Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.02/ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын төвд баригдсан 24 айлын дөрвөн давхар эко орон сууцны нээлтэд оролцов.
Баяндэлгэр суманд эхний ээлжийн 24 айлын орон сууц ашиглалтад орж, хоёр дахь ээлжийн орон сууц баригдаж байна. Хөдөө орон нутаг ялангуяа алслагдсан сумд хөгжлөөс хоцрогдсон нь нийслэлийг зорих их нүүдлийг бий болгож эхэлсэн. Энэ төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хэрэгжиж буй 24 айлын эко орон сууц төсөл нь алслагдсан сумдад хотын орон сууцтай ижил тохилог орон сууцны барилгыг барих төсөл юм. Уг төслийг санхүүгийн зөв хувилбар, гүйцэтгэлийн оновчтой менежментээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж буй жишээг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум харуулж байна.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан нам “хүн шиг амьдаръя” уриа дэвшүүлж байсан. Энэ нь хот хөдөөд ялгаагүй амьдралын түвшин адилхан болно гэсэн үг юм. Энэхүү байранд орсон айлуудын тал хувь нь малчид байна. Малчид, малчны найман хувийн зээлд хамрагдаж, сумынхаа төвд тохилог орон сууцанд орж болдог юм. Хамгийн гол нь улсын төсвөөс мөнгө авалгүйгээр хувийн компаниудын хүчин чадлыг дайчилж болдог гэдгийг харуулж байна. Баяндэлгэрээс эхэлсэн энэ буухиа ирэх жил Монгол Улсын бүх сумдад бий болох байх. Моргежийн зээл гэдэг бол ажилтай орлоготой хүн бүхэнд байртай болох боломжийг олгодог. Насан туршдаа мөнгө хураачихаад тэтгэвэрт гарахдаа байранд ордог биш ид ажил хийж байхдаа тохилог сууцанд ордог систем юм хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэхүү төслийн үр дүнд иргэд өөрийн сум, орон нутагтаа тохилог сайхан амьдрах боломжтой болохын зэрэгцээ төрийн албан хаагч, хувиараа аж ахуй эрхлэгч, малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаагаараа онцлог юм. Дөрвөн давхар, давхартаа 6 айл бүхий эко орон сууц нь гаднаа 200 м2 автомашины зогсоол, 300 м2 нийтийн эзэмшлийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын талбайтай байхаар төлөвлөжээ.
Энэ үеэр Баяндэлгэр сумын засаг дарга М.Гантулга сумынхаа ерөнхий төлөвлөгөөний талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Дахин төлөвлөлтийн дагуу сумын айлуудын хашааг цэгцэлж инженерийн шугам сүлжээнд оруулах бэлтгэл ажил хийж буйг онцлов. Баяндэлгэр сум нь зургаан багтай 1264 өрх, 4597 хүн амтай, 330 мянган толгой малтай юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.