Categories
мэдээ нийгэм

Авто ослоор 275 хүн нас баржээ

Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн таван жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алдсан байна. Автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйгээс болж ихэнх хэрэггарсан гэсэн судалгаа гарчээ. Төв аймгийн Прокурорын газраас ийм шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт “Жолооч нараа, хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, огцом эргэх зэрэг нь осол гарах шалтгаан болдогийг анхаар. Таны өмнө замын саад, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг ямагт санаж замын турш хөдөлгөөний хурдаа тохируулж эгнээгээ барьж анхаарал болгоомжтой яв. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвчтэй, ядарсан үедээ замын хөдөлгөөнд бүү оролц. Зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээнээс бусад газарт урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхгүй байж дүрмээ баримтал. Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалга. Зорчигчид оо, таны сууж яваа автомашин техникийн хувьд бүрэн бус, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэсэн, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагад хандан иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдал, амь насыг хамгаалъя” гэж онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *