маягийн резинтэй. Хоорондоо, эсвэл хашлага мөргөвөл доргилт бараг мэдрэгдэхгүй гэсэн. Уралдааны замын тухайд дэлхийн стандарт 400-1600 метрийн урттай байдаг. Манайд анх удаа байгуулагдсан болохоор эхний ээлжинд хамгийн богино зам буюу 400 метртэйг сонгожээ. Гэхдээ шув шулуун биш. Жолоочийн ур чадварыг шалгасан тойрог ихтэй. Өргөн нь харилцан адилгүй. Яг уралдааны зам дээрээ шулуунд зургаа, тойрогт долоон метрийн өргөнтэй. Харин гараа, барианы хэсэг 10 метрийн өргөн. Машинаа Шанхайн урд хэсгээс “Go kart raceway” төрлийн уралдааны машины үйлдвэрээс очиж авчээ.

Ийм машинаар уралдахад янз бүрийн эрсдэл байхгүй. Маш намхан буюу газраас дээш тавхан см-ийн өндөртэй учраас онхолдох асуудал гардаггүй юм байна. Зам нь ч бас элдэв саад байхгүй толигор. Жаахан ч гэсэн цуурсан бол аюулгүй байдал алдагдана. Тиймээс толь шиг гөлгөр замтай байх ёстой ажээ. Машины тухай ерөнхий мэдээлэл ийн аваад жолоодож үзэхээр болов. Алхаж ороод суучихлаа. Суудал нь газар байгаа гэсэн үг. Хоёр хөлөө урагш жийгээд суудаг ажээ. Суудлын бүс, хамгаалалт гэж байхгүй. Уралдааны зориулалттай учраас автомашины суудлаас арай өөр юм. Автомашинд хэрэглэх зориулалттай хүүхдийн суудал гэж байдаг даа. Яг л тиймэрхүү. Хоёр тийшээ найгахад суудал нь цаанаасаа хүний биеийг барьж өгөх зориулалттай. Тайлбарлагчийн зөвлөсний дагуу нуруугаа сандалдаа наагаад суучихлаа. Харин хоёр хөл хааз, тоормосон дээр яг очиж байна шүү. Тоормос хэрэглэх шаардлага бараг гарахгүй. Хаазаа гишгэхээ болихоор машин өөрөө хурдаа саадаг гэнэ. Ингээд хамгаалалтын дуулга өмсөөд хөдөллөө дөө. Асаахдаа түлхүүр хэрэглэхгүй юм. Суудлын ард байх моторыг асаах ажээ. Машины жин 120-130 кг. Бензин хөдөлгүүртэй. 45 км/цаг хурдалдаг гэсэн. Машин асангуут “За хаазлаад байгаарай” гэв. Уралдааны машин учраас хэт хурдалж болохгүй байх, хэрэв явж байгаад хажуу тийш онхолдвол, эсвэл юм мөргөвөл шууд гэмтэл авах юм байна гэж бодоод зугуухан хаазлав. Хөл хаазан дээр хүрэв үү, үгүй юу машин хурдаа авдаг ажээ. Мотор нь яг хажууханд учраас сүртэй гэгч нь хүнгэнэж байна. Уралдааны зам руу орохын өмнөх хоёр гурван метр зайд хаазаа яаж гишгэх вэ, жолоогоо хэрхэн мушгих вэ, зогсоох бол яах билээ гэдгийг туршиж үзэв. Ерөнхийдөө тэгтлээ айж сандраад байх зүйлгүй ажээ. Заавар хэнд ч ойлгомжтой болохоор уралдааны зам руу дөнгөж ороод л хаазаа гишгэж гарав. Хурдаа богинохон хугацаанд авдаг юм байна. Шулуун замд давхиад баймаар санагдаж байлаа. Харин тойрог дээр эхний удаад тун болгоомжтой эргэв. Жолоо нь бага зэрэг хатуу ч гэлээ гарын хөдөлгөөнийг маш сайн мэдэрнэ. Бага зэрэг залах төдийд эргэж байв. Эхний тойргийг машинтай танилцах, хөдөлгөөнөө хянах маягаар дуусгалаа. Харин дараа, дараагийн тойргууд дээр давхиад л баймаар юм билээ. Жирийн машинаар тойрог дээр хурдтай, огцом эргэвэл онхолдох аюултай. Уралдааны машин тиймгүй. Хурдтай орж ирээд жолоогоо мушгихад бага зэрэг сандарсан ч огтхон ч ажрахааргүй юм. Машиныхаа “аашийг” мэддэг болчихоор 400 метр замыг минут ч хүрэхгүй хугацаанд тойрчихов. Улам хурдалмаар санагдаад хэд хэдэн удаа тойроодхов. Ингэж уралдаж үзэхэд нэг тойрог нь 5000 төгрөгийн үнэтэй.

Эднийх машинуудаа өнгөрсөн наймдугаар сард оруулж иржээ. Удаагүй байгаа ч гэлээ залуучууд аль хэдийнэ мэддэг болчихож. Амралтын өдрүүдээр үйлчлүүлэгч ихтэй болдог гэнэ. Ирсэн залуус хоорондоо бооцоо тавьж уралдахаас гадна өөрсдийнхөө машин дээр хийх боломжгүй үйлдлээ оролдож үздэг ажээ. Уралдааны бооцоо янз бүр. Залуучууд дуртай зүйлээрээ бооцоо тавина. Тойргийн мөнгө даахаас эхлүүлээд тав, арав, хорин мянган төгрөгийн бооцоотой уралддаг гэнэ. Түүнээс өндөр бооцоо ч бий. Сарын өмнө хоёр залуу хүрч ирээд 250 мянган төгрөгийн бооцоотой уралдаад явжээ. Уралдаж байгаа залуус бие биетэйгээ өрсөлдөхөөс гадна цаг харж давхидаг. Тэдгээр залуусын нэг нь 400 метр замыг 23 секундэд туулжээ. Одоогоор түүний амжилтыг эвдсэн хүн байхгүй байгаа гэсэн. Харин ихэнхдээ уг замыг дунджаар 40 секундэд туулдаг юм байна. Эрчүүдтэй зэрэгцээд хүүхнүүд ч уралдах дуртай. Байнга ирж уралддаг эмэгтэйчүүд ч бий гэнэ. Хүүхнүүд өдрийн хоолонд даахаас эхлээд түрүүлсэн нэгэндээ шинэ цүнх, гутал авч өгөх бооцоо тавьж уралддаг юм байна. Ер нь 15-аас дээш настай хэн ч уг машинаар уралдаж үзэх боломжтой гэсэн. Тус газрын зохион байгуулагч Д.Баянжаргал “Залуусын ухамсар, биеэ авч яваа байдал жилээс жилд дээшилж байгаа. Уралдааны машин оруулж ирснээс хойш залуучууд их ирдэг болсон. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Саяхан л гэхэд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хэдэн залуу ирээд явлаа. Архи дарс сэнгэнүүлсэн нэг ч хүн манайд ирж байгаагүй. Тийм болохоор залуучуудаараа бахархаж байна” гэв. Эднийд ирж байгаа хүмүүс өндөр сэтгэгдэлтэй буцдаг ажээ. Өмнө нь агаарт гарахыг хүссэн ч очоод хийх зүйл байдаггүй байсан, танайх цэвэр агаарт сайхан үйл ажиллагаа явуулж байна гэх талархлын үг тасардаггүй гэсэн. Тиймээс үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорих болжээ. Уралдааны машины дугуй хээгүй, гөлгөр учраас цас орсон үед унах боломжгүй. Харин өвөл унаж болох цасны мотоцикль, цасны машин оруулж ирэх талаар судалгаа явуулж байгаа юм байна.

“Go kart raceway” машиныг манайхан өмнө нь оруулж ирж байгаагүй учраас шинэ төрөлд тооцогдож байгаа. Тиймээс урлаг, спортынхон эднийд хүрч ирж кино, клипнийхээ зургийг авч байгаа гэсэн. МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” тоглолтдоо зориулсан гурван дууныхаа нэгийг энд ирж дүрсжүүлжээ. Сүүлд харин “Омарын эрэлд” уран сайхны киноны хамт олон уралдааны машинтай зураг авсан гэнэ.

“Скай фрэндс” хувийн аэродром дээр “Go kart raceway” уралдааны машин байхаас гадна “Томас эйр” ХХК-ийн онгоцнууд бий. “JU-1919”, “JU 1911” гэсэн гурван төрлийн онгоцтой. Дөрөв, зургаан хүний суудалтай эдгээр онгоц “Томас эйр” компанийнх. Эднийх хувийн компаниуд болон хувь хүмүүсийн онгоцыг буулгаж, хөөргөх аэродромыг 2010 онд байгуулжээ. Аэродром ямар байх ёстой, бүх л шаардлагыг хангаж ажилладаг юм байна. Хүлээлгийн танхим, нисгэгчийн өрөө, зорчигчийн өрөө, нисгэгчийн сургалтын төв, нислэгийн удирдлагын өрөөтэй. Онгоц буух, хөөрөх шороон зурвастай ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *