Categories
мэдээ улс-төр

Монголын 1000 орчим албан хаагч энхийг сахиулж байна

НҮБ-ын энхийг сахиулах асуудлаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороонд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг үг хэлэв. НҮБ-ын энхийг сахиулагчдад тулгарах бэрхшээл улам бүр эрсдэлтэй болж буй өнөөгийн нөхцөлд НҮБ-ын гишүүн улс бүрийн оролцоо, хамтын хүч чармайлт чухал гэдгийг манай төлөөлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж байдгийг нотлов.

Манай улс НҮБ-ын мандаттай 6 ажиллагаанд, тэр дундаа өндөр эрсдэлтэйд тооцогдох Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дарфур, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас нийт 1000 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгааг дурдаж, энхийн төлөөх тэдний үйл хэргийг Монгол Улс сайшаан, үнэлж байдгийг онцлов. Ажиллагааны орчин, аюулгүй байдал улам бүх хурцдах хандлага байгаа өнөөгийн нөхцөлд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх зорилт байх учиртайг манай төлөөлөгч онцолж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цогц үнэлгээ дүгнэлт хийх, оновчтой зөвлөмж боловсруулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгыг Монгол Улс дэмжиж буйг илэрхийлэв.

Ажиллагааны орчин дахь эрсдэлийг хурцатгаж буй дотоод улс төрийн мөргөлдөөн, энгийн иргэдийг хамгаалах, Ебола зэрэг халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлээх зэрэг чиглэлээр НҮБ-аас тодорхой зөвлөмж, аргачлалыг шуурхай гаргаж, хэрэгжүүлэхийг манай төлөөлөгч уриалав. Түүнчлэн энхийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрсдэл өндөртэй орчинд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад техникийн болон санхүүгийн дэмжлэг чухал болохыг манай төлөөлөгч тэмдэглэж, энхийг сахиулагчдад олгох тэтгэмжийн хэмжээг өнгөрсөн 6 дугаар сард нэмэгдүүлсэн хэдий ч түүний түвшинг цаашид өсгөх чиглэлээрх яриа хэлэлцээг тууштай үргэлжүүлэх шаардлагатайг онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *