Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулж тоглож байгааг зогсоох хэрэгтэй байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Нийслэлийн II дунд сургуулийн сурагч 12 настай Х гэх хүү амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр сургуулийнхаа хашаанд модноос өөрийгөө боож амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байгаа. Мөн ангийнх нь хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулан тоглож байгаад хүү амиа алдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хэргийг Сүхбаатар дүүр­гийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шинжээч нарын гаргасан урьдчилсан дүгнэлтээр хүү өөрийгөө боож амиа егүүтгэсэн бололтой. Хэрэг мөрдөн байцаалтын ажил­лагаа хийгдэж байгаа гэнэ.

Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээллэл гарснаас эхлэн олон эцэг, эх манай сонины редакци руу утас цохиж “Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулж тоглох нь хэрээс хэтрээд байна. Дунд сургуулийн багш ажилчид хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаад огт анхаарахгүй байна. Үүнээс болж ухаан алдсан хүүхэд зүрхний хэм алдагдаж амиа алдах тохиолдол гарч байсан” гэх мэдээллийг өгсөн юм. Эхний холбогдсон эмэгтэйн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны 105 дугаар дунд сургуульд сурдаг гэнэ. Хүүхэд нь тавдугаар ангид сурдаг аж. Тэрбээр “Манай хүүхэд ангийнхаа хөвгүүдтэй нийлж байгаад бие биенийгээ ухаан алдуулж тоглоод байгаа юм. Амьсгааг нь түгжүүлж байгаад хоолойг нь хоёр гарныхаа алганы ирмэгээр хүчтэй хурдан татахаар ухаан алдаад унадаг гэнэ. Ухаан алдаад унахаар нь бусад нь шоолж инээгээд алгадаж сэрээдэг гэж ярьж байна. Намайг бага байхад ангийн хөвгүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог байсан. Одоо хүртэл хүүхдүүд нэгнийхээ аминд хүрч, гэмт хэрэгтэн болж мэдэх тоглоомоор тоглоод л байна. Хүүхдээ сургууль дээрээ нэгнийгээ ухаан алдуулж тоглодог гэдгийг саяхан мэдсэн. Хажуу айлын найзыгаа гэртээ оруулж ирээд ухаан алдуулаад, нөгөө хүүхэд нь ухаан орохгүй сандаргасан юм. Үүнийг анхаарч Ерөнхий боловсролын сургуулийн захи­рал нэгнийгээ ухаан алдуулж тоглохыг хориглох тогтоол гаргах хэрэгтэй байна” гэв. Нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаа талаар нэгэн сурагч бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай ангийн­хан өдөр болгон л нэгнийгээ ухаан алдуулж тоглодог. Сая нэг найзыгаа сургуулийн кор­диорт ухаан алдуулж тоглож бай­тал ангийн багш явж таараад загнуулсан. Манай ангийн охид ч нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаа. Олон удаа ойр ойрхон ухаан алдахаар толгой өвдөөд байдаг юм билээ” хэмээн ярьсан юм.

77, 44, 111, хоёрдугаар сургууль гээд нийслэл хотын ерөнхий боловсролын олон сургуулийн эцэг, эхчүүд бидэнд хандсан юм. Хүүхдүүд бие биенийгээ хэд хэдэн аргаар ухаан алдуулдаг юм байна. Амьсгааг нь гаргаж байгаад аймхай дээр нь дарах, гүрээний судсыг нь дарж ухаан алдуулах зэргээр тоглодог гэнэ. Сурагчид нэгнийгээ ээлж дараалан ухаан алдуулж унаган газар уначихаад татганахаар шоолж инээж хөгжилддөг аж. Ингэж хэрээс хэтэрсэн тоглоомоор хүүхдүүд тоглож байгаад нэгнийхээ аминд хүрч байсан гашуун түүх өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Цагдаа нарын хэлж буйгаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь эрсдэлтэй гэнэ. Ухаан алдсан хүүхэд амьсгалын дутагдалд орж амиа алдах магадлал өндөр байдаг аж. Хэрэв ухаан алдсан хүүхэд амиа алдвал эрүүгийн хуулийн дагуу бусдыг санаатайгаар хөнөөсөн гэх зүйл ангиар шийтгэдэг гэдгийг онцолж байлаа.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулах тоглоомоор тоглож байна. Тэд найзынхаа аминд хүрэх, цаашлаад өөрөө гэмт хэрэгтэн болох ийм л эрсдэлтэй тоглоо­моор өдөр бүр тоглох ажээ. Үүнийг сургуулийн захиргаа, багш, ажилчдаас эхлээд анхаарах, ингэж тоглож байгаа хүүхдүүдийн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *