Ж.Дорждагва, Д.Мажаа нар охин Д.Алтангэрэлийнхээ гэр бүлийнхэнтэй. 1983 он
-Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эрэгтэй уртын дууч Ж.Дорждагва агсны зээ охин Ж.Оюундэлгэртэй ярилцлаа.
-Та өвөөгийнхөө талаар гэгээн сайхан дурсамжаар яриагаа эхлэхгүй юу?
-Бид амралтын өдрөөр өвөө, эмээгийндээ очдог жаахан охидууд байлаа. Бага насанд дурсамж болон үлдсэн зүйл бол өвөөгөө мундаг уртын дууч гэхээсээ илүүтэйгээр маш нямбай хүмүүс байсныг илүү тод санадаг юм. Өвөө, эмээ хоёрын хийж байгаа үйлдэл бүр нь гайхалтай нямбай байдаг байлаа. Тэдний хийсэн буузны гурил, мах нь яг тэнцүү хэмжээтэй. Элдсэн ч, чихсэн ч яг л нэгэн жигд банш, бууз хийнэ.
Түүнээс гадна өвөө маань төмөр, модоор юм хийдэг их гарын дүйтэй хүн байсан юм. Хувцасны шүүгээний бариул унахад хүртэл түүнийг төмрөөр бөгжлөөд хачин гоё бариул хийгээд тавьчихна. Тэр ч бүү хэл хутга ирлэдэг точил дундуураа хагарчихаар тойруулаад төмрөөр бүрчихнэ. Яг л үзэсгэлэнд тавих гэж байгаа юм шиг гоёмсог болгоно гээч.
Өвөөгийн хувцас хунар, гутал хэзээ ч тоостой байдаггүй байсныг санадаг юм.
Хүүхэд байхдаа өвөө, эмээгээ аливаад нямбай байхыг хараад зөвхөн цэвэр цэмцгэр гэдгээр төсөөлдөг байлаа. Хожим том болсон хойноо нямбай байна гэдэг бүх зүйлд өөрийн зүрх сэтгэлээ зориулахын нэр гэдгийг мэдсэн юм. Яг энэ чанараа урлаг, уран бүтээлдээ тусгадаг байсан хүн дээ, бидний өвөө. Тиймээс ч дуулж байгаа дуу нь тийм өндөр түвшний төгс байдаг байсан болов уу.
-Та өвөөдөө хэр эрхэлдэг зээ байв?
-Өвөө биднийг их эрхлүүлдэг байсан. Хэрэглэхээ больчихсон шүдний сойзны ишийг хайлуулаад бидэнд бөгж хийж өгнө. Бид чинь өнгө өнгийн их гоё бөгжтэй л охид явна даа. Ингээд хүүхдүүдэд гайхуулж явтал өнөөхөө тэр дор нь л хугалж орхино. Тэгэхэд өвөө хооронд нь наахын оронд дахиад л хайлуулаад, хэлбэрт оруулж шинэ бөгж хийж өгнө.
Би эмээгээ дагаад усанд явна аа. Хүүхэд л болсон хойно сав нэхнэ. Тэгэхэд өвөө маань чанамалын шилний гадуур бүслүүр, амсрыг нь дагуулаад сэнж хийгээд өгнө. Бүр хоёр, гурваар нь хийгээд өгнө. Би заримыг нь барьж яваад хагалчихна. Өвөөгийнхөө өдөржин сууж байж хийж өгсөн гоё савыг нь хагалчихсандаа гэмшсээр очиход “Өө” гээд л дахиад хийгээд өгнө. Хүүхдэд ийм л хайртай, зөв эрхлүүлдэг хүн байсан юм даа.
-Ж.Дорждагва агсан уртын дууг дөрвөн өөр аялгуугаар дуулдаг байсан гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Манай өвөө ямар ч уртын дууг дөрвөн янзын аялгуугаар мэддэг хүн байсан. Дээр үед уртын дуу нь тухайн үүссэн юм уу эсвэл уламжилж ирсэн газраасаа хамаарч газар нутгийнхаа онцлогийг харуулсан өөр өөр аялгуутай байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, баруун, зүүн, халх, шавь гэсэн дөрвөн аялгууг өвөө бүгдийг нь мэддэг. Тэгээд нэг дууг дуулахдаа энэ хэсэгт нь шавь аялгуу, хоёр дахь хэсэгт нь зүүн аймгийн аялгуу, дараагийн хэсэгт баруун аймгийнх тохиромжтой юм байна гэх мэтээр гоё дуугардаг хэсгүүдийг нь нийлүүлээд дуулчихдаг байсан байгаа юм. Үүнийг Төрийн шагналт Н.Жанцанноров гуай “Ж.Дорждагва гуай шиг дуулах хүн одоо дахин гарахгүй. Яагаад гэвэл тэр хүн нэг дууг гэхэд дөрвөн янзын аялгуугаар буюу өөрийнхөөрөө дуулсан. Тиймээс дараа дараагийн, ялангуяа одоогийн дуучдын чадал үүнд хүрэхгүй л болов уу” хэмээсэн байдаг. Ийм л онцлогтой хүн байлаа, миний өвөө.
-Таны өвөө уртын дууны дэг жаягийг хэд хэдэн хүнээр заалгаж байсан тухайгаа дурссан байдаг юм билээ?
-Өвөө Бөмбөгөр ногоон театр байгуулагдахад дуучнаар орж байсан гэдэг. Ингэхэд мэдээж нутаг нутгийн хүмүүс нэг дор ажиллаж таарна аа даа. Тэгэхэд өвөөгийн багш Дугаржав гэдэг хүн дууны тэмцээн зохион байгуулаад хамгийн сайн дуулсан хүнд нь шавь оруулсан байдаг.
Өвөө урлагийн замд орохдоо дөрвөн багшийн шавь байсан гэдэг. Багадаа анх сурсан аялгуу нь халх буюу боржигон аялгуу. Ийм аялгуугаар театртаа дуулдаг байсан гэсэн. Харин хоёр дахь багш буюу Чавганц багш нь төв халх буюу шавь аялгуугаар дуулдаг хүн байжээ. Тэр хүн ноёны хатан байсан гэдэг. Ноён нь ч хөгжим их гоё дардаг хүн байж. Тэднийг Богд хан ноёдын найрандаа авчирч дуулуулдаг байсан гэнэ лээ. Тиймээс ч шавь аялгуу гэдэг нь Богдын шавь нарын дуулах хэв маягийг тусгасан аялгуу л даа. Учир нь Богд гэдэг хаан хүн учир хамгийн сайн хүмүүсийг дэргэдээ дуулуулдаг, тэр хэрээрээ аялгуу нь хоолойн цар хүрээ илүү шаардсан байдаг гэдэг. Өвөө Чавганц багшаараа гурван жил дууны урлаг заалгасны дараа багш нь “Чавганцын бор авдар хоосорлоо. Чи одоо өөр хүнээс дуу сур. Миний дуунуудыг сурах хүн гарахгүй нь гэж би боддог байлаа. Гэтэл чи бүгдийг нь сурлаа. Би баярлаж байна” гэсэн гэдэг.
Үүний дараа өвөө баруун аймгийн хамгийн сайн дуучин гэгддэг н.Гэлэг, н.Товрон зэрэг хүмүүстэй хоёр, гурван жилээр хамт амьдарч, тогоог нь барьж, уртын дууг сурчээ. Бүр нэг багш нь өвөөгийн төлөө нийслэлд орж ирээд, тусдаа гэр барьж, хоёр жил багшлаад “Одоо боллоо. Чи сурлаа. Би явж малаа маллалаа” гээд явж байсан ч удаа бий гэдэг юм. Хамгийн сүүлийн багш нь ном зааж хамт амьдарч байгаад өнгөрч байсан гэсэн.
-Таны өвөө 200 гаруй уртын дуу мэддэг хүн байсан гэдэг?
-Өвөө гайхалтай ой тогтоолттой хүн байсан тухай хүмүүс ярьдаг юм. 200 дуу гэхээр хүн бүр юухан байхав гэж бодох байх. Гэтэл энэ талаар уртын дууч гавьяат жүжигчин Ц.Түвшинжаргал гуай хэлэхдээ “Одоогийн сайн гэгддэг дуучид 10 дуу л мэддэг. Би бол 10 дуутай л хүн. Түүнээс илүүг цээжлэх хэцүү. Яагаад гэвэл уртын дуу маш олон элементтэй. Тиймээс яг байх ёстой элементээр нь сурна гэдэг маш хүнд” гэж хэлсэн байдаг юм. Ц.Түвшинжаргал гуай бол өвөөгийн хамгийн отгон шавь нь. Өвөө түүнд таван дуу заачихаад “Би чамд насны чинь хоолыг өгчихлөө” гэсэн байдаг. Тэгэхээр нь Ц.Түвшинжаргал гуай “Энэ хүн зөнөж байгаа юм байна. Таван дуугаар амьдарна гэж юу байхав. Би үүнээс ч илүүг сурна” гэж бодсон гэдэг. Өвөөгөөс хойш шавь нь олон дуу сурсан ч ёстой л хоолоо олж идэж байгаа нь таван дуу л байдаг гэсэн. Энэ тухай бидэнд Ц.Түвшинжаргал гуай ярьж байсан юм.
-Өөрөө ч уртын дуу зохиож дуулсан юм билээ?
-Тийм шүү. Өвөө маань 10 гаруй дуу зохиож дуулсан гэдэг.
-Таны өвөө 1935 онд анхны пянзны бичлэг хийлгэж байсан дуучин шүү дээ?
-Өвөө 1935 онд пянз, соронзон хальсанд дуугаа бичүүлснээс гадна бүх дуугаа нотолж байсан хүн дээ. Ингэж хойч үедээ уртын дууг уламжлан аваачих үнэт өвийг бэлдсэн. Ер нь бол өвөө маань монгол уртын дууг аварч үлдэхийн төлөө тэнгэрээс бууж ирсэн хүн юм. Яагаад гэвэл социалист нийгмийн үед уртын дууг их дардаг байсан. Тэр үед өвөө өөр ажил хийгээд явчихсан бол өдгөө уртын дуу байхгүй байсан гэж би боддог.
-Шашны гүн ухааны дуу дуулдаг байсан гэдэг. Энэ нь арван хэдхэн насандаа лам байсантай нь холбоотой юу?
-Шашны ном гэдэг бурхны магтаал байдаг. Хүүхдүүд бидний гаргасан хоёр дахь CD нь дан бурхны дуу байгаа. Бидний ойлгож, судалж байгаагаар шашны гүн ухааны эдгээр дуу нь тухайн үед устах аюултай байсан байгаа юм. Хэдийгээр өвөөгийн дуулсан шашны дуу нь радиогийн алтан фондод байдаг ч хэзээ ч нийтэд тавьж сонсгодоггүй байсан гэдэг. Ноён нутагт Данзанравжаа гуайн зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулахаар буян хураадаг гэдэг шиг өвөөгийн дуулсан дуунууд ч тийм шидтэй байсан гэж ойлгодог.
-Тухайн үед нийгмийн ороо бусгаа цаг байсан шүү дээ. Пянзанд дуугаа бичүүлнэ гэдэг лам байсан хүний хувьд нэлээд бэрхшээл байсан болов уу?
-Өвөө пянзанд дуугаа бичүүлэхээр Зөвлөлтийг зорьсон анхны монгол дуучин. Мэдээж тухайн үед Х.Чойбалсан гуайгаас зөвшөөрөл авч байж явна таарна. Ингээд өрөөнд нь орсон чинь Х.Чойбалсан гуай “Чи чинь ийм монгол гуталтай явах гэж байгаа юм уу” гэхэд нь өвөө “Би байгаагаа л өмссөн шүү дээ” гэж. Тэгэхэд Х.Чойбалсан гуай “Чи эх орноо төлөөлж явах гэж байгаа урлагийн хүн. Ийм гуталтай явж болохгүй. Миний гутлыг өмсөөд яв” гээд өөрийнхөө гутлыг тайлж өгсөн гэдэг. Улсын соёлыг төлөөлж яваа учир төрийн тэргүүн нэр хүндээ бодсон нь энэ байсан юм.
Нөгөө талаас өвөө маань 1936 онд гавьяат дуучин цол хүртсэн. Түүнээс дээш цол аваагүй хүн. Өвөөд маань ардын жүжигчин, түүнээс ч дээш цол хүртэх хангалттай авьяас байсан. Гэхдээ лам байсан учир тийм цол хүртэж чадаагүй юм. Харин ч их хэлмэгдүүлэлтийн үеэр яаж амьд үлдсэн юм бол доо гэх хүмүүс байдаг. Өвөөгийн амийг Х.Чойбалсан гуай аварч гарсан гэж өвөө хэлдэг байсан гэдэг. Х.Чойбалсан гуай “Пянзанд дуугаа сайн бичүүлээрэй” гэж захисан байдаг. Монголын хамгийн сайн дуучин байсан учир өвөөгийн маань амийг авч үлдсэн байгаа юм.
Сүүлд Ю.Цэдэнбал гуай өвөөтэй нэг хүлээн авалтын үеэр таарчихаад “Та чинь лам байсан гэл үү” гэж асууж байсан гэдэг. Тэгэхэд нь “Тийм ээ. Тухайн үеийн сэхээтэн хүн гэдэг лам нар л байсан шүү дээ” гэсэн байгаа юм. Үнэхээр тэр үед бүх л шинжлэх ухаан шашныг дагаж явдаг байсан цаг шүү дээ. Энэ мэтчилэн өвөө маань лам байсан гэдэг утгаараа их дарагдаж амьдарч байсан даа.
-Танай өвөө Сталины өмнө уртын дуу дуулж зогссон хүн гэж дуулсан…
-Сталинд Монголын урлагийг танилцуулж байсан хүн нь манай өвөө. Өвөөг дуулахад Сталин их гайхаж хүлээж авсан гэсэн. Сталинг гайхшруулж, уртын дуунд байдаг уяраах шидийг нь ашиглах гэж өвөөг маань явуулсан ч байж болох юм.
Ер нь тухайн үед Орос улсаас хөгжим, техник хэрэгсэл авах гэх мэт соёлыг хөгжүүлэх талаар дэмжлэг авах гэхээр Монголын урлаг гэж юу байдгийг мэдэхгүй учир огт дэмждэггүй байсан гэдэг. Тиймээс өвөөгийн бичлэгийг аваачиж, сонсуулахад “Ийм мундаг соёлтой ард түмэн юм бол бид туслалгүй яахав” гээд тусалж байсан гэдэг яриа ч байдаг юм.
Бас нэг урлаг судлаач англи эр өвөөгийн дуулахыг сонсоод “Энэ хүн дуулаачийн гурван сургууль төгссөн хүн үү” гэж асууж байсан гэсэн. Тэгснээ “Манайд бол гурван сургууль төгссөн хүн л яг ингэж дуулж чадна” гэсэн гэдэг. Нэг ёсондоо өвөө маань тенор, баритон, басс баритон хоолойгоор дуулдаг. Англид бол хоолой тус бүртээ сургууль төгсөх учиртай юм байна л даа.
Дэлхийн театрын нэвтэрхий тольд Монголоос хоёр хүн байдаг гэсэн. Түүний нэг нь манай өвөө гэдэг юм. Би энэ талаар судалгаа хийж байгаа. Нөгөө хүн нь ямар хүн юм гэх мэтээр нарийвчилсан мэдээг нь хараахан олоогүй байна.
-Бидний үеийнхэн бол уртын дууг Н.Норовбанзад гуайн дуулснаар л төсөөлдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Н.Норовбанзад агсан бол өвөөгийн тань гарын шавь. Ер нь өвөөгийн тань гэрээр алдартай дуучид их орж гарна биз?
-Н.Норовбанзад гуай багшдаа их хайртай хүн байсан. Багшийгаа яаж хүндлэхийг мэддэг мундаг хүн байлаа. Гадаад яваад ирэх болгондоо өвөөд бэлэгтэй ирдэг хүн байсан. Бүр нас барахынх нь өмнөхөн орж ирсэн хүн бол Н.Норовбанзад гуай. Шавиа ирээд удаагүй байтал өвөө өнгөрсөн. Тэр үед Н.Норовбанзад гуай “Намайг таньсан болов уу. Таньсан болов уу” л гээд байсныг би санадаг юм. Ямартаа ч багшийгаа амьд байхад нь ирж уулзаж чадлаа гээд нулимс дүүрэн нүдээр харж байсан нь тодхон санагдаж байна.
Н.Норовбанзад гуай нэг ярилцлагадаа “Монголын найрын дууг тайзны урлаг болгож хөгжүүлсэн хүн бол миний багш” гэж хэлсэн удаатай.
-Таны өвөө нийтийн дуу ч бас зохиож байжээ?
-Үүний энгийн жишээ нь бидний мэддэг “Соёл эрдэнэ” дуу шүү дээ. Тухайн үеийн дуучид “Соёл эрдэнэ” дууг дуулж чадаж байвал өөрсдийгөө дуучин боллоо гэж боддог байсан байгаа юм. Өвөө өөрөө асар өндөр хэмжээнд дуу дуулдаг болохоор зохиосон дуу нь ч дуучныхаа хоолойг шалгасан уран бүтээл байсан гэж ярих олон хүнтэй таардаг. “Соёл эрдэнэ”-ээс гадна Шараа голын гурван хаан жүжгийн “Бүүвэйн дуу”, “Найрын дуу” зэрэг олон дуу зохиосон. Түүнээс гадна өвөө маань анхны найрал дууны хоормейстер хүн шүү дээ. Тийм болохоор найрал дуунд зориулж ч олон дуу хийсэн.
-Таны эмээ мөн урлагийн хүн байсан гэл үү?
-Эмээ маань Бөмбөгөр ногоон театрын анхны 10 бүжигчний нэг байсан юм. Д.Мажаа гэх эмээ маань хүрээний сайхан хүүхний нэг байсан гэдэг. Бүр хэзээ хойно хөгширсөн үед нь ч гэсэн зөрж өнгөрсөн хүмүүс эргэж хардаг байсан гэсэн. Ер нь өвөө, эмээ хоёрыг хувцаслаад гарахад хүн бүр эргэж хардаг байв. Би өвөө, эмээтэйгээ хамт явахаар их баярлана. Яагаад гэвэл хүн болгон эргэж хараад байхаар өөрийгөө л бодоод онгирч байгаа нь тэр.
-Ж.Дорждагва агсан хэдэн хүүхэдтэй вэ?
-Хүү, охин хоёртой.
-Өвөөгийнхөө урлагийн авьяасыг өвлөж үлдсэн хүн бий юу?
-Өвөөгийн нэг ач хүү нь ОХУ-д найрал дууны хоормейстер мэргэжлээр төгссөн. Түүнээс өөр урлагийн хүн байхгүй.
-Өвөөгийн тань мэндэлсэний 110 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар томоохон ажлуудыг хийж байна вэ?
-Өвөөгийн төрсөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн хийдийн орчимд уртын дууны цогцолбор барьж байна. Онгийн хийд бол өвөөгийн анх шавилж байсан хийд юм л даа. Мөн Дундговь аймгийн хүүхдийн театрыг өвөөгийн нэрэмжит болголоо. Үүний эхлэл болгож яруу найргийн “Яргуй” наадмыг Ж.Дорждагвын нэрэмжит болгож явууллаа.
Түүнчлэн ойг тохиолдуулан хийж буй өөр нэг том ажил бол өвөөгийн намтар түүхийг өгүүлсэн “Талын их дуучин” баримтат кино юм. Уг кино ирэх бүтэн сайн өдөр NTV телевизээр гарна. Уг киног хийх санаачилгыг анх Монгол соёлын “Таван нүд сан”-гийн тэргүүн Д.Миеэгомбо гаргасан юм. Уг кино уран бүтээл дөрвөн жилийн турш үргэлжилж, 40-50 орчим сая төгрөг орсон. Хөрөнгийг бүрдүүлэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, АПУ компани, Шунхлай групп дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн киног бүтээхэд Төрийн шагналт Н.Жанцанноров гуай, уран бүтээлч М.Уламбадрах, Ч.Жамъянсүрэн нарын олон хүмүүсийн нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлмээр байна.
Т.ГЭРЭЛМАА