XX зууны Монголын улс төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Дилов хутагт Жамсранжав амьдралынхаа сүүлийн хэсгийг АНУ-д өнгөрүүлсэн билээ. Энэ хугацаанд Монгол хэл соёл, Бурханы шашныг АНУ-д таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан юм. Тиймээс түүний мэндэлсний 130 жилийн ойг АНУ-д тэмдэглэн өнгөрүүлэх нь чухам зохистой үйл хэрэг мөн. 2014 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Нью-Йорк хотноо Монгол Соёлын Өвийн Сан, Монгол нийгэмлэгтэй хамтран Дилов хутагтын ойг тэмдэглэх хүрээнд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.
Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэг дэх Риверсайд хэмээх театрт болсон уг хурлыг нээж, Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Алисиа Кампи, Монгол Соёлын Өвийн сангийн тэргүүн Даринчулууны Бямбахүү нар үг хэллээ. Хурлын түлхүүр илтгэлийг Дилов хутагтад зориулсан сангийн тэргүүн Жамцын Палжий тавьж, манай түүх бичлэгт гарч байгаагүй олон сонин баримтыг дэлгэв.Ялангуяа Хутагтын Түвд, Өвөр Монголд эрхэлж байсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь шинэ бөгөөд сонирхолтой байсан юм.
ДИЛОВ ХУТАГТ АМЕРИКААС ТУСЛАМЖ ХҮСЭХ БИЧИГ ҮЙЛДЭН ЖАЛХАНЗ ХУТАГТААР ӨГҮҮЛЖ БАЙЖЭЭ
МУИС-ийн багш, доктор Жамсрангийн Урангуа Дилов хутагтын үлдээсэн аман түүх мэдээлэл, Монголын түүхийн судлалд хэр чухал болох талаар илтгэхдээ Хутагтын дуртгалаас онцлон хэдэн зүйлийн талаар цохон ярив. Тухайлбал, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Манжаас тусгаар тогтнох их үйлс олон хүний ойлгодогчлон 1911 оны өмнөхөн эхэлсэн биш, бүр нэлээд эртнээс санаа нь гарсан явдал болохыг хутагт тэмдэглэн үлдээжээ. Богд хаан бүр 1895 онд (Дилов хутагт энэ он дээр андуурсан, үнэн хэрэгтээ 1900 онд болсон явдал гэдгийг Урангуа багш тодотгон хэлсэн) Орос руу мөнгө зээлэх нэрээр элч илгээж, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлбэл Оросын тал туслах эсэх асуудлыг тандуулж байсныг Хутагт тэмдэглэж. Мөн 1919 онд манайх Автономио устгасныг зөвхөн Хятадын талын хүчирхийлэл гэдэг талаас хардаг байсан бол Хутагтын тэмдэглэлд Октябрийн хувьсгалаас эмээн хөрөнгө мөнгөө алдахгүй гэсэн манай зарим ноёны өөрсдийн санаа бас нөлөөлсөн тухай байдаг байна.Тусгаар тогтнох гэсэн хэцүү цаг үед Америкаас тусламж эрсэн захидал үйлдэж АНУ-ын албаны хүнд тэр захиагаа Жалханз хутагтаар дамжуулан өгсөн тухай тэмдэглэлийг анхааран үзэж, тэр албаны хүн хэн байсан, захиа нь хадгалагдаж байгаа эсэх талаар сурвалжлан үзэхийн чухлыг мөн Урангуа багш онцлон өгүүлсэн юм.
1921 оны хувьсгал анхнаасаа Улаан хувьсгал огт байгаагүй, эрх чөлөөгөө хүссэн тэмцэл байсан, хожим нь Оросын тал улаан болгон, өөрсдийн таалалд нийцүүлсэн тухай ч Дилов хутагт бичин үлдээсэн байдаг аж.Мөн Дилов хутагт “Оросын тал ч яах вэ, өөрсдийгөө сурталчилж, үзлээ дэлгэрүүлэх гэж байна, гагцхүү манай өөрсдийн хэт хувьсгалчид байдлыг улам хэцүү болгож байна” хэмээн дүгнэсэн байдаг тухай Ж.Урангуа доктор өгүүллээ.
ДИЛОВ АЙМАГ ГЭЖ ХҮРТЭЛ БАЙСАН
МУБИС-ийн багш, доктор Лайхансүрэнгийн Алтанзаяа Дилов хутагтын шавь нарын талаар илтгэв. Дилов хутагт өөрөө Наробанчин хутагтын шавь байсан боловч нийт шавь нарыг хамтран захирдаг байжээ. Хориод оны сүүлч хүртэл шавь нар нь Хутагтыг тахин шүтсээр байж. Гучаад оны эхээр улс төр, шашны хавчлагаас болж Ламын гэгээн, Балдан засгийн зэрэг хошуудаас дүрвэн Өвөр Монгол руу нүүсэн ардуудыг 1939 онд нэгтгэн Баруун Сөнидийн ван Дэмчигдонровын хошуунд нутаг өгч, Дилов аймаг хэмээн нэрийдэж байжээ. Манайд ирсэн мэдээгээр тус аймгийг 1941 онд байгуулсан гэдэг боловч тус аймагт аж төрж асан хүмүүстэй Л.Алтанзаяа багш биечлэн уулзаж сурвалжлахад 1939 онд байгуулсан нь тодорхой байсан байна. Дилов хутагтын энэхүү хошууг эхлээд Намсрай, дараа нь Очирдор хувилгаан, Ганжуурваа хувилгаан нар захирч байсан талаар Алтанзаяа багш өгүүлэв.
МИНИЙ БИЕ УЛСЫН ХЭРЭГТ ЗАЛХУУРАХГҮЙ
ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн судлаач, доктор Э. Жигмэддорж Монгол Улсын төв архивт хадгалагдаж буй Дилов хутагтын таван сонирхолтой захидлын талаар илтгэлээ. Эхний захидалд Засгийн газрын тэргүүн сайдуудад хандан Улиастайд байсан Цагааны бүлэг этгээдийг Монголын нутагт үл оруулах нь завшаан буян болох талаар анхааруулан бичжээ.Удаах захиа нь Зоригт ханд нийслэл хотод болж буй улс төрийн үйл явдлыг тайлбарласан утгатай юм байна. Гутгаар захидал нь Ёст бэйс Цүлтэмд хандсан, суусан газрын байдал төвшин, олон амьтан, нийтийн төлөө ном гүрэм уншиж залбирч буй тухайгаа өгүүлсэн утгатай ажээ. Улиастайн сайд, гүн Ламжавт илгээсэн захидалдаа Дамбийжанцангийн өгүүлсэн хадгийг хүргүүлэхийн хамт түүнтэй уулзах тухайд засгийн газрын шийдвэрийг хүлээх санал тавьсан ажээ. Захидалдаа “Миний бие олон удаа явахад бие сайн байвал улсын хэрэгт залхуурахгүй” хэмээн бичсэн нь Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсныг нь харуулж байна хэмээн доктор Жигмэддорж өгүүлж байлаа. Сүүлчийн захидал нь Дамбийжанцан Захчиныг авахыг хичээж буй тул өөрийн биеэр уулзаж, ямар санаа бодолтой байгааг нь мэдье, Дамбийжанцанг хүчээр оролдох бус хөнгөн эеэр хөдлөх нь чухал гэсэн санааг Ламжав сайд, түшмэл Гүржав нарт хүргүүлсэн захиа байна.
Э.Жигмэддорж эцэст нь эдгээр захидлуудыг Дилов хутагт Жамсранжавын намтар судлалд, хувь хүний үзэл бодол, шашин суртахууны үйл ажиллагааг нь танихад, үг хэл найруулгынх нь онцлогийг судлахад, мөн тухайн үеийн улс орны байдал, аж амьдрал, үйл явдлыг тодруулахад чухал ач холбогдолтой болохыг дүгнэн өгүүллээ.
ХАТАНБААТАРЫН
ЦЭРЭГТ НОМ УНШИЖ ӨГДӨГ БАЙЖ
Дэлхийн нийслэл хэмээгддэг Нью-Йорк хотноо болж буй энэ хуралд заавал нийслэл хотын судалгааны хүрээлэн, их дээд сургуулиудын судлаачид гэлтгүй орон нутгаас төлөөлөгч урьж авчирсан нь олзуурхууштай байлаа.Булган аймгийн Боловсролын газрын ажилтан З.Батзориг Дилов хутагт, Хатанбаатар Магсаржав хоёрын хамтын ажиллагааны талаар илтгэв.Төрийн энэ хоёр зүтгэлтэн нэгд, хязгаар нутгийг төвшитгөх тал дээр, хоёрт, цэрэгт шашны хүчийг ашиглах тал дээр хамтран ажиллаж байжээ. Хатанбаатар хоёр ч удаагийнхаа дайнд Дилов хутагтыг залан, цэргүүддээ ном уншуулах ламтанаар авч явж байжээ.
МАЛ, МАЛЧИН НЬ БАЙНА, МАЛЛАХ СОЁЛ НЬ ҮГҮЙ БОЛЖ БАЙНА
Хурлыг Монгол Соёлын Өвийн сангаас зохион байгуулсан тул ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Антропологийн тасгийн эрхлэгч, доктор Б. Баатархүү соёлын өвийн талаар илтгэлээ. Түүний илтгэл Соёлын өвийн судалгаа, Одоо болж буй соёлын өөрчлөлт, Цаашид хэрхэн хадгалах хамгаалах вэ гэсэн үндсэн гурван хэсэгтэй байв. Б.Баатархүү Монголд нүүдлийн соёл хэрхэн устан үгүй болж буйг зураг сэлт, баримтаар харуулан ярьсан нь сэтгэл эмзэглэмээр байлаа.Тухайлбал малчид өдгөө нүүх нь цөөрсөн, бэлчээрийг хашаажуулж эхэлсэн, малаа мотоциклиор хариулдаг болсон, Хятадаас авчирсан хямдхан хөхүүрт айргаа бүлж буй, удам дамжсан малчид үгүй болж, хөлсний гадаад иргэдээр малаа хариулуулдаг болсон, угсаатнуудын ялгаа багасч ууссан зэргийг өгүүлэв.Өөрөөр хэлбэл Монгол Улсад мал малчин хоёр бол байсаар байна, харин мал дагасан соёл нь үгүй болж буйг доктор Б.Баатархүү хэлж байлаа.
АМЕРИКИЙН МОНГОЛ СУДЛААЧДЫН ИЛТГЭЛҮҮД
Хуралд мөн Америкийн монгол судлаач эрдэмтэд оролцож, Дилов хутагт болон Монголын Бурханы шашин, түүх, утга зохиолын талаар илтгэлээ.Тухайлбал, Санта Барбара дахь Калифорнийн Их Сургуулийн судлаач Адам Круг Пагва ламаас Живэг Төмөрт өгсөн зөвлөгөөний тухай, Рутгерсийн Их сургуулийн судлаач Саймон Викхам Смит 1921-1935 оны хувьсгалч уран зохиолд шашныг хэрхэн дүрсэлсэн талаар илтгэлээ.Судлаач Саймон Брауне АНУ дахь халимагуудын оршуулгын газар, хөшөөн дээрх бичээсийг судлан, зан үйлийг нь тодорхойлох оролдлого хийснээ ярив.Америкийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн Санж Алтан гуай Америкийн халимагуудын дунд дэлгэрсэн Очирдарын нэгэн уншлагыг сэргээн тайлснаа илтгээд өөрөө аялгуулан уншиж өглөө.Веслэений Их Сургуулийн судлаач Жастин Куижада өнөөгийн Буриад дахь бурханы шашны байдал, соёл, итгэл бишрэлийн талаар ярьсан бол Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн тэргүүн Энхбат Тогочаг шашны эрх чөлөө Өвөр Монголд ямархуу байдалтай байгаа талаар илтгэв.
ДИЛОВ ХУТАГТЫН СҮМД
Хуралд оролцогчдыг НҮБ дахь манай Төлөөлөгчийн газрын хамт олон урьж, хүлээн авалт хийв. Төлөөлөгчийн газрыг төлөөлөн Б. Чингүүхэй, зохион байгуулагчдын өмнөөс Д.Бямбахүү, Буриад монголчуудаас түүхч Хамутаев, Өвөр Монголчуудыг төлөөлөн зохиолч Б.Түмэн-Өлзий, халимаг монголчуудаас Санж Алтан гуай үг хэлсэн нь энэхүү хурал улс төрийн улмаас олон салсан монголчууд Дилов хутагтын гэгээн үйлийн доор нэгдсэн сайхан үйл ажиллагаа болсныг илтгэх мэт.
Маргааш нь буюу аравдугаар сарын 12-ны өдөр хурлын төлөөлөгчид Нью-Жерси муж дахь Дилов хутагтын үүсгэн байгуулсан Ницан дацан, анх шавыг нь тавьсан газар, амьдарч байсан байшинд нь зочиллоо.
Ийнхүү Дилов хутагтын ойг АНУ-д тэмдэглэн өнгөрүүлэв.Хурлын өмнө хүнд хагалгаанд орж бие нь тааруу байсан ч нөр их ажлыг амжуулан, сайтар зохион байгуулсан Даринчулууны Бямбахүүд талархал илэрхийлье.Монголын өв соёлыг сурталчлах, Монгол Улсыг АНУ-д таниулах, тархан суурьшсан олон монголчуудаа оюун санаа, соёлын талаар нэгтгэн нийлүүлэх талаар их зүйл хийж буй залуу билээ.
Вашингтон хот дахь манай тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Гэрэл зургийг Т.ӨСӨХБААТАР