Монголын Залуучуудын Холбооноос жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь удаагийн “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан арваннэгдүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарласан байна. Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн боллоо гэж үздэг.
Нийгмийн амьдралд оролцох оролцоо боломж нь нэмэгдэж хариуцлага үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе хэмээн ирэх сарыг 16 настнуудын сар болгон орон даяар аян өрнүүлж, олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.
Тухайлбал, 16 настнууддаа “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ, “Эрүүл идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа”-нд мэдээлэл сургалт, 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна. Энэхүү аян маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд албан ёсны нээлт нь Багахангай дүүрэгт болох аж.