Хувьцаа гэдэг бол тухайн зээл дээр өсч яваа компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буугдсан ч дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч нь тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал гэж ойлгож болно. Монголд 2007 оны дунд үе хүртэл хувьцааны ханш тийм ч хангалттай түвшинд байгаагүй юм. 2007 оны дунд үеэс хойш хувьцааны ханш эрс өсч эхлэсэн байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд манай улсад эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн хувьцааны ханш ч мөн өөрчлөгдсөөр байгаа билээ. Үүнд засгийн газрын тогтвортой байдал ч мөн нөлөөлдөг. Сүүлийн дөрвөн жилийн Топ-20 индексийн графикийг харьцуулан харцгаая.
Зураг 1. 2011 оны Топ-20 индексийн үзүүлэлт
2011 оны эхнээс сүүлч хүртэл манай улсын эдийн засгийн таатай он цаг байсныг доорхи графикаас харах боломжтой юм. Энэ үед “Тавантолгой”, “Багануур”, “Адуунчулуун”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” гэсэн Топ-20 индексийн сагсад багтдаг таван нүүрсний уурхайн хувьцааны ханш огцом өссөн байгаа нь Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханшийн өсөлт оргил цэгтээ хүрсэн анхны тохиолдол буюу 32955 нэгжид хүрсэн юм. Тухайн үед “Тавантолгойн” хувьцааны ханш 1.4 сая хүрч байсан нь урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Зураг 2. 2012 оны Топ-20 индексийн үзүүлэлт
Энэ онд өмнөх жилээ бодвол хувьцааны ханш тогтворгүйтэж эхлэсэн бөгөөд Топ-20 индекс 2012 оны 11 сарын байдлаар 16024.75 нэгж хүрсэн бөгөөд өмнөх оны оргил цэгээсээ хоёр дахин буурсан юм. Грекийн “Өрийн хямрал”-аас үүдсэн эдийн засгийн сулрал дэлхийн хөрөнгийн биржүүдэд уналт авчирч байсан үе байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хувьцаануудын ханш буурч байгаа нь эдийн засгийн өсөлт буурч буйн илрэл.Энэ оны эхэнд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр 0,2 хувиар, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.024 хувиар, Австралийн хөрөнгийн бирж дээр 0.592 хувиар тус тус буурчээ. Канадын “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш ч мөн адил Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.066 хувь, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.552 хувиар буурсан байна. Рио Тинто бол Оюутолгойн хөрөнгө оруулагч учраас монголд болж буй эдийн засгийн тогтворгүй байдлын үр нөлөө ч мөн тухайн компанийн хувьцааны үнэлгээнд нөлөөлж байдаг.
Зураг 3. 2013 оны Топ-20 индексийн үзүүлэлт
Энэ оны эхэн үед Топ-20 индекс 13.300 нэгжид хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт байсан юм. Харин 2013 оны төгсгөлд Топ-20 индекс огцом өсч эхлэсэн. Хоёрдугаар сарын дунд үе гэхэд индекс 16.913 болов. Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлодог “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3000-6000 төгрөг болж хоёр дахин өссөн жишээг энд дурьдаж болно. Тухайлбал Баянгол зочид буудлын хувьцааны ханш 43.000-59.000, Могойн гол 11.500-15.700, Улсын их дэлгүүр 420-513, Шивээ-Овоо 6500-8300 төгрөг болж өсчээ. Шарын гол компанийн хувьцааны ханш 1500 төгрөгөөр өссөн бол Сүү ХХК 67.000-89.500, Монгол шилтгээн 840-960, Монголиа Девелопмент ресурс 640-800 болтлоо өссөн байна. Хувьцаануудын ханш өссөнөөр хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наядаас 1.7 их наяд болж, 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Ингээд шинэ засгийн газар гарч ирэхэд эдгээр үзүүлэлтүүд балансаа барина гэсэн найдлага байсан боловч хангалттай үр дүнд хүрээгүй юм.
Зураг 4. 2014 оны Топ-20 индексийн үзүүлэлт
Монголын болон Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай 52 компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдаалагддаг байна. Үүний 50 гаруй хувь нь уул уурхайн компани байдаг бөгөөд эдгээр компаниудын ашиг орлого энэ оны эхэн үеэс буурч эхлэсэн нь хувьцааны ханшийг 30-40 хувиар буухад хүргэжээ. Учир нь манай улсын эдийн засгийн болоод засгийн газрын тогтворгүй байдал, гадны хөрөнгө оруулалтай компаниудын монгол дахь эрх зүйн орчны асуудал зэргээс үүдэн Монголын уул уурхайн компаниудын хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр уналтын байдалд орсон гэхэд болно. Эдийн засгийн хямралын давлагаанд гүйцэгдсэн манай улсын хувьд дотоод аж ахуй нэгжүүдэд хүртэл санхүүгийн бэрхшээлүүд тулгарч эхлэсэн. Түүнчлэн манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшаас доогуур экспортлогдож байгаа юм. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна гэж болно. Монгол Улсад хөрөнгө оруулсан, Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өмнөх улирлын хаалтын ханштай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт бий. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын хувьцааны ханш сүүлийн саруудад царцанги байдалтай байна. Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгийн зах зээлд хэрхэн бодитойгоор нөлөөлж байгааг эндээс олж харж болно.