Categories
мэдээ цаг-үе

”Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна

“Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. Цахилгаан бараа, техник, тоног төхөөрөмж, гоо сайхан, бэлэн хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн зэргийг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд баталгаатай, найдвартайгаар иргэдийн гарт чингэлгээс нь шууд нийлүүлдэг гэдгээрээ онцлог. Үзэсгэлэн худалдаа эхлэхээс өмнө “Мишээл экспо” төвийн үүдэнд иргэд олноороо цугласан байснаас харвал жил бүрийн өдийд тус худалдаа уламжлал болон зохион байгуулагдаад заншчихсан учраас худалдан авагчид ч чих тавин хүлээдэг болсон нь илт байлаа.

Өвлийн улирал хаяанд ирсэн учраас Оросын ноосон малгай, Польшийн нэхий дээл зэргийг иргэд ихээр сонирхож байлаа. Польш нэхий дээл дунджаар нэг сая төгрөг бол ноосон малгай өнгө загвараасаа шалтгаалаад 30-аас 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Өнгө, загварын өргөн сонголттой байсанд хүүхнүүд “Энийг нь ч авдаг юм уу, эсвэл тэр бор нь ч зүгээр юм уу, урт болохоор нэлмэгэр харагдаж байна уу, богино загвартай нь хэтэрхий оодойчих юм болов уу” гэх зэргээр сонголтондоо эргэлзсэн хүүхнүүд толины өмнө эргэлдэнэ. Хужаа бараа гэхээрээ л хямдхан, чанар муутай гэх ойлголт аль хэдийн арилжээ. Иргэд ч аль болох чанартай бас боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэх болж. Тийм ч учраас өмнөд хөршийн “Toread”, “Antа” брэндийн өвлийн куртка, чөлөөт болон спорт загварын өвлийн дотортой өмд цамцнууд эрэлт ихтэй байлаа. Дээр нь хавар намрын зарим бараагаа тал үнээр нь борлуулсан юм. Ихэнх худалдан авагчид “Би “Toread”-ийн яг ийм материалтай өвлийн дотортой өмдийг өнгөрсөн жил худалдаж авсан юм. Дулаахан бас чанартай. Хүйтэн сэрүүний улиралд хөдөө гадаа удаан хугацаагаар явдаг над шиг хүнд ийм сэлгээний өмдтэй байхад илүүдэхгүй болов уу гэж бодоод л дахиад хоёр өмд авдаг юм билүү”, ” Antа брэндийн пүүз чийг татахгүй, бас хөнгөн. Би хоёр жил хөлдөө чирээд лав элээсэнгүй. Тэгээд ч боломжийн үнэтэй. Өнөөдөр (өчигдөр) хавар намрын пүүзээ тал үнээр нь борлуулж байгаа гэж дуулаад дахиад нэгийг авдаг юм билүү” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Солонгосын “Nain girl” брэндийн бэлэн хувцас нь дунджаар 70-аас 200 мянган төгрөгийн үнэтэйгээс гадна хээнцэр, дэгжин загвартай учраас охидын анхаарлыг эрхгүй татаж байлаа.

Хөлд эвтэйхэн, эдэлгээ даах чанартай гэдгээрээ “Ecco”, “Tomaris” брэндийн өвлийн гутал худалдан авагч ихтэй харагдав. Үйлчлүүлэгч нар нь “Түрүү жилийн хагас түрийтэй, шөвгөр хоншоортой, чөлөөт загварын “Tomaris”-ийн эмэгтэй өвлийн гуталнаас чинь бий юу”, “Манай хүүхдүүд ихэр. Саяхан ахад нь дагуулж яваад “Метромалл” дэлгүүр дэх “Ecco”-ийн салбараас гутал аваад өгчихсөн чинь дүү нь яг ижилхэнг авахуулна гэнэ ээ. Илгэндүү материалтай, хүүхдийн гуталнаас чинь 20 размер бий юу” гэсээр орж ирцгээж байлаа. “Ecco” брэнд өвлийн гутал өнгө загвараасаа хамаараад 250-аас 700 мянган төгрөг бол “Tomaris” 300-аас 800 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. “Ecco” брэндийн гутал худалдан авсан иргэд тус брэндийн дагалдах гутал арчилгааны тос, өнгөлөгч, алчуур зэргийг мөн авч харагдлаа. Тэд “Нэгэнт л чамгүй үнээр худалдаж авч байгаа учраас муу тосоор тослоод түлчихвэл, ширүүн үстэй сойтгоор үрээд өнгө алдуулчихвал хайран шүү дээ. Болж өгвөл дагалдах тос, өнгөлөгчийг нь авчихвал гуталны эдэлгээг уртасгадаг юм билээ” гэцгээж байлаа.

Америкт сурч, амьдардаг Ариун загварыг нь гаргаж, хилийн чанадад захиалгаар хийлгүүлсэн өөрийн “Ariuns” брэндийн урт түрийтэй гутлаа дэлгэн тавьжээ. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ гуталнууд нь бүгд цайвар шаргал өнгэтэйгөөс гадна намхан ултай бөгөөд зарим хэсэгтээ бор хилэн оруулга шигтгэж өгсөн нь бусад брэндүүдээс ялгарах онцлог нь болж байв. Мөн монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлог, эрүүл мэнд талаас нь сайтар бодолцож хийсэн болохыг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. “Ariuns” брэндийн урт түрийтэй элгэн гутлыг зөвхөн Монгол гэлтгүй Европын олон оронд нийлүүлдэг ажээ. Америкт захиалгаар хийлгүүлж, тэр холоос тээвэрлэж ирдэг ч 250 мянган төгрөгийн үнэтэй.

Тайвань улсад үйлдвэрлэсэн “Com-Pro” үйлдвэрийн зургаагаас 18 насны сурагчдад зориулсан эргономик ширээ, сандал олны анхаарлыг татаж байлаа. Эргономик ширээг хүүхдийн биеийн онцлогт тохируулан тавцангийн өндөр, налуу, өргөнийг тохируулж болдгоороо давуу. Өөрөөр хэлбэл та хүүхдэдээ сургуульд ороход нь буюу зургаан настайд нь эргономик ширээ худалдаад аваад өгчихсөн байхад 12 дугаар ангиа төгсөн төгөстлөө хэрэглэнэ гэсэн үг. Сандал ширээний хөл, тулгуур зэргийг ган төмрөөр, тавцанг модоор хийж, дээр нь үхрийн арьсаар өнгөлсөн учраас эдэлгээ даана гэдгийг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. Эргономик сандал 550-аас 900 мянган бол ширээ нь нэг сая 500 мянгаас хоёр сая 400 мянган төгрөгийн үнэтэй.

Өвлийн улирал хаяанд ирсэн тул ангийн хорхойтой эрчүүд Америкийн “Celestron” брэндийн одон орон болон энгийн зориулалт бүхий дуранг ихээр сонирхож харагдлаа. Одон орны дуранг зориулалтаар нь сар, од эрхсийн, галактикийн гэж хоёр ангилна. Галактикийн дуран нь сар, од эрхсийг хардаг дуранг бодвол бүдүүн бас урт. Үнийн хувьд ч ялгаатай. Галактикийн дуран нь 550 мянга бол нөгөөх нь 350 мянган төгрөг. Харин ангийн зориулалттай дуран нь хүчин чадлаасаа хамаараад 80 мянгаас нэг сая 500 мянган төгрөгөөр зарагдаж байсан юм.

Солонгосын “Aquapick” брэндийн амны хөндийн арчилгааны цогц бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөхөөр ихээхэн сонирхож байлаа. Энэхүү бүтээгдэхүүн нь сойз бус сойз хэлбэрийн нам даралтаар шахагдан нарийн цоргоор гарах усны тусламжтайгаар амны хөндийгөө цэвэрлэх учраас хүүхдүүд хэрэглэхэд энгийн бөгөөд тохиромжтой гэнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг Солонгосын шүдний холбоо албан ёсоор итгэмжилсэн бөгөөд Монголын шүдний холбооноос сайшаагджээ.

“Балт инвест” компанийн импортолдог Бельгийн “Delafaille”, “Starbrook”, “Gumi” цэвэр шоколад, “Свийт рөүд” компанийн оруулж ирдэг “Wawel”, “Farmasi” нэрийн чихэр шоколад, “Алекс” импексийн импортолдог Алейка нэрийн гурил, гоймон, овъёосны няцалбар, ургамлын тос зэргийг үйлдвэрийн үнээр иргэдэд борлуулж байлаа.

Энэ мэтчилэн олон брэндүүдийн чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос албан ёсны гэрээт борлуулагчаас нь авах бололцоог олгосон энэхүү үзэсгэлэн худалдаа маргааш буюу ням гаригт өндөрлөх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *