-ХӨВСГӨЛИЙН УТСАН ЗАГАС, УВСЫН ЧАЦАРГАНА, СЭЛЭНГИЙН ЗӨГИЙН БАЛ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙЛАА-
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “UB food & beveraga” хоолны үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төвд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын хоёрны хооронд болох тус үзэсгэлэн худалдаанд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний компани, импортлогчид, зоогийн газар, ресторанууд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олонд танилцуулж байгаа аж. Мөн төрөл бүрийн хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаа, амтат хоол бэлтгэх үнэ төлбөргүй зөвлөгөө зэргийг өгч байлаа. Мөн энэ үеэр “Улаанбаатарын цом 2014” Монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн болсон юм. Тэмцээний эхний өдөр тогооч нар загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийхээс гадна жимс чимэглэлийн зэрэг төрлүүдэд шилгүүдээ шалгаруулсан бол өнөөдөр үхрийн гол болон хонины нурууны махаар өөрсдийн нэрийн хоолоо хийж өрсөлдөх аж.
Монголын тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Ч. Санчир “Монгол туургатны гэх утгаараа Буриад, Алтайн хязгаараас тогооч нар ирж оролцож байна. Киргизээс хүртэл ажиглагчийн хувиар тогооч нар ирсэн. Хамгийн гол нь Монгол туургатны шилдэг тогооч нар ур чадвараараа өрсөлдөхөөр нэгэн дор чуулдаг тус тэмцээнд оролцоно гэдэг өөрөө асар их нэр хүнд. Ийм л нэр хүндтэй тэмцээний шилдгээр шалгарсан тогооч нарыг мастерийн зэрэглэлийн эхний шатны шалгаруулалтаас чөлөөлнө” гэсэн юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Хөвсгөлийн утсан загас, Увсын чацаргана, Сэлэнгийн зөгийн бал эрэлт ихтэй байлаа. Утсан загас хэмжээнээсээ хамаарч таваас 25 мянган төгрөг бол зөгийн бал нэг литр нь 20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэвших бүл” нөхөрлөлийнхөн цэцгийн цэвэр тоосыг худалдаалж байв. Өдөрт хоёроос гурван удаа цайны халбага цэцгийн тоос хэрэглэснээр дархлаа сайжрах, уургийн дутагдлаа нөхөх, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих зэрэг эерэг үр дүнтэй аж. Хамгийн гайхалтай нь иодын агууламжаараа далайн гаралтай бүтээгдэхүүний дараагаар ордог байна. Мөн шарх сорвинд түрхвэл эдгэрэлтийг нь түргэсгэдэг гэнэ. “Соднамнаа” компанийн үйлдвэрлэсэн давсан чийдэн, Хөвсгөлийн “Хөв цаа” бүлгэмийн цаа бугын эврээр хийсэн хутга, хуй, түлхүүрийн оосор олны анхаарлыг татаж байлаа. Албан тасалгаа, гэр орондоо хэрэглэж болохоор тус давсан чийдэн нь цахилгаан хэрэгслүүдээс ялгардаг хүний биед сөрөг нөлөөтэй нэмэх ионыг саармагжуулах буюу хоргүйжүүлдгээрээ давуу гэнэ. “Соднамнаа” компани нунтаг жамц давсыг Солонгос, Японд экспортолдог юм байна. Тэндхийн хэрэглэгчид нь хүнсэндээ хэрэглэхээс гадна усанд орохдоо хэрэглэж, алжаал ядаргаагаа тайлдаг гэнэ. Цаа бугын эврээр хийсэн жижиг тонгорог 15-30 мянга, ясан иштэй, бугын эврэн гэртэй чинжаал 250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.
“Nomaste”, “Green catering”, “Loving Hut”, “Shashlik house”, “Grand lux”, зэрэг ресторанууд хямдралтай үнээр хоолоо борлуулснаас гадна үйлчлүүлэгч нартаа сандал ширээг тусгайлан зассан байсан нь олны талархлыг хүлээж байв.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН